/Гоодаль сэтгүүлийн 78 дугаарт нийтэлсэн Ламмермүүрийн Лучиа дуурийн тухай сурвалжлага/
*-Бель-сайхан, канто-дуулах буюу бельканто нь сайхан дуулах урлаг гэсэн итали үг.
Тавин гурван жилийн түүхтэй ягаан байшинд маань Волтер Скоттын “Ламмермүүрийн бэр” түүхэн романаас /1819 он/ сэдэвлэн туурвисан италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн “Ламмермүүрийн Лучиа” дуурь мэндлэв. ДБЭТ сүүлийн гурван жилийн дотор хэд хэдэн бүтээлээ шинэчлэн тавьсан /2013 онд “Кармен”, 2014 онд “Хөхөө Намжил”, 2015 онд “Травиата”/ ч шинээр мэндэлж буй дуурийн хувьд хамгийн сүүлд 2011 онд “Аида” дуурь л тавигдсан байсан юм.
Зохиолын үйл явдал XVII зууны Шотландын зүүн өмнөд нутагт орших Ламмермуир толгодын орчимд өрнөнө. Залуу эмэгтэй Лучиа /романдаа Люси Эштон/, тэдний гэр бүлийн дайсан Эдгар Ровенсвүүд нарын хайр дурлалын шаналан, гэр бүлийнхнийхээ албан шахалтаар сэтгэлгүй эр Артуротой гэрлэсэн Лучиа нөхрийнхөө амийг бүрэлгэж, улмаар өөрийн амийг егүүтгэсэнд түүний хайртай залуу Эдгардо ч мөн амиа хорлож буй тухай эмгэнэлт үйл явдал гарна. Уг дуурь Лучиа /колоратура-сопран/, Лучиагийн ах Ламмермүүрийн лорд Энрико Эштор /баритон/, Ровенсвүүдийн ноён Эдгардо /тенор/, Лучиагийн сүйт залуу Лорд Артуро Баклоу /тенор/ гэх мэт гол дүр, Лучиагийн зарц Алиса /меццо-сопран/, Салвенийн сүмийн лам Раймондо Байдебент /Басс/, анчин залуу Норманно /тенор/ зэрэг туслах дүрүүдтэй.
Доницетти дууриа 1835 онд бичсэн бөгөөд үүний өмнөхөн алдарт Ж.Россини зодог тайлж, харин уг дуурийн нээлтийн өмнөхөн В.Беллини мөнх бусыг үзүүлээд байв. Тухайн үедээ дуурь амжилтыг дагуулсан нь уг бүтээлийн чансаанаас гадна, ерөөс италичууд шотландын түүх соёлыг сонирхох болсонтой холбоотой гэнэ. Скоттын эл романаас сэдэвлэсэн хэд хэдэн хөгжмийн бүтээл гарчээ. Зохиолын агуулга ойлгож цөхөх зүйлгүй тул ингэсгээд орхиё. Хөгжим талаасаа бельканто дуулалтын суурийг тавьж, каденцаас /гоцлоочийн хэсэг/ бусад хэсэг нь яв цав бичигдсэн байх агаад гагц каденц дээр л жинхэнэ өөрийн доторхыг гаргах ёстой байв. Удиртгал хөгжим богино, тэр чигээрээ дуурийг бэлгэдсэн түгшүүртэй, дуурийн төгсгөлд байх найрал дуу дуулах пунктерный ритм ч бас энд эгшиглэснээр дуурийг нэгэн бүхэл болгож өгчээ. Чухамдаа үзэгчийн анхаарлыг барьж байхад оркестрын темп, дуулаачдын чадвар зэрэг нь нөлөөлнө. Ерөөс уран аялгуунуудыг зүйж цуглуулсан гэмээр. Гэхдээ бүрэлдүүл хэсгүүдийг тус тусад нь сонссон ч тогтоогдохуйц.
Зохиол, дуурь хоёрын ялгааны талаар тус дуурийг БНСУ-аас ирж найруулсан Ан Ху Вон “Скотт романаа бодит явдлаас сэдэвлэн бичсэн. Сүйт бүсгүй хайргүй залуутайгаа гэрлэсэн шөнөө түүнийг бүрэлгэсэн нь ч бодит. Зохиол дээрээ ээж нь охиноо хүчээр тэр залууд эхнэр болгон өгдөг бол хөгжмийн зохиолчийн зүгээс дуурь дээр охины ах ээжийнх нь дүрийг орлож байгаагаар өөрчилсөн нь илүү хүчирхэг болгох зорилготой байсан болов уу” хэмээн үгүүлэв.
Гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурийн үйл явдал XVII зуунд өрнөж буйг дээр дурдсан. Гэхдээ дуурийг үзэх үед танд “Цаг үе энд хэр чухал нөлөөтэй вэ?” гэж бодогдоно. Сайх дуурийн сэдэв нь эрх мэдэл, хайр, үхэл гэсэн мөнхийн чанартай боловч XXI зуунд Монголд уг дуурийг тавьж буйн хувьд цаг хугацааг харуулахдаа юуг чухалчилсан талаар найруулагч “Энрико илүү хүчирхэгжихийг хүсэхдээ дүүгээ албадан гэрлүүлж байна. Иймэрхүү явдал өнөө үед ч бидний амьдралд арай өөр хэлбэрээр оршсоор буй. Сонгодог бүтээл, жүжиг, дуунд бид яагаад дурласаар байдаг юм бэ? Учир нь, үгүүлж буй агуулга нь одоог хүртэл бидний дунд оршин байгаатай холбоотой. Гэхдээ ахынхаа эсрэг үзүүлж буй Лучиагийн их эсэргүүцэл тухайн цаг үед ховор байсан байх, тиймээс найруулагчийн хувьд дүүгийн эсэргүүцлийг тодотгохын зэрэгцээ ахынх нь дүүгээ гэсэн сэтгэл байгаа учраас түүний сүрийг ч мөн тодруулан харуулахыг хичээсэн. Миний бодож ажилласан бас нэг зүйл бол муу дүрийг муу, сайныг нь сайн гэхгүй бүгд л хүн юм гэдэг үүднээс харуулсан” гэв.
Театрт драматург гэж сайхан зүйл бий. Театрыг юу театр болгож байдаг талаар найруулагчаас асуухад “Бид үзэгчдийн төлөө энд байгаа юм. Дуу хоолой, хөдөлгөөн гээд бүхий л зүйлээрээ бид үзэгчдэд таашаал өгч байх ёстой. Ялангуяа балетчид, дуучид зэрэг шууд үзэгчидтэй холбогдож байдаг уран бүтээлчид үүнийг бий болгож байдаг. Тэд таашаал өгөх хэмжээнд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Тайзны хүмүүс аюулгүй тайзыг бүрдүүлж, гэрлийн мэргэжилтнүүд бүтээлийг тодотгон амьдруулж, харин удирдаач, найруулагч нар бараа бүтээгдэхүүнээр бол маш сайхан хайрцаглаж өгнө. Ингээд захиргааны ажилчид эдгээр уран бүтээлчдийг сайн тоглуулахын тулд сайн дэмжих учиртай. Ингэхээр театр бол үзэгчдийн төлөөх нэгж юм” гэсэн бол дуурийн удирдаач МУГЗ Ж.Бүрэнбэх “Цомнол өөрөө драматургтай байвал дуурь тийм байна. Энэ нь дууриас бусад жанрын хөгжмийн бүтээлүүдэд ч харагдана. Шекспирийн том жүжгүүд тийм. Нэг монгол хүн “Урлагийн сүр хүч нь хөгжимдөө байдаг юм” гэсэн нь ч үнэний ортой. Хөгжим, дуулаач, тайз, зураг, яруу найраг, бүжиг гээд урлагийн нэгдэл болдог учраас дуурь амархан бүтдэг зүйл биш юм” хэмээлээ.
Ерөөс Доницетти маш богино хугацаанд дуурь бичдэг байжээ. Түүнчлэн Лучиагийн хувьд белькантог, цэвэр итали дэгээр дуулах учиртай дуурь юм. Сэтгэлгээний хувьд монголчуудад ялгаа гарсан эсэхийг сонирхоход найруулагч “Урлагийг хэн хийснээс шалтгаалаад ялгаанууд гардаг. Нэг дууг 100 хүн 100 өөр сэтгэлгээ, ураар дуулна. Тэгэхээр монголчууд ч өөрийн онцлогоор дуулна. Монгол дуучдын цараа өргөн. Уг нь Европт сопранууд зөвхөн өөрийн хоолойн дууриа, колоратур сопранууд зөвхөн зориулагдсан дүрүүддээ тоглодог бол Монголд дуучид цөөн учраас нэг дуучин олон дүрд орж тоглож байна” хэмээхэд удирдаач “Ер нь олон улсын дуурийн театруудын туршлага, дуулаачийн сургалтууд эртний сонгодгуудаар дамжаад сүүл үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцсан байдаг юм. Харин манай дуурийн театр, СУИС, ХБК-ийн дуулаачийн сургалтын хувьд 50 гаруйхан жилийн хөгжлөө анхнаас нь Вердийн “Отелло”, Пуччинийн “Чио Чио сан”, “Турандот” гэх мэт том зохиолчдын бүтээлээс эхэлчихсэн байгаа юм. Уг нь бид арай түрүү үеийн хөгжмүүдээс эхлэх байсан ч “Лучше позно чем никогда” гэдэг шүү дээ. Доницеттийн энэ дуурьтай танилцсанаар бид өөр олон сонин хөгжмийг мэдэж авах боломжтой. Яагаад гэвэл, дуурийн анхдагчууд бол Монтеверди, Пёрселл хөгжмийн зохиолчид байдаг. Үүний дараа Глюк, Хандель, Моцарт гээд ахиад л италийн дуурийн хөгжмийн зохиолчид залгадаг бөгөөд тэдний нэг нь Доницетти юм. Түүнчлэн дуурь нь белькантог гаргаж ирснээрээ италийн урлагт томоохон нөлөө үзүүлсэн нь тодорхой. Удирдаачийн хувьд ярихад, бид хойноос нь хөөж танилцсаны хувиар Верди, Россини нар Доницеттигээс үлгэр авсаныг ухаарч байна. Гайхамшигтай дуулах тэр техникийг яагаа ч үгүй эрт ингэж гаргаж ирсэн нь тухайн үеийн дуучдын чадвартай шууд холбоотой тухай би уншиж байлаа. Лучиагийн том каденцуудыг галзуурам гэж би хэлнэ. Барагтай хүн дуулахгүй шүү! Сайн дуучин байгаад л тухайн үед ийм чансаатай дуурь зохиосон байж таарна. Үйл явдлын хувьд ч тэр аймаар. Олон ч хүний цус урсаж байгаа. Энд бусад хөгжмийн зохиолчдод байдаг гармони /дуурьсал/, аккорд /хам эгшиг/ дуугардаг мөртлөө түүний тачигнасан, айхавтар хам эгшиг байхгүй, маш энгийн хөгжмийн хэлтэй. Нэгдүгээр үзэгдэл дээр бий…” гээд гурван ном партитураасаа нэгийг нь аваад харуулав.
“Ай ямар гунигтай өдөр вэ
Асгарах нулимс нүд бүрхэнэ
Эргэн тойрныг удтал нэгжсэний эцэст бид хуучны цамхагт түр амарлаа
Эгээ л шавар царайт чимээгүй гараад ирлээ
Хэн болохыг нь мэдэж амжаагүй”.
Энрикогийн энэ хэсэг дээр тэгтэл аялгуу нь маш уянгын байх жишээтэй. Сэдвийн драматургийг хөгжимтэй нь зэрэгцүүлэхдээ айхавтар хөгжмөөр илэрхийлээгүй нь хожмын зохиолчдын бүтээлүүдэд төдий л харагддаггүй” гээд агуулга, формын талаас “Лучиагийн аринууд “Тоска”, “Чио Чио сан”, “Игорь ван”-гийн ари шиг алдаршаагүй. Ерөөсөө Лучиад маш олон каденцууд бичсэн болохоор түүгээрээ чадал заасан” хэмээн үгүүлсэн. Түүний ярьснаас үзвэл сопран нь дотроо шингэн, өтгөн, өргөн цараатай, бага цараатай гэж буйн дээр яг тохирсон хоолойг олж дуулна гэдэг аль ч дуурьт бэрх аж.
Улс төрийн эрх мэдлийн зохиос нь ард иргэд бөгөөд хоёр гэр бүлийн өс хонзонгийн гол золиос бол Лучиа Эдгардо хоёр, тэдний хайр сэтгэл, амь нас. Дүр талаасаа Лучиа олон эрчүүдийн дунд шахагдан, эцэстээ үхэж байна. Ер нь түүний л тухай дуурь байсан болохоор феминизмийг сурталчлаад байна уу гэсэн хардалт надад төрөв. Лучиаг дууриас маш ихээр анзаарах нь тодорхой ч бусад басс, баритон, тенор хоолойт дүрүүдийн тусламжтайгаар дуурь бүтэн бүрдэл болж буйг бид мартаж болохгүй. Бүрэнбэх удирдаач “Лучиа, Энрико хоёрын аринууд хамгийн их хувийг эзэлсэн ч бусад дүрийг жижиг гэж орхиогүй” хэмээв.
Үзэгчид, сонсогчид дуурийг янз бүрийн байдлаар таашаана. Ламмермүүрийн Лучиа дууриас дийлэнх нь Лучиагийн дүрийг бишрэн шүтэх бол зарим нь сүрлэг найрал дуу, заримд нь бусад дүр, эсвэл тайз засалт, хувцас гэх мэт харилцан адилгүй зүйлс таалагдана. Найруулагч хүн дуурийг бүхлээр нь харж байдгийн хувьд юуг нь тод эсвэл бүдэг харахаа мэднэ. Ямар зарчмаар дууриа базаж зангидсаныг сонирхоход “Aria della Piazza хэмээх алдартай хэсэг “Тав дахь элемент” кинон дээр гардгийг үзэгчид санаж байгаа байх. Бүх хэсгийг сонирхолтойгоор харуулах нь найруулагчийн чадвар. Энэ дуурьт найрал дуучдыг эгнээгээр тайзнаа гаргасан нь үзэгдэх байдлын хувьд хүчирхэг ч эрх мэдэлтэй хүмүүсийн оршин тогтнохуйн тулд ард иргэд модон хүүхэлдэй мэт хүчин мөхөс байдгийг харуулахыг хичээсэн бөгөөд дүрүүдийн мөн чанарыг тус бүрчлэн авч үзэж, мөн аль болох хөдөлгөөнтэй байлгахаар ажилласан. Арван жилийн өмнө Өмнөд Солонгост тус дуурийн найруулагчаар ажиллахдаа Лучиагийн хий үзэгдэл үзэж буй мэт хэсэг дээр сүнснүүдийн дуурийг оруулснаа Улаанбаатарт мөн давтсан” хэмээв.
Дуурийн хамгийн алдартай тус арид хий юм сонсогдож буйг Лучиа флейт /лимбэ/ хоёрын хоршлоор дуулах, хөгжимдөхийн сайхныг гайхуулна. МУГЖ Ө.Уянга өөрийгөө хэрхэн бэлдсэн талаар ийн үгүүлэв. “Энэ үзэгдэл дээр Лучиагийн ухаан санаа элий балай болж, гартаа хутга барин гарч ирдэг. Яг тэр хэсгийг лимбэтэйгээ маш их сургуулилах нь чухал байсан. Учир нь, дуучид дураараа дуулаад хөгжмийн хэмнэлээсээ урагш хойш болдог талтай. Ари дээр эмэгтэй хоолойны хамгийн дээд өнгөд бичигдсэн учраас тэр нь биднийг шалгаж байдаг даа. Би жаахан хараа муутай болохоор үзэгчдийг сайн хардаггүй. Харагдахгүй байх нь ч амар гэж би боддог. Дууриас нэг цагийн өмнө будаг шунхаа түрхээд хувцсаа өмсөж бэлэн болчихоод дүрийнхээ талаар бодоод тайзны хажууд байж байдаг. Хөгжмөө сонсоод уур амьсгалдаа орно. Нөгөөтээгүүр, монгол хүмүүс бага зэрэг хэнэггүй юм шиг байгаа юм. Тэр зан нь том тайзан дээр гарах, том жүжигт тоглох, том дүр бүтээхэд хэрэг болдог. Амьдрал дээр биш л дээ. Тэгэхээр би “сандарсан ч гараад дуулна, сандраагүй ч гараад дуулах юм чинь сандраад яах юм бэ” гэж өөртөө хэлдэг. Орчноосоо тасарчихдаг гэж хэлж болно доо” .
Италид ажиллаж амьдардаг У.Уранцэцэг дуурийн нээлтэд ДБЭТ-ын тайзнаа уг дүрийн ариг анх дуулсан бөгөөд түүний дуулалт, жүжиглэлтэд шаналал зовлон нь дотроо, эмзэг уян байсан бол Уянгын бүтээсэн Лучиа гадагшаа, сэтгэл хөдлөл нь их, хөдөлгөөнүүд нь том байсан гэх зэрэг ялгаа ажиглагдав. Тэдний хэн хэн нь чин сэтгэлээсээ дуулж, бид ч бүтээлд тэр чигээрээ автахад хүрсэн юм. Aria della Piazza-гийн хий юм үздэг хэсэгт зохиолч хүртэл өөр дотроо алдуурч эргэлзэхэд хүргэснийг харуулж буй ч баяр баясалтай, уран яруу хөгжим сонстож байдаг нь сюрреал шинжийн тодорхой тэмдэг. Энэ бол уншигч, үзэгчийг татдаг гайхалтай шинж чанаруудын нэг билээ.
Дуучид дуурийг дагуулах боловч энэ бол дураараа дуулах урлаг биш. Тодруулбал, сайх дуурийн олон улсад тавигдсан бичлэг сэлтээс үзвэл дуучид өөрсдийн каденц хэсгийг хөгжүүлэх, өөрчлөх, нэмэх эсвэл танах жишиг тогтсон авч энэ нь хэмжээнээсээ хэт удаан барих, олон дахин унжлага хийх тухай биш юм. Харин олон дуурийг харьцуулж сонсоод Энрикогийн дүрд дуулсан МУГЖ Э.Амартүвшингийнх шиг өтгөн тослог өнгийг олж сонсоогүй тул “монголчууд бид түүний тоглолтыг дуртай цагтаа үзэх хувьтай хүмүүс юм” гэсэн бахтай бодол төрснийг онцолъё.
Лучиагийн сэтгэл санааны байдал, аз жаргалтай гуниг зовлонтой олон талыг харуулсан. Чухам тэдгээр талуудаас аль нь Уянгын хувь чанартай илүү дөхөм бол? “Хувь чанартай минь тохирох хэсэг бараг байдаггүй юм. Жүжигчин хүн аливаа юмыг өөр дээрээ хурдан тусгаж авах чадвартай байх ёстой гэж боддог. Тухайн бүтээлдээ хөрвөн орж, өөрийгөө бэлдэх үедээ жүжигчин хүн ихээхэн өтөлж, хөгширч байдаг болов уу. Ердөө гурван цаг жүжиглэхийн төлөө л энэ бүхнийг хийнэ гэсэн үг. Харин тоглолтынхоо дараа маш их ядарснаа мэдэрнэ. Лучиагийн дуулалт нь гоё мөртлөө жүжиглэлтийн ихэнх нь хар бараан шүү. Анхны тавилт дээр дүрдээ ороод ирэхэд үнэхээр л галзуурмаар болсон. Ингээд ирэхээр жүжигчин хүн яваандаа хүний амьдралыг амархан тусгаад дадчихдаг юм болов уу гэж бодож байна. Амьдрал дээр бүх зүйлийн давс хужрыг тааруулах нь хэцүү байдагтай дуурь яг адил. Дүрдээ орсон эсэхийг үзэгч хүн хараад л шууд мэддэг шүү дээ”.
Төгсгөл нь ямар байх вэ гэдэгт зохиолын гол утга оршдог. Аз жаргалгүй төгсгөлтэй зохиолын үндсэн зорилго нь гайхалтай сайхан. Гэтэл дуурийн төгсгөлд нас барсан Лучиа /нүүрээ цагаанаар будаж мөнх бусыг үзүүлснийг илэрхийлж/ ахин гарч ирж буй нь үзэгчдийг шаналгаж, бодуулж, төсөөлөлтэй нь цуг үлдээх биш, харин ч бэлэн будаа өгч буй мэт ухагдахуун болчихжээ. Үзэгч хүн өөрөө төсөөлж, түүгээр тэжээгдэх эрхтэй. Энэ талаар найруулагч “Төгсгөл үзэгчийн төсөөлөлд үлдэх учиртай. Энэ бол гарцаагүй дуурьт байх ёстой дүрэм мөн. Төгсгөлд ийм зүйл оруулсан нь цэвэр найруулагч миний өнцөг гэж ойлгож болно. Би өөрөө маш хожуу гэрлэсэн хүн л дээ. Солонгосын Үндэсний дуурийн театрт энэхүү дуурийг анх тавихын өмнөхөн би гэрлэлтээ батлуулаад маш аз жаргалтай байлаа. Тийм болохоор би дуурийг найруулахдаа хэдийгээр бүтээл эмгэнэлтэйгээр төгсөж байгаа ч мөнхийн хайр нь тэнгэрт ч тэднийг учруулаасай гэж бэлгэдсэн юм. Үүнийгээ ч би дуурийн хамт олондоо тодорхой илэрхийлж, хүссэн. Ингээд би найруулагчийн үзэл санаагаа тусгахдаа нас барчихсан Лучиа Эдгардотой тэнгэрт уулзаж байгаа хэсгийг Улаанбаатарт тавьсан дуурьтаа дахин тусгасан. Хоёрт, дууриас би үзэгчдийг аз жаргалтай гараад, ахин ирээсэй гэж хүссэнийх юм аа” хэмээлээ.
II дайнаас хойш Лучиагийн дүрд дуулсан алдарт Мариа Каллас /1952 онд Ла Скала, 1954 онд Берлинд/, Жоан Суферланд /1959 онд Роял дуурийн театрт/, Беверли Силлс тэргүүт дуучид дуурийн хорхойтнуудын сэтгэлд нэгэнт мартагдахааргүй тод үлдсэн.
Белькантогийн талаар удирдаач Бүрэнбэх “Дуулахуйн урлаг дууриа дагаж гарсан учраас дэлхий үүнийг Италиас сурахаас аргагүй. Айргийг Монголоос өөр газар хаана уух юм бэ? Гадныхан хийж чадах ч үгүй шүү дээ. Үүнтэй агаар нэг юм. Вердийн нэг номон дээр “Томоохон театрууд шинэ дуурь тавихдаа харуул хамгаалалт зогсоож байгаад сургуулилтаа хийдэг байсан” гэж бичжээ. Тэгэхгүй бол энд тэндээс хүмүүс орж ирээд сонсож байгаад сураад гадаа дуулчихдаг. Үндэстэн нь өөрөө дууриа хүлээдэг ард түмэн учраас ийм байгаа юм. Лучиагийн тэр сайхан дуулалт үзэгчдийг үнэндээ их татдаг аж. Театрын уран бүтээлчдийн чадавх гэж нэг юм бий” гэхэд Уянга “Энэ бол хоолойгоороо яаж сайхан байж болох тэр боломжоор л дуулахуй юм. Ингэхдээ ур дэмээс илүүтэй хөгжимлөгөөр уран дуулна. Итали хэл өөрөө энэ дуулалтай салшгүй холбоотой юм. Ухаандаа италиар дуулж байгаад францаар дуулахад хэцүү болчихдог. Миний бодлоор энэ аргыг эзэмшихийн тулд Италид очиж сурахаас гадна энэ чиглэлийн бүтээлүүдийн судалж, суралцах хэрэгтэй. Ламмермүүрийн Лучиа дуурь ч мөн энэ дэгийн эхлэл. Доницеттийн энэ дуурьт үхэл шаналал, зөрчил тэмцэл өрнөж байгаа ч тийм зүйл болоогүй мэт хөгжмийн илэрхийлэмж нь арга билиг хоёрын хослол гэж би хэлнэ” гэв.
Хэрэв энэ дуурьт тэр дуулаагүй бол… “Дуурийг би хүчтэй хоолойгоор дуулдаг гэж ойлгож байсан бол хоолойны эвээр, яруу дуулахад энэ дүр намайг сургаж байна даа. Анх ноотыг хараад сайн ойлгож өгөхгүй, каденц ихтэй, хэцүү зүйл болж байхад миний хэсэг усны мандал дээгүүр хөвөөд байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн. Уранцэцэг эгчээс ч энэ талын юмыг ойлгож суралцсан шүү. Жүжигчин хүн жүжгийн дараа үзэгчид аятайхан гарч яваа эсэхт л төвлөрөхөөс биш “би өнөөдөр ёстой үзүүлээд өглөө дөө” гэж хэзээ ч боддоггүй. Тиймээс жүжигчин хүн хэзээ ч сэтгэлийн амар амгаланг эдэлдэггүй юм болов уу. Дуурь бол ёс суртахуун, гоо зүй, гэгээрэл юм” гэв.
Театр дараагийн улиралд ахин уран хөгжим эгшиглэхийг тэсч ядан хүлээмүй…□
Leave a comment