Feeds:
Posts
Comments

Тунгалаг

ITC_Q5D9339org-c.jpg

Ослогоос гаралтай In the Country хамтлаг анх 2011 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Их талын жазз олон улсын V наадмаар монголын үзэгчдэд өөрсдийгөө танилцуулж байлаа. Миний санаж байгаагаар, тэд Норвегийн зөвхөн жаззыг төлөөлж манайд ирсэн гурав дахь хамтлаг нь юм. Гуч гаруй орноор аялж 200 гаруй тоглолт хийсэн бөгөөд очсон газар бүрийнхээ сонсогчдын зүрхэнд өөрийн нутгийн өвөрмөц гойд ургамлын үрийг таригсад бол In the Country-гийнхэн. Тийнхүү үрээ суулгасан хөрснүүдийнх нь нэг би бөгөөд анх амьд хөгжимдөхийг нь сонссоноосоо хойш бүтэн дөрвөн жил хөгжмөөр нь ёстой л цус сэлбэн тэтгэгдэж билээ. Хамгийн сүүлд бичүүлсэн “Наран жаргах, наран мандах” цомгийг нь сонсонгоо Истанбул хотын Бэиоглу дахь Mephisto дэлгүүрт шинэ ном шиншилж явтал Pink Floyd-ийн сүүлийн пянзны доохон талд өнөөх цомог маань үзэгдэхийн төдийд тэднээс ярилцлага авах тухай бодол зурсхийн орж ирсэн юм. Хамтлагийнхантай холбогдоход тэд дуртайяа зөвшөөрсөн бөгөөд цааснаа буусан бүлээн үгсийг нь одоо та амтархан унших гэж байна.

Мартсанаас, тэр жил Улсын филармонид хөгжимдсөн хачин хүйтэн гэмээр хөгжмийг нь ойлгож гарсан хүн тун цөөхөн байсныг би тодхон санаж байна. Ер нь ч ихэнх хүмүүс хүссэнээ сонсохыг л урьтал болгодог шүү дээ. Хүслийг хүчээр бий болгож болох ч биш… Тэр байтугай хүсээгүйгээ ухамсарлах үе ч бидэнд тулгардаг билээ.

Бичсэн шигээ амьдарна гэдэг хэцүү. Хөгжим шигээ амьдарна гэдэг ч бас хэцүү. Тийм хүн ховор. Учир нь, тийм нарийн замаар цөөхөн хүн явдаг. Ямар нэгэн хачиргүйгээр хэлэхэд, энэ хамтлагийг тэдгээр цөөнх”-ийн нэг хэмээн бодном.

 ITC 28.09.12 222.jpeg

In the Country жазз гурвал

Мортен Квенилд /төгөлдөр хуурч/

Рожер Арнтзен /аргил хийлч/

Пол Хаускен /бөмбөрчин/

Зоригтын Энхмөнх. Хамтлагаа In the Country гэж нэрлэсний учир юу вэ. Яг ямар уулзвар гурван хөгжимчний нийлэн нэгдэх шалтгаан болсон бол?

Пол Хаускен. Бид байгальд ойр байж, алхаж, гүйж, загасчилж цагийг өнгөрүүлэх дуртай. Ийнхүү байгалиас өөр өөрийнхөөрөө таашаал авдаг нь хамтлагийн маань нэрэнд тусгалаа олсон юм. Бид гурав Осло хот дахь Норвегийн хөгжмийн академид танилцаж байлаа. Тэгээд 2003 оны зун Рожерын сүүлийн шалгалтан дээр анх удаа гурвалаар хамсран тоглосон. Тэгэхэд л бидний энэ нэгдэлд ямар нэгэн онцгой зүйл байгааг мэдэрсэн дээ. Түүнээс хойш хамтдаа 12 жил, долоон цомгийн ард гарчээ.

З.Э. Хөгжмийн онгодыг тань чухам юу хөглөдөг вэ?

П.Х. Бид маш олон төрлийн хөгжим таашаадаг. Хамтлагийн маань дуугаралт ч үүнтэй холбоотой. In the Country-г яг ийм жанрын хөгжим тоглодог гэж онцлоход бэрх. Жишээ нь, би америкийн фолк, кантри-рок, авант-гарде жаззад дуртай байхад Мортен илүү экспериментал модерн болон попод татагддаг. Харин Рожер гэр бүлээсээ жаззыг өвлөж, биг бэнд, жазз-рок, жазз-комбо урсгалаар хөгжимддөг. Дебюссигээс эхлээд Вилко хүртэлх, бүр тэднээс өмнөх бүхий л цаг үеийн бүх төрлийн гайхамшигт хөгжмийн сонсогчид, бид.

З.Э. Хөгжим таны хувьд яг юу вэ?

П.Х. Хөгжимдөх нь бидний өөрийгөө илэрхийлэх дээд хэлбэр, бусадтай харилцах хэл болдог. Хөгжим сонсож байгаа хүмүүсээс гадна бид өөрсдөө хоорондоо хөгжмөөрөө харилцана. Түүнчлэн хөгжмөөр дамжуулан хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлж, хөгжмөөр дамжуулан өөрчлөлт хийж, дэлхий ертөнцийг илүү дээр болгохыг хүснэ. Хөгжимдөх явцдаа хамгийн жижиг хэсгүүдэд анхаарал хандуулж, бүхнийг бага зэрэг удаашруулах нь бидний үндсэн арга барил.

З.Э. Хөгжим бичихэд хэлбэр хэр чухал вэ?

Рожер Арнтзен. Хөгжмөөр бодсоноо илэрхийлэхэд хэлбэр онцгой чухал. Түгшүүр, чөлөөлөлт хоёрын хослол хөгжмийг хэрхэн ойлгож буйг минь харуулах маш чухал үзүүлэлт болдог. Энэ хоёр үзэгдлийг хэлбэр хийцэд тараан байрлуулах нь бидний хувьд тулгуур баримтлал болдог. Хөгжмөө чөлөөт сэтгэмж рүү урвуулан тоглох боломжтой нөхцөлөөр зохиож найруулах нь бидэнд нэг төрлийн хүчдэл болж өгдөг юм. Зарим хүмүүс бидний авад зохиомжийг /импровизаци/ поп, рок хөгжмөөс олдсон хэлбэр үү, эсвэл бидний дуртай авант-гарде чиглэлийн хөгжмөөс улбаатай юу гэдгийг ялгаж салгадаггүй байж мэднэ. Тэгэхээр, бидний хамаг сонирхол эдгээр хүчин зүйлсийн огтлолцох тэр агшныг ажиглахад л чиглэдэг юм.

ITC_Q5D9422org_c_small

З.Э. Авиа, хэмнэл хоёрын алийг нь дотроо түрүүлж сонсдог вэ?

Р.А. Хэмнэл бидний хөгжимд чухал байр суурьтай ч юун түрүүнд авиа, дуугаралтыг сонсдог. Бид төгөлдөр хуурын гурвал /төгөлдөр хуур, аргил хийл, бөмбөрийн гурвалыг piano trio гэж нэрлэдэг уламжлалтай. З.Э./ хэлбэрийг анхнаасаа сонгосон нь гурвал төрлийн дуугаралтын царааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой минь холбоотой. Зэмсэг тус бүрээр нь авч үзсэн ч акустик дуугаралт талаасаа эдгээр хөгжим хязгаарлагдмал биш. Жазз, поп, рок, электро хөгжмийн уран бүтээлчдээс урам зориг авч, үүн дээрээ дөрөөлөн аль ч төрөл рүү хэлбийж болох дуугаралтын шинэ түвшинг бий болгохоор бид эрэл хайгуул хийж байна. Энэ эрмэлзэл маань биднийг студийн болон амьд тоглолтын дууны гайхалтай инженерүүдтэй уулзуулж, хамтран ажиллах боломжийг олгосон. Бид хөгжмийг төхөөрөмжид захирагддаг зүйл гэж бус, харин хөгжим эхлээд “ирнэ”, түүнд нь төхөөрөмж хэрэглэгддэг гэж ойлгодог. Тиймээс ч хөгжмийнхөө чиглэж буй зүг рүү харж эхэлсэн нь бидний хувьд эртнээс улбаатай.

З.Э. Жазз хөгжимчдийн жинхэнэ мөн чанар тайзан дээр илүүтэй илэрдэг болохоор бичлэгийн үеэр тэр амьд байдал, амин сүнс нь үгүй болчих вий гэж би боддог. Тэгэхээр, жаззыг бичүүлэх нь хэр чухал вэ?

Р.А. Амьд тоглолт, студийн хөгжмийн хооронд тодорхой ялгаа бий. Бид аль нэгийг нь нөгөөгөөс нь илүүд тавилгүй эн тэнцүү хүлээн авахыг хичээдэг. In the Country хамтлаг студийн тав, амьд тоглолтын хоёр цомог бичүүлсэн л дээ. Тэгэхэд амьд тоглолтуудын бичлэгийн дараагийн шатны ажиллагаа буюу микс, мастерин ажилбарууд илүү хүнд байсан. Ялангуяа “Шуугиан ба орон” цомгийн хувьд. Амьд тоглолтын бичлэгт мэдээж дунд зэргийн чадвараар хөгжимдөхгүй. Амьд уур амьсгалд хөтлөгдөх олон хүчин зүйл бий. Бид амьдаар хөгжимдөхүйн энергид анхаарал хандуулж, дуугаралтын чанар, бичлэгийн техникийн асуудлууд дээр үзэгчдийн урмыг хугарахааргүй хэмжээнд ажиллахыг зорино. Харин студийн бичлэгийн сайн тал нь гэвэл зоргоороо бичүүлж болдог. Нэмэлт хөгжмийн зэмсэг хэрэг болбол нэмчихнэ, давхарлаж бичвэл давхарлачихна. Төгөлдөр хуурын гурвал гэхээр л заавал анхны хувилбараар үлдэх албагүй шүү дээ. Бид бичлэг хийлгэх дуртай. Гэхдээ амьд тоглолтод үүнээс ч илүү дуртай.

З.Э. Норвегийн хөгжим, кино өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр өвөрмөц байдлыг танай орны байгалийн цогц үзэсгэлэн бий болгодог гэж ойлговол зөв үү?

Мортен Квенилд. Дээр хэлсэнчлэн, бид хөдөө нутгийн онгон зэрлэг байдалд асар ихээр татагддаг. Ан авлах, загасчлах, каяак завиар явах, ууланд алхах гээд аль болох байгальд ойр байхыг хичээнэ. Бид байгалийг амрах орчин, онгод төрүүлэх газар гэж хардаг. Энэ нь ч бидний аялан тоглолт, зав чөлөөгүй аж амьдралд үнэхээр хэрэгтэй. Учир нь, байгальтай харилцах харилцаа маань бидний хөгжимд цус сэлбэдэг юм. Хөгжим бидний нэгээхэн хэсэг учраас маш олон жижиг махбодоор дамжин хайр, бас эргээд байгальд хэрэгтэй зүйлс ундран гарч байдаг гэж боддог. Түүнчлэн, Норвегийн газар зүй болон хүн ам зүйн нөхцөл байдал, соёл зэрэг нь бидний хувьд үнэн байдлаараа орших, өөртөө итгэлтэй байхад чухал нөлөө үзүүлдэг. Нөгөөтээгүүр, хэдхэн бээрийн зайд хөрш улстай хиллэж буй нь өөрсдөдөө санаа тавьж, бие даан шийдвэр гаргаж байхыг биднээс шаарддаг юм. Энэхүү норвеги хандлага, оюун сэтгэлгээ магадгүй урлагт ч илрэн гардаг байх.

З.Э. Хамгийн сүүлийн цомгоо та бүхэн урьдчилан төсөөлж байсан шигээ хийж чадсан уу?

М.К. “Наран жаргах, наран мандах” цомгийнхоо ажлыг ерөөсөө ямар ч төлөвлөгөөгүйгээр эхэлсэн л дээ. Би зүгээр л хэдэн дуу бичиж, хамтдаа сургуулилж, тайзан дээр хөгжимдсөн. АНУ-д аялан тоглох тов гарахад, аялан тоглолтын үеэр гурван өдөр чөлөөтэй байх нь тодорхой болсон. Ингээд л бид завтай өдрүүдээ ашиглан бичлэг хийлгэхээр шийдсэн юм. Тэгээд бичлэг хийлгэх студи хайж, эцэст нь Лос-Анжелос дахь домогт Sunset Sound студид цомгоо бичүүллээ. Акустик хөгжмийн 70 жилийн туршлагатай, сүүлийн 60 жилийн турш тоноглогдсон дээд зэргийн төхөөрөмж, хэрэгслүүдтэй учир уг студи үнэхээр төгс байсан. Хөгжимтэй холбоотой бүхий л ажлыг Раян Фрийланд зохицуулж, аналог хөдөлгүүр нь ч дуугаралт руу сайн хөрвөсөн байсан.

ITC_Q5D9384org.jpg

З.Э. Танай хамтлагийн үндсэн шинжүүдийн нэг бол меланхолик маягийн дүнсгэр оршихуй. Цомгийн эхний бүтээлүүд удаан хэмнэлтэй байдаг нь сонсогчдыг эхлээд бодлогошроход хүргэдэг мэт. Ийм байдал ялангуяа сүүлийн хоёр цомгоос тань анзаарагдсан. Үүний дараагаар хурдавтар хэмнэлтэй хөгжмүүд орж ирж сонсогчийг сэрээдэг. In the Country хөгжим бүтээж буйн зорилго юу вэ?

М.К. Бид хөгжмийг ертөнц дээр бусдаас өөр өнцгөөр харж буйгаа илэрхийлэх, өөрөөрөө байх, энгийн хэлээр бичиж хэлж чадамгүй түүхүүдийг хуваалцахыг хүсдэг. Бид хөгжмөө өдөр тутмын амьдралаас зугтан хоргодох газар байгаасай гэж боддог. Тиймээс ч, үе үе удаанаар хөгжимдөж, сонсогчоо удаан хөдлөх боломжит нөхцөл байдалд хүргэж өгөхийг хичээнэ. Яг л хөгжимд ховсдуулж буйтай адил. Хэрэв сонсогчид маань цаг хугацаа, орон зайг мартаж чадаж байвал энэ бидний амжилт.

З.Э. Цахилгаан хөгжмийн дуугаралт өдгөө дэлхий даяар хамгийн хурдацтай тархаж буй түлхүүр дуугаралтуудын нэг болж байна. Энэ нь танай хөгжимд хэр чухал байр суурь эзэлдэг вэ?

М.К. Цахилгаан хөгжим бидний хөгжимд нэн чухал байр суурьтай. Ийм хөгжмийн дуугаралт, бичлэгийн техникүүдийг ашиглах нь бид өөрсдийн түүхийг илүү олон өнгөөр хүргэж байна гэсэн үг. Жишээ нь, электро дуугаралт бидний хөгжимд ихэнхдээ зөрчилдөөн, аюулыг дүрсэлдэг. Акустик дуугаралтын өөрийн нь багана хамгийн эгэл бөгөөд үзэсгэлэнтэй байдаг бол эсэргүүцэл, булай муухайн тунг зөв тааруулж сонсгоход цахилгаан дуугаралтууд тусалдаг. Байнга тэнцвэртэй байх нь зүйн хэрэг шүү дээ.

З.Э. Та бүхэн ямар давтамжтай өөрчлөгддөг вэ. Авах гээхийн ухаанд хэрхэн ханддаг вэ?

М.К. Ойр ч биш, хол ч биш давтамжтай. Энэ бол цаг хугацааны хүчээр бий болсон тогтмол хувьсах хүүрнэл юм даа. Түүний үрээр цаг тутамд бидэнд хэрэгтэй байгаа сонголтыг бий болгож, тэр нь ямх ямхаар хэмжигдэх бидний бие сэтгэл, оюун бодлыг зөв тийш залахад тусалдаг. Би л лав хувьдаа авах гээхийн аль алинаас айдаггүй. Учир нь, биднийг амьд байлгахын тулд байнгын өөрчлөлтүүдэд хөгжим өөрөө дууддаг юм.

/Гоодаль сэтгүүлд нийтлэв./

/Б.Шаравын нэрэмжит II уралдааныг шинжихүйд/

2012 оноос дөрвөн жил тутамд зохион байгуулагдах болсон, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуулаач, хөгжимчдийн олон улсын уралдаан өнгөрөгч сард /2016.11/ болж өнгөрөв. Бяцхан нийтлэлээрээ тус уралдааны зөвхөн үндэсний хөгжимчдийн хэсгээс хийсэн ажиглалтаа тусгахаар зорилоо.

Уралдаанд зөвхөн 35 хүртэлх насны хөгжимчин, дуучид оролцох бөгөөд зорилго нь залуу туурвигчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, тэдний урын санг Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр баяжуулах, олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оршино. Ингэхдээ бүх зэмсэг нэг ангилал дор өрсөлдөхөөрөө бусад уралдаанаас ялгаатай.

Өнөө цагийн манлай хөгжмийн зохиолчдын зүй ёсны төлөөлөл болох сайх зохиолчийн нэрэмжит уралдаан буй болсон нь даяар цагт машид олзуурхууштай үйл явдал хэмээн шагналтнуудын тоглолтыг сонордон суухуйд ахин дахин ухаарсан. Түүний үндэсний хөгжимд зориулсан том хэлбэрийн болон бусад бүтээл (Симфони №2, “Хэрлэнгийн домог” гэх мэт), хүний сэтгэлийг хөдөлгөх, ухааныг тэтгэх ажлууд хийгээд уртын дууны хэмнэл өгүүлэмжийн хязгааргүй чанарыг Өрнийн сонгодог дэгтэй уясан нь аль ч үндэстний хэн бэ гуайд ч монгол ахуйг түвэггүйгээр хүртээх нэгэн хэл гэлтэй. Б.Шаравын хөгжим бол ерөөс даяар дэлхий тэр чигтээ монгол болсон мэт юмсанж.

Уралдааны Гранприг морин хуурч Н.Жигжиддорж, үндэсний хөгжмийн ангиллын II байрыг ёочин Т.Өлзийжаргал, III байрыг хуучирч Э.Цэндсүрэн, лимбэч Б.Мягмарцэрэн нар хүртсэн бол, дуулаачийн төрөлд тэргүүн байрыг Б.Батжаргал, дэд байрыг Э.Отгонбат, гутгаар байрыг С.Батчимэг болон Казахстан улсын дуучин Жармагамбетов Расул хүртэв. Шагналтнуудын тоглолт нь орчин цагийн үндэсний хөгжимчид уламжлалыг хэрхэн харж, хүлээн авч, үргэлжлүүлж буйн сацуу шинэ цагийн хөгжмийн хөгжлийг түүндээ хэрхэн уялдуулж байгаагийн нэгэн тод жишээ болвой.

Уралдааны шагналын сан (гранпри 10 мянга, I байр 5000, II байр 3000, III байр 1000 ам.доллар) манай хөгжмийн уралдааны түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр нь залуу уран бүтээлчдийг олноор татах хөшүүрэг билээ. Дуулаачийн ангилалд нийт 52, үндэсний хөгжмийн ангилалд 31 оролцогч бүртгүүлснээс ажихад Э.Амартүвшин, Г.Ариунбаатар тэргүүтэй дуулаачдын олон улсын амжилт залуу, тэр дундаа эрэгтэй дуучдын урмыг хөглөж, тус ангиллын өрсөлдөөнийг өрдсөн нь илт.

Олон улсын шошготой уралдааны хувьд хөтөлбөр болон шатуудад заагдсан хугацаа зэрэг нь чансааг үнэлэх үндсэн хэмжүүр (шагналын сангаас гадна) болдог. Гэтэл үндэсний хөгжмийн ангиллын зарим хөгжимчин тоглохоор ирүүлсэн зохиолуудаа хөгжимдөөгүй буюу тухайн төрөлд дүйцсэн хэлбэр (форм) бүхий зохиол хөгжимдсөнгүй. Жишээлбэл, II шатанд заагдсан өөрийн орны хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл гэсэн заалтыг хэд хэдэн хөгжимчин зөрчихөд шүүгчдийн бүрэлдэхүүн түүнийг нь анзаарсангүй юу, эсвэл хөтөлбөр анхнаасаа дутуу дулимаг байсан уу гэж бодогдсон нь уралдааны явцад анхаарам хэд хэдэн зүйл байсны эхнийх. Удаахад зарим оролцогч заагдсан цагаас дутуу хөгжимдөж байсныг тэмдэглүүштэй. Анхдугаар уралдаантай харьцуулахад оролцогчид урын сангийн хувьд эрэл хайгуултай, чадвар  шаардсан зохиолуудаар өөрсдийгөө сорьсон нь сонсогчдод сонин сайхан байсан. Гэвч тийм нь цөөн. Бид Өрнийн сургалтын дэгийг илүүтэй сурсан болоод тэр үү сонгодог хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлийг ихэд ур чадвартай хэмээн үзэх нь бий. Тэгтэл Монголын зарим, бүр дийлэнх хөгжмийн зэмсэгт маань Дорнын бүтээлүүдийг хөрвүүлж хөгжимдвөөс арга барил, дуурьсал, зэмсгийн онцлогоороо илүү тохирмоор санагдана. Үүн дээр нэмэх багахан зөвлөмж хэмээвэл, I шатанд монгол уламжлалт бүтээл, эсвэл урт дууг заавал тоглох хөтөлбөрөөр оруулбал монгол уралдаандаа бүр их зохимжтой болох санагдана.

Уралдааны үндэсний хөгжмийн ангилалд Өвөрмонголын хоёр хөгжимчин өргөдлөө ирүүлснээс морин хуурч Б.Эрдэнэбилэгт авах гээх чанарууд байв аа. Нэгэн үе бид Өвөрмонголын морин хуурыг шингэн дуутай, бяд багатай гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр тэдний нумын техник, гайхам хурдаас нь суралцах зүйл багагүйг хаа хаанаа бодмоор. Аливаа ралдаанд хөгжимчин хүн өөрийн сэтгэлгээ, хөгжмийг хүртэх цараагаа харуулах учиртай агаад энэ тал дээр Н.Жигжиддорж өөрийгөө “эвдэх” гэж хичээсэн нь тодхон. Үүнийг нь морин хуурын өнөөгийн сургалтын дэгийн хөгжлийг төлөөлж буй бус харин хувь хүний эрэлч байдал, хөгжимчин хүний хариуцлагаа ухамсарлах чанартай холбож үзмээр санагдав. Түүнчлэн, сургалтын дэгийн хувьд бид манлай хөгжимчдөөсөө суралцаж, уламжлал шинэчлэлийг хосолмол аргаар сайжруулж чадваас цагийг хожиж, дараа дараагийн уралдаанд өрсөлдөөнд түүчээлэх хүмүүсийг олшроох юмсанж.

Нийтлэлийнхээ төгсгөлд уралдаанд тоглогдсон монгол хөгжмийн зохиолчдоос цухас дурдах нь зүй. Б.Шаравын бүтээлээс гадна Х.Алтангэрэл, Б.Мөнхболд, Ш.Өлзийбаяр, Ц.Нацагдорж, Л.Мөрдорж, С.Соронзонболд, Ц.Сэр-Од, Ж.Энхбаяр, Х.Билэгжаргал нарын бүтээлээс хөгжимдсөнөөс ажвал уралдааны зорилго нэг талдаа биелж байгаа авч үндэсний хөгжмийн зохиолчдын яв цав чанартай ажлууд тоотой хэдхэн байгаа нь шинэ сайн зохиолуудын эрэлт цангааг ахин сануулж байв. Дуучныг дагаж дуу, хөгжимчнийг дагаж хөгжмийн зохиол бүтдэгийн тод сайхан жишээг Ш.Өлзийбаярын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан II концерт, Н.Жанцанноровын ёочин симфони найрал хөгжмийн концертоос харж болохоор байлаа.

 

 NataliaMateo1

Наталия Матео /дуучин, ая зохиогч/

ACT лэйбл польш гаралтай цоо шинэ уран бүтээлчийг нэрлэж байна. Түүний хөгжмийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Jazzahead!2015 наадмын үеэр ойроос чагнаж, танилцах боломж олдсон юм.

Матеогийн хөгжим бол нарийн бүрээ, төгөлдөр хуур, аргил гитар, бөмбөр, гитар зэрэг зэмсгээс бусдыг хэрэглээгүй минимал төрлийнх. Хэдийгээр олон зэмсэг харагдавч тэд бүгд эмх замбараатай дуулдана. Эмх замбараа гэхээс илүү өөрийн үзэл санааг цэврээр илэрхийлэхийн тулд зөв цагт зөв хөгжмөө дуугаргасан гэе.

Heart of Darkness цомог бол харанхуйг номлогч. Түүний бүтээлүүд Сара Бласко шиг фолк биш, Кэти Мэлуа шиг гэгээтэй биш, Daughter-ийн ой шугуйн харанхуйгаас илүү байшингийн өрөөн доторх харанхуйг дүрсэлнэ. Түүний дүрслэх харанхуй бол ганцаар, ганц өрөөн дотор хана, шал, таазнаас өөр зүйл үгүй атлаа гүнзгий уянгалуун, гунигтаа гутраагүй, харин ч тодорхой бодол баримтуудаар дүүрэн. Нэг ширхэг нарийн бүрээ тас харанхуй өрөөнд зүсэх ганц зурвас гэрлийг тусгаж, цуурай нь уул хаднаа биш өрөөний булан тохойд хүрээд буцна… Түүний хөгжим шивнэхгүй өгүүлж, хашхирахгүй ёгтлохдоо үзэл санаагаа тулгахгүй.

Ийнхүү харанхуйн талаарх өөр өнцгийг түүний шинэхэн цомгоос олж харав. Харанхуйг хэр зэрэг ухаарч чадсан нь гэрлийг төдий чинээ ухаарна…

 

Зоригтын Энхмөнх. Хөгжим таны хувьд хэзээнээс чухал болов оо?

Наталия Матео. Гэр бүл ба орчин хэн хүнд чухал нөлөөтэй. Аав маань сонгодог, жаззын пянзны тоймгүй их цуглуулгатай байлаа. Хөгжмийн үр, түүнд өгсөн хайр хоёр хэзээ нэгэн цагт миний дотор үрээ суулгасан байх. Хамгийн сайн санаж байгаа хоёр дурсамжаа яръя л даа.

Би Варшав хотод төрж, дөрвөн нас хүртлээ тэнд байсан. Нэг орой унтахаар хэвтэж байтал нөгөө өрөөнөөс сонсогдсон төгөлдөр хуурын аялгууг би тодхон санаж байна. Аав маань ямар нэгэн сонгодог хөгжим тоглосон нь тэр. Тэр чимээ намайг хэзээ ч зогсомгүй тавгүйрхэл, зовнил, меланхоли байдалд оруулж, чухамдаа тэр нь надад бодол төрүүлж, тэгэхдээ ямар нэгэн тодорхой бус хүсэл төрөхөд хүргэсэн нь өнөөг хүртэл намайг хөтөлсөн гүнзгий сэтгэл хөдлөл байсан.

Үгээр хэлж болохуйц өөр нэг дурсамж минь гэвэл, европын “The Final Countdown” хамтлаг надад мэдэгдэхүйц нөлөөлсөн. Тэр үед би бас л дөрөвтэй, манай гэрийнхэн Австри руу нүүсэн нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ.

 

З.Э. Таны хөгжмүүд хувийн шинж чанартай нандин зүйл болох нь илхэн байна. Танаас гадна хамтлагийн тань үндсэн хөгжмийн найруулагч хэн бэ. Хэрхэн та бүхэн хамтарч дуугаа сонгож, найруулж, нэгэн цул болдог нь сонирхол татаж байна…?

Н.М. Голлох санаанууд надаас төрдөг, хэдий тийм ч хамтлагийнхны маань хөгжимдөж буй нь гарцаагүй шийдвэрлэх нөлөөтэй агаад юугаар ч орлуулшгүй хэсэг юм. Хөгжмийн үлэмж хэсэг нь бэлтгэлийн үеэс төрнө. Импровизациуд заримдаа бүр шинэ дуунуудын найруулга болох нь ч бий. Тухайлбал “Харанхуйн зүрх” цомгийн заримынх нь үгийг би бичиж, гурван дууны найруулгыг гурван хөгжимчин маань тус тусдаа дангаар найруулж, үлдсэнийг нь бид хамтраад найруулсан. Зарим найруулга дээр бид шинэлэг байдлыг нь хадгалахын тулд их цаг зарцуулж, харин заримдаа уйдахгүйн тулд шинэ түүхий эдийг эрэлхийлж байх жишээтэй.

З.Э. Жанрын хувьд жазз, технологийн хувьд дууны эффектүүд таныг илэрхийлэхэд яаж нөлөөлж байна вэ?

Н.М. Магадгүй та жазз дэвсгэрүүдээр минь мөшгөн бидний хөгжмийн стиль, чадваруудыг хайж болох юм. Гэвч эцэстээ жазз чухам юу юм бэ? Түүхийн талаар та яримаар байгаа юм уу? Миний хувьд энэ бол дуугаралтын гоо зүй. Энэ хөгжимд заримдаа харш дуугаралт /диссонанс/, лаадуудаас илүү диатоник бус ноотуудыг сонгох хэрэгтэй болдог. Үүнээс гадна надад рок, инди, алтернативын бохир байдлууд, ялангуяа Том Вэйтсийн хөгжмүүд их таалагддаг. Ингээд харвал тодорхой жанруудаар өөрийгөө илэрхийлэхэд минь тэдгээр сайхан элементүүд тусалдаг.

З.Э. Сонсох дуртай хөгжмүүдээсээ нэрлэнэ үү…?

Н.М. Хоёрыг нь дээр дурдчихлаа. Уламжлалт жаззаас Колтрэйн, Вэйн Шортер, Арт Блейкий, Лий Морган, Майлс Дэвис нарын “яаж?” нь “юу?”-гаас илүү чухал болохыг бидэнд ойлгуулсан явдал. Мөн мэдээж орчин цагийн Нью-Йоркийн жазз хөгжимчид. Өө тийм, би Амросэ Акинмузирт хайртай. Германд амьдардаг болохоор Мангелсдорф, Бротзманн /чөлөөт жазз/, за тэгээд польш хүний хувьд Станкос, Урбаниакс, Намисловскис, Дудзиакс зэрэг олон сайхан уран бүтээлч бий. Дуучдаас гэвэл Жефф Баклиес, Жил Скот Херонс, Абида Парвиинс, Тео Блэкмэнс, Гречэн Парлатос, Мэрэдит Монкс, Сидсэл Эндресэнс, Медерик Колигнонс, Симин Тандерс нарыг нэрлэж болно. Сонгодог хөгжмөөс И.С.Бах, М.Равель, К.Дебюссийн хөгжмүүд.

З.Э. Тайзан дээр нэг дууг дахин давтан дуулах бүртээ та дуугаа яаж амьд байлгадаг вэ?

Н.М. Энэ бол миний сонгосон мэргэжлийн хамгийн чухал хийгээд хамгийн хэцүү тал нь болов уу. Өөрийн хүч энергийг тодорхой цагт, тодорхой газар бэлэн байдалд байлгах ёстой бөгөөд өөртэйгөө, өөрийн сүнс сэтгэлтэй холбогдож, тэгсэн хэрнээ сэтгэл хөдлөлийг “дахин бүтээж”, яг л хамгаалалтгүй эсвэл хорионд байсан мэт сэтгэл хөдлөлүүдтэй дахин холбогдож, түүний хүчийг ашиглана. Жинхэнэ сэтгэл хөдлөл “хүссэн” сэтгэл хөдлөлөөс минь хүчтэй байдаг. Тэгээд үнэндээ “хүссэн” сэтгэл хөдлөл гэж байддаггүйг ойлгосон.

З.Э. Та хэнд зориулж дуулдаг юм бэ?

Н.М. Хүмүүсийн зүрх сэтгэлд. Сонсдог, сонсохыг хүссэн зүрх сэтгэлд зориулж шүү дээ. Заримдаа зөвхөн тодорхой сэтгэлүүдийг тусгаар байдлаар хөдөлгөсөн хөгжим гэж бий. Хөдөлсөн зүрх сэтгэлүүд эргээд намайг гүн хөдлөлд хүргэх нь бий.

З.Э. Таны хувьд хайр гэж юу вэ?

Н.М. Хайр минийхээр бол жаахан хүүхэд байхдаа мэдэрсэн, өсч торнихдоо мартдаг, хамгийн гүнд шигдээстэй байж болох, бусад хүмүүст хэрэгтэй, үүний хажуугаар эрх чөлөөтэй, тусгаар, ертөнцийн талаар шударгаар сонирхдог зүйл.

З.Э. Та славьян хэлээр дуулдаг. Эх хэлнийхээ талаарх бодлоо хуваалцана уу. Ойрын болон хэтийн төлөв тань юу байна?

Н.М. Одоо эргээд сонсохоор /Германд амьдарч байгаа учир ингэж хэлэв бололтой/ миний явсан замуудыг санагдуулдаг. Энэ хэл надад хөгжим доторх эрс өөр авиа, хөгжим, аялгуу, хэмнэлийг нээж өгсөн.

Одоо би Оснабрүкэд суурьшиж байна. Ирэх жилийн хоёрдугаар сард сургуулиа төгстөлөө эндээ амьдарна. Дараа нь хааш зүглэхээ үнэндээ мэдэхгүй байгаа. Магадгүй миний хайр хаана байгаагаас, хамтлаг маань хаана байгаагаас шалтгаалах байх. Эсвэл сэтгэл минь Польш руу татагдах ч юм бил үү…□

10568017_10152614600718856_522548678_n

Жэ Тан /БНХАУ-ын Шанхайн консерваторын дэд захирал, Шанхайн төгөлдөр хуурын олон улсын фестивалийн уран сайхны удирдагч, Шанхайн мэргэжлийн төгөлдөр хуурчдын нийгэмлэгийн тэргүүн, профессор, хөгжмийн ухааны доктор/

 

/Гоодаль №60/

/Гоодаль №60/

Өгөгдсөн бүхнээ тодорхойлох гэж бид адгана. Учир нь юуг юу гэж нэрлэх нь энэ орчлонд юу юунаас “эрхэм”. Үнэн гэгч яг юу болохыг үхэхээс нааш олж үзэхгүйгээс хойш, аливаад үнэлэлт дүгнэлт өгөхийг урьтал болгохгүйг хичээвч заримдаа хүчээр шахам ийн үйлдэж л орхино… Үнэн хаа ч үгүй. Тэр зөвхөн бидний зүрх сэтгэлд л бий. Тийм сэтгэлт нэгэнтэй саяхан танилцсан маань Жэ Тан байлаа. Жэ Тан өнгөрөгч сарын эхээр зохиогдсон “Ф.Шопен ба XXI зууны Монгол” төгөлдөр хуурчдын олон улсын II уралдаанд шүүгчээр ирж ажиллахдаа “Гоодаль”-ийн хойморт хэсэгхэн зуур саатаж, хөгжмийн тухай хөөрөлдсөн билээ.

Хаана яваагаа мэдэхийг бид төрөлх зөнгөөрөө хүсэмжилсээр байдаг. Чухамхүү, манай сонгодог хөгжмийн хөгжил бөмбөрцгийн хаахна явааг Жэ Тангаар бага ч атугай баримжаалж, түүний зүрхэнд тээгдэх мөнөөх үнэний чинадад хүрснээ ярилцлагын төгсгөлд би ухаарсан. Ганц зөрлөгт тоймгүй олныг санаж сэрнэ чинээ бодоогүй шүү.

 

Зоригтын Энхмөнх. Профессор Жэ Тан, та маш олон уралдаанд хөгжимчнөөр, бас шүүгчээр оролцжээ. Уралдааны төгөлдөр хуурч, тайзны төгөлдөр хуурч хоёрын ялгаа, тэд юуг баримтлах учиртай, мөн юунаас татгалзах ёстой талаар манай уншигчдад тодорхой ойлголт өгнө үү.

Жэ Тан. Би бага залуугаасаа л уралдаанд оролцсоор ирсэн. Хөгжимчнийхөө хувьд өрсөлдөх нь миний хувьд тийм ч таатай зүйл биш л дээ. Гэвч өнөөдөр зөвхөн төгөлдөр хуурчид гэлтгүй дэлхийн нийт хөгжимчид уралдаан тэмцээнд аль болох оролцох эрмэлзэлтэй болсон нь бусдад танигдах өргөн боломж нээгддэгтэй холбоотой болов уу. Жишээ нь, сүүлийн шатанд үлдсэн оролцогч, эсвэл ялсан оролцогч оркестртой хамсран хөгжимдөх боломжтой болдог нь хөгжимчдийг илүүтэй өдөөж өгдөг. Тэгтэл хөгжим гэдэг уран сайхны талаасаа спорт, математикаас эрс ялгаатай тул урлагт абсолют стандарт, эсвэл хэм хэмжээг тогтоох боломжгүй. Урлагийг уралдуулахын сөрөг тал үүнд оршдог. Бид зөвхөн тодорхой хэм хэмжээн дор л зөв буруу, сайн муугийн ялгааг харж ойлгох чадвартай. Тиймээс энгийн сонсогчид байтугай шүүж буй бидний хувьд ч нэг нь нөгөөгөөсөө давуу хөгжимдөж байгааг яв цав тогтооход бэрх. Ерөнхий түвшинг давах, өөртөө илүү таалагдах, эсвэл багахан таалагдахын ялгааг ухаарч байхыг би шавь нартаа захидаг.

З.Э. Улаанбаатарт болсон “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” II уралдааны талаарх таны сэтгэгдэл…?

Ж.Т. Уг уралдааны яг өмнөхөн би АНУ-д болсон өөр нэг уралдааныг шүүж дуусгаад нааш ниссэн. Миний бодлоор Улаанбаатарт болсон уг уралдаан бол дэлхийн хамгийн шинэхэн Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдаан болов уу. Төгөлдөр хуур бол өрнийн урлаг. Монголчууд ардын хөгжим, морь унах зэрэг уламжлалт ахуйгаасаа арай өөр байдлаар өөрсдийгөө нээн харуулж буй нь сайн хэрэг. Уралдаанд оролцсон зарим залуу төгөлдөр хуурчид ихээхэн авьяаслаг байсныг энд тэмдэглэмээр байна. Хэрэв би зөв ойлгосон бол сүүлийн 20-иод жилд өөрчлөлт эрчимтэй өрнөсөн гэсэн. Тэр нь үнэн бол ирээдүйн монголын урлагийн хөгжлийн талаар би бүр ч илүүтэй сонирхож байна. Олон орны хөгжимчдөөр дамжуулан урлагийн талаарх санаа бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх нь уралдааны нэг зорилго гэж ойлгож байгаа. Хөгжим бол дэлхийн хэл. Өнөөдөр би тантай монголоор ярьж чадахгүй ч уралдаанд оролцсон монгол залуу хөгжимчдийн юу илэрхийлэхийг хүсч байгааг хөгжмөөр дамжуулан ойлгож байсан. Хөгжмөөр бид харилцаж чадаж буйд л үнэт нандин чанар нь оршдог. Цаашид та бүхэнтэй олон талаар хамтран ажиллахыг хүсч байна. Тухайлбал, ирэх долдугаар сард болох Шанхайн төгөлдөр хуурчдын олон улсын фестивальд Монголоос гурван авьяаслаг төгөлдөр хуурчийг сонгон оролцуулахаар зэхэж байна даа.

З.Э. Сонгодог хөгжимчин хөгжмийн зохиолч юу өгүүлж, илэрхийлэхийг хүссэнийг л сонсогчдод хүргэх ёстой. Тийм болохоор хөгжимчин өөрийгөө харуулахаас аль болох зайлсхийх ёстой. Энэ золио танд хэцүү санагддаг уу?

Ж.Т. Маш сайхан асуулт байна. Энэ бол зөвхөн хөгжмийн төдийгүй философийн асуудал л даа. Энгийнээр тайлбарлавал, сонгодог хөгжимчдөд хөгжмийн зохиолч анхны “гар” болж, өөрсдөө хоёрдогч үүрэгтэй “гар” болно. Хөгжимчин хөгжмийн зохиолчийг сонсогчид хүргэх дуу хоолой нь болж, бүтээлийн хамгийн анхны санаа юу байсныг тоглолтоороо “тайлбарлаж” буй хэрэг. Хэсэг бүлэг хөгжимчид зөвхөн нэг бүтээлийг хөгжимдлөө гэж бодоход хоорондоо ялгаатай тоглоно. Би яагаад энэ зохиолыг ингэж хөгжимдөх ёстой билээ, би ер нь яагаад хөгжимдөх ёстой юм бэ гэх асуултууд хар аяндаа урган гарна. “Нэг голын усанд хоёр удаа орох боломжгүй” гэсэн үг бий. Ганц хүн нэг жижиг дууг хэд хэдэн удаа хөгжимдөхөд л ялгаа гараад байдаг болохоор энэ хийг багасгахын тулд ноот бичвэр дээр ажиллах, тухайн зохиол, зохиолчтой аль алинтай нь холбоотой бүхий л баримт сэлтийг судалбал бид дээр дурдсан зохиолчийн анхдагч бодлыг ойлгоно гэсэн үг. Ингээд өөрийн ойлгосноор зохиолыг “амилуулна”. Аливаа бүтээлийн хүмүүнийг татагч гайхамшигтай нөлөөлөл хийгээд ярвигтай тал нь үүнд л оршдог. Хөгжимдөх урлагийн өнөөг хүртэл оршин буйн учир үүнд л байгаа байх.

З.Э. Тэгэхээр бид өөрсдийгөө хаана, ямар хэлбэр жанрт хамруулна гэсэн үг вэ? Жишээ нь, концертын төрөлд каденцын хэсэг байдаг шүү дээ.

Ж.Т. Бас л сайхан асуулт байна.Хэрэв бид хөгжмийн асар нарийн элементүүдийг сөхөн үзвээс цаг хугацаа, хүчдэл /динамик/ хоёрын тухай бүгд өгүүлнэ. Үүнгүйгээр бүтсэн хөгжмийн бүтээл гэж үгүй. Би багшлах арга зүйдээ ч, хөгжимчнийхөө хувьд ч, уралдааны шүүгчээр суухдаа ч хуримтлуулсан мэдлэг туршлагадаа болон шинэ байдалд нээлттэй байх тал дээр байнга баланс барихыг эрмэлздэг. Бичвэр дээр хоёр тэмдэглэгээний дунд юу ч үгүй байвал түүнийг нь хэрхэн хөгжимдөх бол хэмээн эрэл сурал болж, бусдынхыг сонсож, өөрийн чадварыг харьцуулна. Энэ мэт тэмдэг тэмдэглэгээний завсарыг бид өөрсдийгөө үзүүлэх хэсэг буюу “шинэ бүтээл” бий болгох боломж хэмээн харж болно. Энэ их хэцүү зүйл шүү. Хэрвээ чи хот байгуулахаар болоод, торойх барилга байгууламжгүй газарт төлөвлөлт хийвэл амархан байна даа. Харин, хуучны бүтэц байгууламж бүхий газар шинэ хот бий болгоно гэвэл мөн хэцүү еэ. Байсан өгөгдлийн нарийн сиймхийг олж өөрийгөө илэрхийлнэ гэдэг л хөгжмийг бүтээх үйл явц юм болов уу.

З.Э. Хөгжмийг чагнахад багагүй анхаарал хэрэгтэй. Зарим зохиол их урт хугацаагаар үргэлжлэх нь бий. Тэгэхээр хүмүүс тийм хэмжээний төвлөрлийн чадамжтай байна гэсэн үг үү. Та жишээ нь хэрхэн төвлөрдөг вэ?

Ж.Т. Үнэндээ бэрх шүү. Төгөлдөр хуурт зориулсан зарим энгийн дуу 30 минут, хамгийн богино концерт гэхэд дор хаяж 20 минут байдаг. Ихээхэн анхаарал шаарддаг учраас хэцүү төдийгүй тайзан дээрх хөгжимчинд ч стресстэй. Эргэн тойрон дахь саад болох бүхий л зүйлстэй тэмцэж, зохицуулахад суралцаж, бага зэрэг суларсан ч буцаад бушуухан төвлөрч байх нь чухал. Мөн, хөгжмийн бүтээлээ бүхлээр нь харж, үнэхээр хөгжимдөө орж чадах нь төвлөрөхөд тустай.

З.Э. Та 12-тойдоо төгөлдөр хуурын сургуульд орсон. Монголд харин долоон настайдаа элсэн ордог. Хүн бүрийн авьяас, орчин нөхцөл харилцан адилгүй. Ер нь, жирийн хятад хүүхдүүд хөгжим сурахын тулд цагаа хэрхэн зохицуулж байгаа нь сонин байна. Шинжлэх ухааны үндэстэйгээр хүн “төлөвшсөн сонгодог хөгжимчин” болох цагийг хэмжих боломжтой юу?

Ж.Т. Хятадад бага ангийн зарим сурагчид аль хэдийнэ хөгжимчний мэргэжил эзэмшихээр шийдсэн байдаг. Тийм сурагчдын хувьд долоо, түүнээс ч бага наснаасаа эхлэн жирийн сонирхогчдоос хавьгүй их цагаар сургуулилдаг. Консерваторийн оюутнууд ч өдрийн дийлэнхийг хөгжимтэйгөө өнгөрүүлдэг. Үүний хажуугаар хөгжмийн онолын болон ерөнхий эрдмийн хичээлээ ч амжуулах ёстой. Бидний сургалтын систем хуучин зөвлөлтийн системээс өвлөн улбаалсан ч үүнд авах, гээхийн ухаанаар хандаж байгаа гэж найдаж байна. Залуу үеийнхэн хөгжимчин болох эрмэлзлээр дүүрэн байгааг систем сайн байгаагийнх гэж дүгнэж болох юм. Тэдний хичээл зүтгэл, өндөр чанартай хөгжмийн боловсрол олгох үйл явцын харьцаа зөв байна гэсэн үг. Мэдээж, заавал хөгжмөөр явахыг тэргүүн зорилгоо болгоогүй оюутнууд ч бий. Танай ХБК цаашид шаталсан сургалттай анхны Консерватори болох зорилго тавьж буй нь мэргэжлийн хөгжмийг хөхиүлэн дэмжиж буй үнэхээр сайхан хэрэг гэж бодож байна.

З.Э. Хятадын сургалт өөрийн гэсэн ноот тэмдэглэгээний арга барилтай. Олон улсын оюутнуудыг өөртөө татаж буйгаараа Азидаа толгой цохидог сургуулийн дэд захирлын хувьд та БНХАУ соёл, урлагийн тал дээр одоогийн бодлогоо үргэлжлүүлнэ гэж бодож байна уу? Та бүхэн дэлхий дахиныг ойлгохыг хичээхийн хэрээр өөрсдийгөө дэлхийд таниулахыг зорьж байна…

Ж.Т. Үнэндээ Хятад сүүлийн жилүүдэд бусад улс орнуудад үүд хаалгаа улам бүр нээсээр байна. Шанхай гэхэд л европчуудын төдийгүй япон, солонгос, бүр монгол хүмүүсийн суурин хот болж, үр хүүхдүүд нь хятад сургуульд суралцаж байна. Шанхайн консерватори олон улсын маш олон оюутантай. Нэг хэсэг нь сонгодог хөгжмийн чиглэлээр сурч байхад нөгөө хэсэг нь хятадын уламжлалт хөгжим сурч байх жишээтэй. Өчигдөрхөн гэхэд л би, манай сургуулийг дүүргэсэн эр-ху буюу хуучирч эмэгтэйтэй энд танилцсан.

З.Э. Хятад хөгжимчид монголын хөгжмийн талаар ямар ойлголттой байдаг бол?

Ж.Т. Хятадын хойд нутгаар буюу Өвөр Монголд ар монгол хөгжим, соёл сэтгэлгээний нөлөө их бий. Монголчуудад гайхалтай дууны соёл байдгаас гадна аргил өнгөөр хархирч дуулах /хөөмэйг хэлж байх шиг З.Э/ урлагтай. Миний ажигласнаар, монгол хүмүүс дундаршгүй хүсэл тэмүүлэлтэй. Үүнийгээ ч сая уралдаанд харууллаа.

З.Э. Шанхайн консерваторийн өнөөдрийн амжилтанд нөлөөлсөн томоохон шалтгаан гэвэл юуг нэрлэх вэ?

Ж.Т. Шанхайн хөгжмийн их сургууль нь 1927 онд байгуулагдсан, хятадын хамгийн анхны консерватори. Азийн хувьд анхных нь мөн эсэхийг мэдэхгүй ч анхдагчуудын тоонд орох байх аа. Тухайн үед Шанхай хот орос, еврей үндэстнүүдэд нээлттэй цор ганц боомт байсан. Хувьсгал, нацизмын нөлөөгөөр дүрвэсэн хөгжимчид Шанхайн консерваторийн анхны симфони оркестрыг байгуулж, факультетуудад ч хичээл зааж байсан түүхтэй. Үндэс суурь нь дэлхийн нэг бус нэжгээд үндэстэн дээр тавигдсан нь бидний өнөөгийн амжилтанд нөлөөлсөн байх. 1980-аад оны соёлын хувьсгал барууны хөгжмийг илүү их эрчимтэй орж ирэх үүдийг нээж өгсөн. Олон хятад хөгжимчин гадны орнуудад суралцахаар явсны дотор би ч багтана. Энэ үйл явц бүхий л салбарт өрнөсөн. Үүнээс гадна, бага, дунд, дээд гэсэн шаталсан боловсролын тогтолцоо хөгжмийн салбарын амжилтанд чухал нөлөөтэй болов уу. Нэр хүндээ хадгалах үүднээс бид зөвхөн шилдэг авьяастнуудыг л элсүүлэн сургадаг. Сургалт явуулахад хамгийн сайхан тохироо бол сайн оюутан-сайн багш.

З.Э. Хятад хөгжмийн зохиолчид барууны арга барил дээр үндэслэн гайхалтай бүтээлүүд туурвисан нь бий. Сүүлийн жилүүдэд гарч ирж буй хөгжмийн зохиолчид гэвэл…?

Ж.Т. Шинэ хөгжмийн төрөлд, электрон болон авангард хөгжим сонирхогч залуу хөгжмийн зохиолчид төрөн гарсаар байгаагийн дотор уламжлалт төрлөөр бичдэг, зөвхөн өөрсдийнхөөрөө бүтээхийг зорилгоо болгодог гээд аль аль нь бий. Дээр дурдсанчлан АНУ, Европт суралцаад ирсэн залуу профессорууд энэ тал дээр олон улсын уралдаануудад дээгүүр байр эзэлж явна. Олон төрлийн сонирхол, чиг шугамыг ийнхүү баримтлан бүтээх нь олон сайн талтай. Дэлхийд өнөөдөр толгой цохиж байгаа Тан Дүн, Бээжинд байдаг Иэ Ша Ган гэх мэт хөгжмийн зохиолчдыг нэрлэж болно. Уламжлал, шинэчлэлийн аль алиныг шингээсэн тэдний бүтээлүүдийг зарим нэг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч ирээдүйд тэд байр сууриа батжуулах биз ээ.

З.Э. Ихэнх төгөлдөр хуурчид нас ахихаараа хөгжмийн зохиолч, эсвэл удирдаач болдог. Ойрын үед юу төлөвлөж байна даа?

Ж.Т. Төгөлдөр хууртаа би их хайртай. Дуусгаагүй олон ч ажил байна. АНУ-д би удирдаач, хөгжмийн зохиолчийн чиглэлээр суралцаж байсан ч миний замнал төгөлдөр хууртайгаа л өндөрлөх байх. Шавь нартаа хайртай болохоор удирдлагын түвшний ажлаа хийхийн сацуу багшлах, өөрийн үзэж харж, сонсож байгаа бүхнээ бусдын боловсролд шингээхийг хичээж байна. Хэр олон уралдаан, фестивальд шүүгчээр оролцоно, тэр хэмжээгээр юм сурдаг. Шинэ юмс хэзээд намайг угтдаг. Монголд ирсэн энэ тохиол маань ч нүдийг минь ахин нэг нээж өглөө.

З.Э. Танд хүч өгч байдаг үг…?

Ж.Т. Аристотелийн “Хөгжим бол математикийн хамгийн дээд хэлбэр юм” хэмээх үг бодолд минь тодоос тод эргэлдэж байдаг. Тиймээс л би хөгжмийг бүхий л амьдралынхаа тэргүүн зорилго болгодог юм даа.□

/Гоодаль сэтгүүл №59-д/

/Гоодаль сэтгүүл №59-д/

 

Уул ус, элстэй нартай газрын, зах хязгааргүй өргөн тал, иргэншилт хотын гээд хөгжим бүр төрж гарсан нутаг орныхоо орчил агаарыг тээдэг мэт… Хотгор гүдгэр бүрийд эгшиг авиа хурган өөрчлөгдөж, хэзээ нэгтээх эртний сүнсийг тээнэ. Дундад азийн дуу хөгжмийг бид шашин, улс төрийн ороо бусгаа байдлаас нь болоод ч тэр үү, төдийлөн таньж мэдээгүй нь үнэн билээ. Тиймээс, ядаж цөөн хэдэн цомгийг нь ч болов уншигчдадаа танилцуулахыг зорилоо.

62841_141902119188367_4768813_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Турк
Нэр: Erdem Ergün
Цомог: YekAhenk /2010/
Фолк, акустик рок урсгалын дуучин, гитарчин Erdem Ergün-ий YekAhenk буюу “Залуу дуурьсал” цомог нь түүний анхны бөгөөд цорын ганц студи Sony Music Entertainment-тай хамтарсан бүтээл аж. “Ахимын сэтгэл”, “Эргэн ирээч”, “Истанбулд”, “Хайр гэдэг…”, “Танихуй” зэрэг долоон дуунаас бүрдсэн эл бүтээл жазз диатоник хөглөгөөн дээр суурилсан бөгөөд акустик гитарын таталт, дуучны нугалаанууд нь хэнбугайг ч турк хөгжмийг ухаж сонсохоос өөр аргагүйд хүргэнэ. Туркийн яруу сайхан зүйлсийн нэг.

br-cd-02959

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Сири
Нэр: Lena Chamamyan
Цомог: Shamat /2007/
Дамаскад төрж өссөн эл эмэгтэй уугуул нутгийнхаа дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн авч Сири, Арменийн уламжлалт дуунуудыг дэлхийн хөгжимтэй сүлж найруулахаар шамдан, улмаар жазз, фадо урсгалаар саксофон, аккордион, латин цохивортой хамсран “Has AsmarElon”, “Shamat”, “Ghаzl El Banat” хэмээх гурван цомог гаргажээ. Өдгөө Парист амьдарч буй тэрбээр саудын арабын хотууд төдийгүй америк, европын томоохон тайзнууд дээр дуулаад амжсан гэнэ. Lena Chamamyan 2010 онд Arabian Business Journal-аас нэрлэсэн Арабын хамгийн нөлөө бүхий 500 хүний жагсаалтанд багтжээ. “Shamat” буюу “Мэнгэ” цомгийн онцлог нь жаззын үндсэн хэв шинж болох импровизацийг аккордион, саксофоноор хөгжимдөж, дуучин нь уламжлалт дууны ая, аялгаар дуулснаар урин тачаангуй оршихуйг таны дотор эрхгүй амилуулна.

niyaz-nine-heavens

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Иран-Америк
Нэр: Niyaz
Цомог: Nine Heavens /2008/
Перс, Араб, Синди, Пунжаби яруу найрагт өргөн тохиолдох шашны сүфийн урсгалын хамтлаг. Уг гурвал 2005 онд байгуулагдсан бөгөөд продюсер, ДиЖэй Кармер Хуццо, дуучин, hammered dulcimer хөгжимчин /Иран, Энэтхэг, Ирак, Баруун өмнөд Ази, Хятадад ихээхэн дэлгэрсэн товшуурын айд багтдаг хөгжмийн зэмсэг/ Азам Али болон түүний нөхөр Лога Рамин Торкиан нарын бүрэлдэхүүнтэй. Торкиан перс үндэсний хөгжим тар, турк баглама, гитар зэрэг зэмсгээр хөгжимддөг агаад калирфонийн фюшн урсгалаар уран бүтээлээ туурвидаг Axiom of Choice хамтлагийн үүсгэн байгуулагч юм байна. Цомгийн есөн бүтээлийг электрон-фюшн, акустик гэсэн хоёр хувилбарт дискээс бүрдэл болгон хийж, аль аль урсгалын балансыг барих замаар үндсэн санаагаа хадгалсан аж. Ингэснээр уламжлалт хийгээд орчин цагийн дуугаралтыг сонсогчид өөрсдийн хөгжмийн амталгаагаар сонгох нөхцөлийг бүрдүүлжээ.

album-front

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Ливан
Нэр: Mashrou’ Leila
Цомог: El Hal Romancy /2011/
Лейлагийн прожект/шөнийн прожект ч гэдэг/ нь 2008 онд Байрут дахь Америкийн их сургуулийн хөгжмийн нээлттэй хичээлээс бий болсон алтернатив рок хамтлаг юм. Хамтлагийн гитарчин, төгөлдөр хуурч, хийлч нь сургуулийнхаа бусад тэнхимийн залуусын дунд нээлттэй шалгаруулалт зарласнаар одоогийн зургаан гишүүн бүрдсэн бөгөөд өдгөө Араб, Европ, Америкийг дамнасан олон тоглолт тавигдахын эхлэл болжээ. Хамтлагийн анхны цомог дүнсгэр, гашуун, меланхоли дуунуудтай. “Лейлагийн явсан замаар алхсан, орон дотроо хөрвөсөн, чамаар хаш чулуу тоглуулангаа хувцсан дээрээ кофе асгаж, бас бүжиж амжсаныг та шуудхан мэдэрнэ” хэмээн тэд цахим хуудсандаа бичжээ. Үнэхээр ч тэдний хөгжим хэнээс ч үл хамаарсан, басхүү хэнд чиг хамааралтай байж болох араб рок билээ.

51JlP0K5efL._SL500_AA280_

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Иран
Нэр: Dariush Eghbali
Цомог: Mojezeyeh Khamoosh /2009/
Нэгэнт бид дундад азийн хөгжмийн тухай ярьсан тул ираны бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог Дариушын талаар дурдахгүй өнгөрвөл алдас болно. Поп-Баллад урсгал аль ч нийгэмд хүмүүний чихнээ хамгийн ойр байдаг нь өнөөдрийг хүртэл хамгийн амь бөхтэй байгаагаас харагдана. Түүний хөгжим перс үндэстний хөгжмийн үндсэн гармони, стиль, хэм хэмнэл, дуугаралтыг шингээж, хөгжим хүмүүний сэтгэлийг анагаагч гэдэгт итгэдэг мянга мянган сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн нь эзнийгээ ийн өргөмжлөгдөхөд хүргэсэн болов уу. Техранаас гаралтай Dariush Eghbali 1971 оноос хойш нийт 26 студийн цомог хэвлүүлжээ. Тэдгээрийн дундаас “Аниргүйн гайхамшиг” хэмээх эл цомог нь түүний 30 жилийн туршлагын илрэл, сэтгэл рүү нь дахин хүрэх зам, ерөөс “би”-г нь тойрох тоймгүй олон асуудлын луужинг хайх сэжүүрээс урган гарсан гэлтэй. Бүх эгшгийг хаанаас үүдэлтэйг асуувал тэд нам гүм рүү заах байсан биз ээ.□

/Гоодаль №58-д/

/Гоодаль №58-д/

 

Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг. Бид газар үзэх тоолондоо төрөлх нутгийнхаа талаар тодорхой ойлголттой болж, шинэ хүмүүстэй танилцах бүрийдээ өөрийнхөө талаар илүү мэдэж авдаг бололтой. Даяаршсан энэ цагт агаарын, газрын, усан замаар дэлхийг хөндлөн гулд хэрэхийн төдийд бөмбөрцөг бүхэлдээ нэгэн цэг мэт жижгэрч, ой санаанд багтана. …Хэзээ ч ханаж цаддаггүй сэтгэл гээчийг хооллож умдаалавч хоосон хэвээр үлддэг гэлцэх. Тэгтэл өнөөдөр буй зүйлдээ талархан, аливааг байгаагаар нь хүлээж авах уужим сэтгэлтэй Мартин Зенкер мэтийн хүмүүстэй цаг хугацааны хөврөлд учрахуй газрын гаваар ороод нуугдчихмаар санагдах юм. Монголд сүүлийн хоёр жилд хэд хэдэн удаа ирж хөгжимдөж буй тэрбээр 21-хэн настайдаа Хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн бүх цаг үеийн хамгийн залуу контрабассчин. Үүнээс таван жилийн дараа дэлхийг тойрсон төгсгөлгүй аялан тоглолтоо эхлүүлсэн аж. Мартин Зенкер Мюнхений консерваторид, мөн сүүлийн жилүүдэд сөүлийн сургуулиудад урилгаар багшилснаас гадна хэд хэдэн гарын авлага эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ бүгдээс илүүтэй тэрбээр миний хувьд амьдралдаа уулзсан хамгийн энгийн хүмүүсийн нэг байсан юм. Уншигч та өдгөө цагт түүний талаарх хангалттай мэдээллийг гүүгл, википедиагаас шуудхан олчих учир “тодотголоо” энд хүргээд орхиё. Харин ярилцлагаа эхэлье.

1620407_10152199058043856_645539671_n

Мартин Зенкер /Контрабассчин, чөлөөт уран бүтээлч/

Зоригтын Энхмөнх. Зенкер, та маш олон газраар аялжээ. Монголд байнга ирж хөгжимдөх болсон гол шалтгаан тань юу вэ. Монгол үнэхээр жаззаар цангасан газар мөн гэж үү?

Мартин Зенкер. Тийм ээ, би их олон газраар явсан. Онцгойлоход, Монгол бол жаззын хувьд ихээхэн шинэ газар. Монголчуудад жазз сонсох хэрэгцээ байгаа эсэхийг мэдэхгүй ч жаззаар цангаж байгаа газар гэж хэлнэ. Монголд жазз хэрэгцээтэй гэхээс илүү жаззыг хүсч байна гэж харж байна. Иймээс л би энд ирдэг.

З.Э. Жазз хөгжим үүссэн цагаасаа л хил хязгаараа тэлсээр ирсэн. Хэдэн жилийн өмнө Осло хотыг жаззын төв болж байна гэлцдэг байлаа. Тэгвэл таны бодлоор өнөө цагийн жаззын халуун цэг хаана байна вэ?

М.З.1960-1970-аад онтой харьцуулах аргагүй ч эүгээг хүртэл Нью-Йорк халуун цэг хэвээр байна. Үүнээс өмнө Чикаго шууруулж байлаа. Өнөөдөр хүн болгон Нью-Йоркт амьдрахыг хүсч байгаа ч “амь гарч” байгаа нь цөөхөн. Тоо томшгүй хөгжмийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн зохиогдож байна. Энэ нь хөгжимд өөрт нь сайн эсэхийг би мэдэхгүй. Үүний сацуу Лондон, Сөүл зэрэг олон хот хөгжимчдөд илүү бүтээлч байх боломжийг олгож, дэмжиж байна.

З.Э. Азийн жаззын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

М.З. Япончууд жазз сонирхож эхлээд олон жилийн нүүр үзэж байна. Тавиад оны дунд үед бил үү, магад түүнээс өмнө өөрийн гэсэн жазз хөгжмийн уламжлалтай болсон. Харин Шанхайд иргэний дайны үед буюу гучаад оноос жазз өөрийн гэсэн хэлбэрээ олсон. Ингээд бодохоор дэлхийн бүх хот их бага хэмжээгээр ямар нэг төрлийн жаззыг хөгжимдөж байна. Малайз, Индонез, Солонгос гээд бүгд жаззын өөрийн гэсэн соёлтой болжээ.

З.Э. Таныг 30 шахам цомог гаргасан гэдгийг цахим хуудаснаас тань олж мэдлээ. Мартин Жэйкобсэнтэй хамтарсан сүүлийн цомгийн тань онцлог юу вэ?

М.З. Токиод тоглосон тоглолтоос шууд бичсэн бичлэг л дээ. Би зарим нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Тухайлбал, өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг бөмбөрчдийн нэг Марк Тэйлортой цуг хөгжимдсөн явдал. Мэдээж аяллаар явж байхдаа тоглолтоо бичүүлнэ гэдэг сайхан хэрэг. Тэгээд ч цомгийг маань их нэр хүндтэй компани бичсэн. Энэ цомгоо би өөрийнхөө хийж чадах хамгийн сайн цомог гэж хэлэхгүй ч гаргасан цомгуудын маань эхний гурав юмуу дөрөвт багтана гэж бодож байгаа.

З.Э. Хэн нэгэн хөгжимчин тайзан дээрээс сонсогчийг удирдахад яг юу илэрхийлснийг нь ойлгохгүй өнгөрөх тохиолдол сонсогчдод байдаг. Ер нь юу таны импровизацийг голлон хөглөдөг вэ?

М.З. Үнэндээ бол сонсогч өөрөө хөгжимчин юмуу, эсвэл энэ чиглэлээр суралцаагүй л бол юуны тухай хүүрнэснийг ойлгохгүй. Тийм боломж ч олдохгүй. Гэхдээ юу гээч? Энэ тийм чухал биш. Хэрвээ бид ямарваа нэг хөгжмийн сэтгэл хөдлөлийг таны зүрх сэтгэлд хүргэж чадах аваас тэр нь л хөгжмийг ойлгох тухай томьёолол юм даа.

З.Э. Уран бүтээлчийн хувиар үзэгчээ голох үе байдаг уу?

М.З. Үгүй дээ. Яах вэ, заримдаа тэд маш чанга ярилцах нь бий. Энэ тохиолдолд би өөрийнхөө тоглолтыг тийм ч сонирхолтой бус байгаа юм болов уу гэж боддог. Хэт их саад болоод байхгүй л бол хөгжимдөө анхаарлаа төвлөрүүлээд, үзэгчдийн талаар бодох завгүй байдаг. Тэд хэдийнэ хүрээд ирчихсэн байгаад нь талархдаг болохоос ямар нэгэн хүлээлт, хүсэлтийг өөртөө бий болгодоггүй.

З.Э. Олон жил хөгжимтэй нөхөрлөсөн хүмүүсийн хувьд хөгжимддөг зэмсэг нь биеийнх нь нэг хэсэг болчихдог мэт санагддаг. Хэрэв таныг контрабасстайгаа адил гэвэл зөвшөөрөх үү?

М.З. Жазз хөгжим дэх контрабассын үүрэг надад маш их таалагддаг. Контрабасс хөгжим тоглож буй хүнээсээ маш их төвлөрөл шаарддаг. Тухайлбал, 4/4 хэмжээтэй зохиол хөгжимдлөө гэхэд дөрвөн ноот тутмын нэгт би шийдвэр гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөгжмийн агшинд хамгийн ойр байна гэсэн үг. Эргэлт, шийдвэр бүрийг бассистууд гаргана. Энэ бүхэн арын фронтод болж өнгөрөх хэдий ч зүг чиг бүрийг зааж байдаг болохоор би хөгжимдөө дуртай.

З.Э. Жазз хамгийн чанд онолтой юм шиг атлаа бас яг ч тийм биш. Зарим талаараа хөгжимчин хамгийн эрх чөлөөтэй тоглох авч нөгөө талаар хайрцгандаа байж л байдаг. Та ер нь жаззыг юу гэж тодорхойлох вэ?

М.З. Хүнд асуулт байна шүү. Дюк Эллингтоноос ингэж асуухад “Жазз бол хөгжим шүү дээ”гэж хариулсан байдаг. Би ч бас ингэж л хариулъя /инээв/. Өнөө цагт эл урсгал нь жазз хэмээх шошго зүүсэн өөр ямар ч хайрцагт үл багтах зүйл болсон шиг. Таны хэлсэнчлэн бие биеэ үгүйсгэхгүйгээр зэрэгцэн орших ихээхэн хэмжээний эрх чөлөө, тийм хэмжээний хууль дүрмүүдийн дунд байдаг төрөл. Хэрэв гадаад хэлтэй зүйрлэвэл, дүрмээ сайн эзэмшээд, торохгүйгээр хэрэглэх тусам төдий дайны чөлөөтэй агуулга, илэрхийлэмжийг хүнд хүргэдэг. Мөн та тоглоомын дүрмийг өөрчилж, хаа нэг тийш хүрье гэхэд болохгүй зүйлгүй. Үүнд л жаззын хүч хийгээд бидний хэлээд байгаа эрх чөлөө нь оршдог юм.

З.Э. Хөгжим бол хэл гэж та хэллээ. Түүнчлэн, та энэ хэлээр орон орны хөгжимчидтэй ярилцсаар ирсэн. Ер нь та багийн тоглолтод дуртай юу, эсвэл хувийн тоглолтыг илүүд үздэг үү?

М.З. Багийн тоглолт байлгүй яах вэ. Тийм биш бол би контрабассчин байж чадахгүй шүү дээ. Миний хувьд багийн хамгийн чухал тоглогч бол бөмбөрчин. Тэгээд ч бөмбөр, контрабасс хоёр бие биетэйгээ нягт холбоотой байх учиртай хөгжмийн зэмсгүүд. Үүний дараа төгөлдөр хуурч орно. Тэгээд бусад нь.

З.Э. Та жилд дунджаар дотоод гадаадын 300 шахам тоглолтод оролцдог. Жазз таны дотор хэдийнэ байсан болохоор та хөгжимддөг үү, эсвэл энэ нь танд аажмаар олдсон зүйл үү?

М.З. Би үргэлж л хөгжимд дуртай байсан. Гэр бүлийн маань хүмүүжилтэй холбоотой л доо. Аав маань хөгжимчин байгаагүй ч сонгодог хөгжим байнга сонсдог байсан. Ингээд би долоон наснаасаа хийл сурч эхэлсэн. Арван хоёртойдоо анх удаа өөрийн жазз пянзтай болж, түүнийгээ ихэд нандигнадаг байлаа. Контрабассыг нь Пэрси Хийф хөгжимдсөн байсан шиг санагдана. Тэр үеэс л жазз хөгжимчин болохыг хүсч эхэлсэн дээ. Тэгэхээр миний дотор ямар нэгэн үр суулгаатай байсан нь ургаж, одоо ч ургасаар байгаа юм болов уу. Ургаж байгаа л гэж найдаж байна.

З.Э. Уран бүтээлч хүн ихэнхдээ “тэнгэрт” байдаг. Харин эдийн засаг, бизнесийн мэргэжилтэй хүмүүс “газарт”, нарийн төлөвлөгөө тооцооны дагуу ажиллаж байдаг шиг санагддаг. Харин та энэ балансыг хэрхэн барьдаг вэ?

М.З. Миний бодлоор энэ тийм ч үнэн гаргалгаа биш байна. Хуанлиа сөхөөд харвал миний тоглолтууд ирэх оны есдүгээр сар хүртэл тэмдэглэгдсэн байгаа. Тоглолт бүрийн өмнө нислэгийн тийз, байрлах байраа захиалахаас эхлээд асар их ажил ундарна. Эндээс амжилт шууд хамаардаг. Гэхдээ энэ бүгдийн арай зугаатай хэсэг нь тайзан дээр өрнөдөг юм. Тиймээс, магадгүй би ирэх есдүгээр сард юу хийхээ зарим эдийн засагч, банкируудаас ч илүү сайн мэдэж байж болох.

З.Э. Газар үзэх тусам хүмүүний аливаад дасан зохицох чадвар тэлдэг юм шиг ээ. Аяллаас та юуг олж ухаардаг вэ?

М.З. Аливаа орон нутагт хэт дасан зохицох нь тийм ч чухал бус. Жишээ нь, Монголд ирэхээрээ монголжуу зантай байхыг хичээх, Герман руугаа буцахаар өөриймсөг аашлах шаардлагагүй. Аялах тусам нөхцөл байдалд шударгаар хариу үйлдэл үзүүлж, хүмүүстэй шударга харилцаа үүсгэхийг илүүд үзэж, улам энгийн болсоор байдаг.

З.Э. Их аялдаг хүний амьдралын хэв маяг сонирхолтой байдаг байх. Та энгийн нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

М.З. Жишээ нь, өнөөдөр л гэхэд маш энгийн өнгөрлөө. Зочид буудлынхаа өрөөнд сэрээд зарим хувцас хунараа угаалаа. Энэ чинь бас л “газрын ажил” мөн биз? Өдрийн хоолны дараа 40 минут гүйсэн. Орой УБ жазз клубт хөгжимдөнө. Аялалгүй өдрүүд нэг иймэрхүү л өнгөрнө. Маргааш ч бас ийм байх төлөвтэй.

З.Э. Өнөөг хүртэл хуримтлуулсан туршлагаас амьдралд тань хамгийн үнэ цэнтэй нь юу байв?

М.З. Хамгийн үнэ цэнтэй нь мэдээж хөгжим. Жилд дунджаар 300-гаад тоглолт хийдэг, бүгд фантастик болохгүй ч цөөн хэд нь надад ихийг өгдөг. Миний бүхий л аялал, нислэгийн хуваарийг зохицуулж, арын албанд зүтгэдэг эхнэр маань надад хэнээс ч илүү үнэ цэнтэй. Эрүүл орших, гүйх, дасгал хийх бие физиологийн чадвартай байна гэдэг чухал. Эдгээрийг л би нэрлэнэ дээ.

Би/Бид (энэ удаад зөвхөн өөр дээрээ ярья) шинэ жилийн захиалгаар аль болох үзэгчээ “хууралгүй”, ядахдаа л “амьдаар” чанартай, басхүү хариуцлагатай тоглолтуудыг үзүүлэхийг хичээсээр ирсэн. Би өөрөө мэйнстрийм хөгжим хийж, сайн сайхан дуулж, хөгжимдөж гавиагүй л дээ. Гэвчиг манай зарим шинэ жилийн арга хэмжээнүүд дээр дуулж хөгжимдөж буй уран бүтээлчид хийгээд шинэ жилээ тэмдэглэх тэр нэгэн “ёсыг” хараад сэтгэл гонсойв.

Сураг бараа нь үл мэдэгдэх сунайсан олон гуншинтай этгээдүүд ч тэр, мэргэжлийн гэх уран бүтээлчид нь ч тэр тайзан дээр гарч улиг болсон нялуун хэдэн дуугаа бялууртал нь дуулж, түүгээр нь ч үзэгчдээ торгоон барих нь сонихон аж. Мэргэжилтэй байна гэдэг мэргэшихийн нэр бас биш дэг ээ. Хөөрхий захиалагч ч хоромхон зуур хөнгөн хэмнэлд баясаад өнгөрдөг юм байж гэхэд урлаг гээчийг сурталчлагч өнөөх “урнаар бүтээгчид” маань хэдүй болтол түмнээ түргэн хүлхээд дуусах хямдхан чихрээр хуурч, түрийвчээ зузаалан, брэндийнхээ гоёогоор гангарах бол? Удахгүй байх л гэж… Цаг нь ирэхээр үзэгчид тэднийг таягдан хаяж уучлаарай, та ядаж жанрынхаа ялгааг ойлго, “дэлхийн жишигт” нийцэхгүй байна, баяртай гэх болов уу? Эсвэл нийтийн дууны “нэрт мастерууд” нь байдаг “рок поп” гэгчүүдтэйгээ нэгдэн нийлж өнөөх ижил үхмэл аранжеровкагаа тоглуулж, улиграсан дуунуудаа түмэн янзаар дуулж дүрсжүүлээд тусдаа нэг “сумын төв” босгох болов уу? Үүний сацуу мөн чанарыг нь мэдэхгүй атлаа хэв маягт нь хоосон дурлаж, хээнцэр харагдах гэж “үзэгчид” ядна. Сонсож байгаанууд нь ч ялгаж салгах боловсрол, туршлага нимгэндээ ч юмуу, балгасан сархадныхаа халуунд ч юмуу дагаад л “хөгжилдөнө”. Эсвэл ялгах чадвартайнууд нь бүлх залгисан мэт дуугүй суудаг юм болов уу? За энэ ийм байж. Ингэхэд энэ бүхний цаадхи үндсэн зорилго нь зүгээр л хором төдийд хөгжилдөөд өнгөрөх бол яана? Тийм бол бүр ч авах юм алга даг аа… Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэгчээр нүд нь балай чих нь дүлий өнгөрье гэхлээр дотор бас л зулгаах.

Humanitarian Visualisation

Everything disappears-like the rain. Only the photo remains- like the earth.

vipassanamongolia.wordpress.com/

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай. СН.Гоенка

The Eternal Gypsy

I'm a gyspy, are you coming with me?

TSENDPUREV Tsegmid, Ph.D.

Artist & Researcher

LIVE FROM UB

A documentary film about rock and freedom in the new Mongolia

Kush Page

Өөрийгөө олсон "би"-н хэмжээ буюу хөгжмийн тухай бодролууд

%d bloggers like this: