Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Ярилцлага’ Category

11220785_10153315193778114_2107022540026062398_o

Сүрэнжавын Наран /дуучин/

/Гоодаль сэтгүүл No.71-д/

Зоригтын Энхмөнх. Гүүрэн дээр хар хувцастай зогсох дүр зураг бүхий 1990-ээд оны клипийг тань санаж байна. Дуулах зөн танд байсан учраас л дуулж эхэлсэн байх. Уран бүтээл хийж эхлэхдээ та өөрийгөө олсон байсан уу?

Сүрэнжавын Наран. Аливаа зүйлийн эхэнд үндэс суурь, шалтаг шалтгаан гэж байдаг. Ерээд оны эхээр СУИС-ийн кино драмын ангид суралцахаар Хөвсгөлөөс орж ирээд удаагүй байлаа. Драмын ангид сурч байхад дотроо юу хүсээд байгаагаа сайн ойлгохгүй, нэг л зүйл дутаад байгааг л мэдэрдэг байсан. Гэтэл 1992 онд Франц дууны уралдаан болж, би тэргүүн байрыг нь авлаа. Тэмцээн хүний сэтгэл зүйг их өөрчилдөг. Тайзан дээр гараад дуулах мэдрэмж, сэтгэл хөдлөл, үйлдэл, хоолойн өнгө, хурц гэрэл, алга ташилт миний хувьд өөр ертөнц байсан. Урьд нь хөгжмийн наадамд орж байсан боловч яг энэ тэмцээний үеэр л миний дотоод ертөнц юу үгүйлээд байдгийг, өөрийнхөө юу хүсч байгааг илүү мэдэрсэн. Дууны аялгуу, үг хүнийг өөр ертөнцөд аваачдагийг ойлгож, түүнээс хойш дууг асар ихээр сонирхож, ах эгчээсээ кассетны хөгжим гуйж аваад Queen, Pink Floyd, Van Halen, The Beatles, Aerosmith, Guns’ Roses-ийн хөгжмүүдийг сонсож, түүгээр амьсгалж эхэлсэн дээ. Нийгэм хэцүү санагдаж байсан учир дуулах, сонсох, хөгжмийн сэдэв, сэтгэл хөдлөлүүд тэр зүгт чиглэн, чихээр дамжсан хөгжмүүд тархи оюун, сэтгэл зүрхийг тэр чигээр нь рокоор хөглөж байлаа. Ингээд 1993 онд Д.Наранчимэг гэдэг шүлэгчтэй санамсаргүй танилцан, түүний номоос “Өөртөө бичсэн мөчлөг” шүлгийг нь сонгон авч, Б.Ангирмаа надад аяыг нь зохиож өгсөн. Ингээд анхны дуу маань

“Гуйж гувшаад ч нэмэргүй

Цаг хугацаа зогсохгүй

Гуядаж давираад ч ялгахгүй

Цаг хугацаа яарахгүй” гэж ухаарлын өнгө аястайгаар эхэлсэн дээ. Mongolian Music продакшны захирал Ц.Чимгээ, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь хоёр миний анхны клипийг буюу чиний саяын хэлсэн тэр гүүрэн дээрх зураг авалтуудыг санаачлан хийж билээ. Анхны уран бүтээл намайг ингэж хөтөлж, цааш алхуулж, дуучин Н.Ганхуяг, Б.Сарантуяа нар англи дууны тоглолтоо толилуулахад Ж.Алтанцэцэг бид хоёр арын хоолойг нь дуулаад зогсож байлаа. Өлсөж буй сэтгэлийг минь урлаг л тэжээн тэтгэж ирж дээ.

З.Э. Таны бүтээлүүд агуулга, стилийн хувьд их өргөн хүрээтэй юм. Imagine дууллаа ч, хип хоп хамтлагтай дуулсан ч бүгд өөрийнхөөрөө санагддаг. Та ер нь хэнд зориулж дуулдаг юм бэ?

С.Н. Өөртөө. Хүн өөртөө сайн зүйлсийг худалдан авч, сайхан хоол хүнс хэрэглэхийг хүсч, сайхан үгсэд сэтгэл баясч, өөрөө өөртөө гайхамшигтай зүйлсийг бэлэглэдэг. Хүн өөрийгөө хуурахгүй байвал бусдыг хуурахгүй. Өөрөө зөв сонсож байвал хүмүүст бас зөв сонсогдохын эхлэл. Мэдээж хүн бүрийн ертөнц өөр учраас миний дууг хүлээж авах нь харилцан адилгүй л дээ. Миний дуунуудыг сонсдог үнэнч сонсогчдын ертөнц минийхтэй нэлээд төсөөтэй байх шиг санагддаг. Хэцүү нөхцөл байдлаас амжилтанд хүрсэн ч юм уу, ганцаараа бүхнийг махран туулсан ч юм уу… Амьдралын өнгүүдийг таньсан, гүн гүнзгийгээр тунгаадаг сонсогчид байдагт баярлаж явдаг.

З.Э. Таван хэлээр хэвлүүлсэн цомгийн тань нээлтийг тодхон санаж байна. Уран бүтээл, менежмент гэдэг хоёр зүйл чухал болоод явчихлаа. Гэхдээ ний нуугүй ярихад урлагийн бизнесээ хүмүүс урлаг гэж андуурах тохиолдол байна. Үүний нөгөө талд сайн бүтээл туурвигчид нь бас хоолоо олж идэхийн тулд маркетинг, менежментийн ойлголттой байхгүй бол болж өгдөггүй…

С.Н. Ерөөсөө л үүний учрыг олох гэж БНХАУ-д урлагийн менежментээр магистр хамгаалсан юм шүү дээ. Уг нь бид амар тайван дуулж хөгжимдөөд л явж байх учиртай. Гэтэл бүгдийг сэдэж, төлөвлөгөөгөө бичиж, продюсерээ хийж, нүүрээ улалзуулан байж ивээн тэтгэгч хайж, дуугаа, үгээ зохиолгож, зохиож, хөгжмийн найруулагчаа, хөгжимчдөө сонгоно гэхчлэн менежментийг өөрсдөө л хийнэ. Бүр задалбал их зүйл бий. Манайд зах зээл дэндүү бага. Энэ жижиг зах зээл дээрх урлагийн бизнесийг эргэлдүүлэхэд дуучид бид асар их хувь нэмэр оруулдаг. Маш олон хүний хүч, авьяасын нэгтгэл бөгөөд түүнд зарцуулагдах зардлыг бид өөрсдөө л гаргадаг. Урлагийг ойлгодог, биднийг дэмжин хамтарч ажилладаг цөөн хэдэн компани нь яаж бүх дуучдаа дэмжиж хүчрэх билээ. Бидний үнэн бодит байдал энэ. Иймээс бид их том харж, орон зайгаа гадагш тэлэх сайн бодлого явуулах хэрэгтэй юм. Таван цомгийн ажил бол миний магистрын ажил л даа. Хамгийн гол нь таван орны зах зээлийн судалгаа байсан юм. Мэдээж судалгааны үр дүнд зах зээлийн хэмжээ болон соёлын ялгаа, тухайн орны бодлогын асуудлууд гарч ирсэн. Ямар дуу сонсож хэрхэн хүмүүжсэн, ямар түвшний цомгийг тэд байнга худалдан авдаг, тухайн орны хүмүүсийн ухамсар, сэтгэлгээ гээд чухал зүйлс бий. Яагаад Америк, Англи, Япон, Солонгост өөр байна вэ? Яаж тэд өөрсдийгөө чадамгай илэрхийлж, зах зээлээ тэлж, эзэлж чадаж байна вэ? Үүний үндсэн шалтгаан нь хүнийг багаас нь урлагт дуртай болгож, урлагийн бүтээлүүдийг хайрлан ойлгодог болтол нь ухамсарт нь нөлөөлж, боловсролыг системтэйгээр сургаж, ухааруулах явдал юм билээ. Ингэж л ирээдүйн урлагийн хүмүүс болон урлаг ойлгодог үзэгчид, урлагийг хайрладаг дэмжигчид, тэтгэгчид бий болж, хөгжин тэлж байдаг. Гэтэл манайд уран зохиолын хичээлийг оруулахгүй байх тухай яригдаж байгаа нь жинхэнэ аймаар мунхаг дүр зураг шүү!

З.Э. Цомгийн “I can’t say goodbye” дуу хятад хэлээр, “Зуун зуун жил” орос хэлээр, “Welcome to my heart” монгол хэлээр чихэнд илүү наалдаж сонсогддог. Бүтээлээ туурвихдаа та нэг талаас өөрийн чадварыг харуулсан уран бүтээлч чанар, нөгөө талаас энэ маань борлогдох ёстой гэсэн зорилгыг тавьсан болов уу. Хоорондоо зөрчилддөг энэ хоёр чанарыг огтлолцуулахад амаргүй еэ?

С.Н. Үнэхээр амаргүй ажил байсан. Яаж ард нь гарсан юм бол гэж одоо бодогддог. Энэ цомог яг миний төлөвлөснөөр үр дүнгээ сайн үзүүлсэн л дээ. Нэгт, магистраа сайн хамгаалах. Багш нар намайг зөвхөн бичсэн ажлаараа хамгаална гэж бодож байсан бол би бодитоор таван цомог болон судалсан зах зээлүүдийнхээ тооцоонуудын хамт хамгаалсан. Хоёрт, гол зорилго нь борлуулалт бус тоглолтын захиалгууд орж ирэх явдал. Цомогт маш их хөрөнгө зарцуулсан нь тодорхой. Харин зардлаа Монголынхоо болон бусад орны тайзан дээр дуулж олох ёстой гэж тооцоолсон. Гуравт, Монголын Наран ямар хэмжээний дуучин бэ гэдгийг намайг урьж дуулуулсан гадны продюсерүүд, надтай нэг тайзан дээр дуулж байсан дуучдад харуулах. Эцэст нь, монгол аялгуу, монгол ахуйг гадныхан өөрсдийнхөө хэл дээр сонсох нь их сонирхолтой биз дээ. Тиймээс монгол дуу, монгол ахуй юуг өгүүлдэг юм бэ гэдгийг ойлгуулахыг хүссэн. Мэдээж би төгс биш учраас олон хэлээр дуулахад асуудлууд маш их тулгарсны дээр англи хэл, аялга маань Хятадад сурч байсны улмаас их муу болсныг анзаарсан. Таван хэлээр цомог гаргасныг олон хүн гайхаад, сөргөөр хараад байдаг. Яагаад болохгүй гэж? Өөрийгөө сорих, шинэ эрэл хайгуул хийх, том туршлага хуримтлуулах, олон зүйлийг ойлгох нь чухал. Иймэрхүү бүтээлч оролдлогуудыг хэн нэгэн нь хийхгүй бол хэзээ ч урагш ахихгүй. Хэрэв монголын зах зээл том бол би өөрийн дуртай рок, эсвэл блюз дуулаад, бусдыг нь дуулах шаардлага надад гарахгүй. Урлагийн бизнест хөл тавьсан залуу дуучид тав биш зургаа, бүр түүнээс ч олон хэлээр дуулах хэрэгтэй.

Цомгийн борлуулалтаас их хэмжээний мөнгө олдог цаг өнгөрсөн. Дэлхийн зах зээл дээр ч ялгаагүй. Ер нь цомог гэдэг нь дуучдын нэрийн хуудас учир “Нөхөр Наран таван хэлээр өөрийн нэрийн хуудсыг хийсэн” л гэж тайван ойлгож болно шүү. Тэгэхээр цомгоо гаргасаар байх нь чухал. Сайн цомог гаргавал олон тоглолтын урилга авна. Би Хятад, Япон, ОХУ болон өөр олон газар уригдан дууллаа. Цомог маань намайг тэжээж чадсаан.

З.Э. Аливаа уран бүтээлийн цаана үзэл санаа гэж бий. Нарангийн дуунуудын цаана Нарангийн үзэл санаа бий гэж ойлгож байна. Таны дуунууд аав ээж, нутаг ус, хайр дурлалын гээд олон сэдэвтэй. Хамгийн дуртай сэдэв аль нь вэ?

С.Н. Хүн дотроо маш олон зүйлийг тунгаан бодож явдаг учраас тусдаа нэг дуртай сэдэв гэж үгүй. Амьдралдаа хүн үй олон өнгө будаг, уналт босолт, үхэл зовлонг үзэж туулдаг. Цомгийг маань сонсоод хэн нэгэн хүн ямар нэг зүйлийг ухаараасай гэж хүсдэг. Хүний ухамсарт нөлөөлөхийг би хүсдэг. Бид багагүй хэмжээгээр нийгэмдээ нөлөөлж чадах учраас нийгэмд хэрэгтэй зүйлийг дуулах ёстой гэж боддог. Энэ үүргээ мартаж болохгүй. Тийм учраас зөв үгтэй, зөв монгол хэлтэй дуунуудыг хүргэх ёстой. Дуу өөрөө түүх болж үлддэг.

З.Э. Таны сэтгэлд хоногшсон тайз?

С.Н. Тайз болгон амаргүй. Гэхдээ бүгд амттай. Улс орон болгоны үзэгчид өөр. Миний сэтгэлийг хамгийн их татсан гадны үзэгчид бол япончууд. Тэд нүдээ анин, ямар нэгэн гайхамшгийг мэдэрч байгаа мэт сонсдог.

З.Э. Сонсогчдоо голж байсан үе танд бий юу?

С.Н. Тэд өөрсдийн дуртай дуу, дуучид, хамтлагийг сонгон сонсдог. Харин бид сонсогчдыг сонгохгүй шүү дээ. Гэвч миний дууг ойлгохгүй, мэдэрч чадахгүй хэдэн хүнд дуулах  тохиолдол гарч байсан. Намайг урьсан хэрнээ нийтийн дуучны хоёр дууг нэхээд байж билээ. Харин би маш сайн ойлготол нь ярьж, тайлбарлаж байгаад дуулж өгсөн. Үр дүн нь сайхнаар төгсөж, нэмж хэдэн үзэгчтэй болсон доо.

З.Э. Тайзан дээр гарахын өмнө, дуулах үед, дуулсны дараах үед шаталт явагдана. Энэ нь байнга давтагдана. Та тэр шаталтыг хэрхэн дарж, тэнцвэрийг барьдаг бол?

С.Н. Мэдрэмж, сэтгэл догдлол… Чиний хэлж байгаагаар бол шаталт юм. Тоглолтуудын тайзны ард, гарах ээлжээ хүлээн амьсгаа даран зогсох үед “Чи тоглолт “алж” болохгүй. Дууныхаа үгийг санаж байгаа биз, дурак аа” гэж өөртэйгөө ярина. Энэ үед чи хэр зэрэг хүн болсноо мэдэрдэг. Нэр зарлаад, гэрлийг зүсэн гарч дуулж дуусаад алга таших чимээг сонсоно гэдэг юугаар ч орлуулшгүй аз жаргал юм. Би нүдээрээ хараагүй байхдаа л хүнийг сэтгэлээсээ дуулж байгаа эсэхийг шууд мэдэрдэг. Заримдаа би юу бодож дуулж байгааг нь ойлгодоггүй. Зүгээр л дуулж боломгүй санагдана. Өдөр бүр сэтгэл хөдлөлүүд өөр байдаг. Дуу түүх өгүүлнэ. Үүнийг ямар нэгэн жүжигтэй зүйрлэвэл жүжгээ сайтар ойлгосон байх ёстой юм. Тайзан дээр гарсан тохиолдолд тэр дууны жүжгийг л хүмүүст ойлгуулах явдал үндсэн зорилго нь. Зүгээр л үзэгчдэдээ таалагдахын тулд бид дуулдаггүй, өөрөө өөртөө таалагдах гэж дуулдаг юм. Идэж үзээгүй амттаныг идэх мэт тэр мэдрэмжийг тоглолтуудаас авах шиг сайхан зүйл үгүй.

З.Э. Та олон жил дууллаа. Дуулах нь таны тухтай бүс мөн үү?

С.Н. Яагаад олон жил дуулсан юм бэ, тухтай бүс учраас л тэр. Их сонирхолтой асуултууд асуугаад, чи өөрөө дуулдаг учраас их өөр өнцгөөс яриулах гээд байх шиг байна. Чи мэргэжлийн биш байсан ч ямар нэгэн зүйлд хүрэх гэж үнэхээр шамдаж, түүнийхээ төлөө шантралгүй зүтгэвэл амжилтанд хүрнэ. Яагаад туйлбартай байсан бэ гэвэл би дуунд маш их хайртай. My voice гэдэг дуунд маань өгүүлдэг шиг л… Тайзан дээр гарахад өөдөөс ширтэх үзэгч бүрийн харц бол миний эрч хүч. Дуулах бол миний амьдрал. Үхэн үхтлээ би дуулсаар байх болно. Хүний амьдрал гэдэг ийм л зүйл байдаг. Амьдрал үнэндээ өөрөө хоосон. Өнөөдөр чи бид хоёр цай уугаад сууна, маргааш юу болохыг мэдэхгүй. Өөрөө өөртөө үнэнч байж, бие сэтгэлийг минь тэжээгч энэ дуунууддаа би хайртай байхаас өөр арга байхгүй. Энэ л амьдралын утга учир шүү дээ.

З.Э. Хэрэгцээгээ харвал хуулийн ангид, хообийгоо дагавал утга зохиолын ангид суралцмаар байна, би. Харин танд цаг, боломж гарвал сурмаар санагддаг чиглэл бий юу?

С.Н. Яг тодорхой бодсон зүйл алга. Сурна гэдэг өөрөө чухал зүйл. Сурахгүйгээр, ном уншихгүйгээр, ямар нэгэн өөр нэмэлт ертөнцгүйгээр хүн хөгжихгүй. Өөрийгөө хамгийн их завгүй болгодог зүйл маань эрэл хайгуул.

З.Э. Өнгөрсөн цагт өөрт минь таалагдаагүй “би” олон бий. Болохыг хүссэн нэгэн шигээ амьдрах, яг тийм хүн болох хоёр ялгаатай. Өөрийгөө бий болгосон би тань юунаас эхтэй бол?

С.Н. Амьдрал их баялаг юм. Хараад байхнээ, залуу байхаасаа өнөөдрийг хүртэл би нэг л ханатай байжээ. Амьдралд өдөлт, тоншилтууд бишгүй тохиолдоно. Хана далийх гээд, хазайх гээд байх үе олон тохиосон ч харин хэзээ ч цуурч унаагүй. Чи өөрийгөө ойлгож мэдэрдэг бол хэний ч нөлөөнд оролгүйгээр саад тотгороос өөрийгөө авч гарч чадна. Тийм болохоор би өөрийгөө үнэлдэг. Хэрвээ Нарангийн амьдралд бэрхшээл, сорилтууд тулгараагүй бол өнөөдрийн Наранг бүтээхэд хэцүү байх байсан. Хажуугаас нь тоншилтууд, хатгалтууд ирэхээр хүн сэрдэг. Чухам үүнийг маш зөвөөр ойлгож, юу хүсээд байгаагаа эргэн санах нь асар чухал. Өөрөө өөртэйгөө ярих, алдаануудаа ухаарах зэрэг нь гайхамшигтай зүйлс.

З.Э. Өөрийгөө сайн мэддэг гэж ойлгож болох нь ээ?

С.Н. Маш сайн мэддэг.

З.Э. Өөрийгөө үнэлэх асар жижиг үнэлэмж байдаг болохоор л бид амьд байдаг юм уу даа…

С.Н. Тийм шүү. Гэхдээ буруу үнэлж болохгүй л дээ. Толинд хүн өөрийгөө хараад энэ хувцас надад зохихгүй байна гэж мэддэг биз? Ер нь би юу өмсөж вэ гэдгээ хүн мэдэрдэг дээ. Өчигдөр өмссөн хувцас өнөөдөр өөр харагдана. Өөрийгөө тольдож чаддаг хүмүүс доторхоо бас тийн тольдоно. Өөрийгөө олж харж, дургүй чинь хүрч, шүүмжилж чадаж байгаа бол чи сайн байна. Өөрийгөө ерөөсөө өмөөрч болохгүй. Энэ аймшигтай асуудлаас л хүн алдах нь их байдаг. Харин өөрийгөө засч, хүмүүжүүлж байж л үнэлэмжээ дээшлүүлэх юм шиг санагддаг. Юун түрүүнд хүний алдааг биш өөрийнхөө алдааг олж харах нь өөрт л хэрэгтэй.

З.Э. Та дэлгээтэй ном уу, эсвэл оньсого уу?

С.Н. Дэлгээтэй ном. Би их нийтэч. Өөрийгөө ойлгомжтой хүн гэж боддог.

З.Э. Танд нууц байхгүй гэсэн үг үү?

С.Н. Надад нууц байхгүй.

З.Э. Сүүлийн үед аль орны хөгжмүүд таныг хөглөж байна вэ?

С.Н. Сүүлийн үед британийн дуунуудыг их сонсож байна. Англи яваад надад сонин сайхан мэдрэмж төрсөн. Уламжлал, аливааг хадгалж үлдэх зэрэг нь их өөр ертөнц юмаа. Лондонгийн жазз бааранд орлоо л доо. Дээр үеийн блюз эгшиглээд л. Бусад жазз баарууд хаачихсан байхаар нь тэр бааранд санаандгүй ортол Эми Вайнхаусын 16-тайдаа анх дуулж байсан баар байж таарсан. Эми Вайнхаустай татуулсан баарны эзний зураг хананд өлгөөтэй… Яг миний хажуугийн ширээнд харваас урлагийн хүн гэмээр хоёр франц сууж байсан. Нэг нь продюсер, нөгөө нь дуучин байна гэдгийг би хараад л мэдсэн. Дуу сонсоод тэнд байсан хүмүүс бүгдээрээ хашхиралдаад, тэр хоёр тайзан дээр дуулах дуучны талаар ярилцаж, бичлэг хийж байсан. Тэгээд би “Чи дуучин байна” гэж хэлэхэд “Тийм” гэсэн. Хайлт хаа сайгүй, дэлхий даяар л байна. Тэд шинэ сонин юм олохын тулд Францаас Англид ирж хайлт хийж, өөр орны нөөц ухаж явна. Энэ их сайхан юм. Ажил болгох гээд тэнд бичлэгийг нь авч байхад би болохоор зүгээр л сонсоод сууж байх. Тэгэнгүүт би тэднээс сэдэл аваад, бичлэг хийж эхэлсэн. Ерөнхийдөө европ гэдэг сайхан соёлтой газар. Тэндээс сурах зүйл асар их бий. Яагаад Англиас The Beatles, Queen төрсөн юм? Яагаад хамгийн мундаг дуунууд, хамгийн мундаг дуучид тэндээс төрөөд байна вэ? Энэ утгаараа Англи миний сонирхлыг их татдаг.

З.Э. Шаналж зовсон цаг мөчүүд эргээд эерэгээр нөлөөлдөг юм бол аз жаргалтай байхдаа хүн яах ёстой юм бэ?

С.Н. Амттай хоол идэхдээ би дуу алддаг. Сайхан хүнтэй учраад бид баярладаг. Хөөрхөн хүүхэд хараад эрхгүй баясдаг. Сайхан дуу сонсож, кино үзээд бид заримдаа уйлдаг. Сайхан зүйл байвал илүү шунахгүйгээр, зүгээр л сэтгэл хангалуун байх хэрэгтэй юм шиг ээ. Ерөөс хамгийн их гай тарьдаг зүйл бол шунал. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж суръя л даа.

З.Э. Үүний л төлөө ертөнцөд ирсэн юм болов уу гэж бодож байсан зүйл танд бий юу?

С.Н. Би олон хүнд тусалсан гэж боддог. Дуугаараа хүмүүсийн ухамсарт нөлөөлөхсөн гэж хичээдэг. Бид өөр байх ёстой. Бид яагаад өдөр тутмын материаллаг зүйлд шунаж, ямарваа зүйлийг үнэнээр нь харж чадахгүй сохорсон байна вэ. Бие биеэ эд мөнгөөр ялгаж харахгүйгээр ухаантай үгсээр дэмжиж тусалъя л даа. Юм цуглуулаад, дараа нь түүнийгээ орхиж явахын тулд ирээгүй нь тодорхой. Бие биеэ хайрлах гэж л ирсэн.

З.Э. Та ганцаарддаг уу?

С.Н. Ганцаардах нь нэг талаас өвчин, нөгөө талаас гайхамшигтай зүйл. Ганцаардаж байна гэж бодоод эхлэх нь гутрангуй, эсвэл залхуу хүний өвчний шинж гэж боддог. Харин би ганцаардахдаа баяртай байдаг. Ганцаараа байх нь өөрийгөө ойлгох, ертөнцийг танихын эхлэл шүү дээ.

З.Э. Таны балчир ахуй цаг, өсвөр нас, залуу нас, дунд хийгээд сүүл үед дотор тань байсан урлагийн хэмжээ яаж өөрчлөгдсөн бол?

С.Н. Урлагийн хэмжээ нь томорсон байлгүй яах вэ. Энэ нь яг л барилга барихтай адил. Хүүхэд байхдаа Наран их мөрөөдөмтгий байлаа. Социализмын үеийн мөрөөдөл өөр шүү дээ. Тэр үед би төсөөлөл ихтэй, яриа хүүхэд байсан. Энэ бол суурь бэлтгэгдэж байдаг цаг. Одоо Нарангийн барьсан байшин хэдэн давхар, ямар өнгө, үзэмжтэй болсон нь сонин. Мэдээж баялаг болсон байгаа. Нэгдүгээр давхаргүйгээр шууд хоёрдугаар давхарт хэзээ ч хүрэхгүй.

З.Э. Хөгжмөөс өөр юуг таашаадаг вэ?

С.Н. Кино, ном, байгалийг, нарыг, бороог таашаан амьдарч байна. Сайхан байгальтай газар төрсөн бид их азтай хүмүүс. Өглөө бүр дасгалдаа явна. Хамт дасгал хийдэг хүмүүсээс амьдралын сайхныг, эрч хүчийг мэдэрнэ. Хааяа залхуураад таслахаар хоёр Наран хоорондоо тэмцэж эхэлнэ. Амьд байгаадаа, эрүүл байгаадаа баярлана. Хүндэлж хайрладаг хүмүүс минь эрүүл энх байна. Аавын дулаан энерги, гэр бүлийнхний хайр, найз нарын сайхан үгс, инээмсэглэл, франц тогоочийн хийсэн гайхамшигтай хоолны амтыг мэдрэх аз жаргал. Үзсэн дуурь, жүжиг, шоу ямар олон хүний хүчээр бүтсэнийг харах аз жаргал. Сайхан шоколадны амт бол аз жаргал… Ахархан амьдралд бидэнд өөр юу хэрэгтэй юм бэ. Бид чинь 100 ч наслахгүй хүмүүс шүү дээ.

З.Э. Цаг хугацааны эрхээр хүний доторх айдсын шинжүүд ч бас өөрчлөгддөг болов уу. Айдсаа даван дийлэх нь мэдээж хүний туршлагатай холбоотой. Өнөөдөр айдас та хоёр ямар харилцаатай байна вэ?

С.Н. Надад байдаг ганцхан айдас бол хэн нэгэн хайртай хүн минь өвдөх вий гэдэг бодол. Бусад нь бол юу ч биш. Ойр дотны, намайг хайрладаг, миний хайрладаг хэн нэгэн битгий өвдөж зовоосой л гэж залбирна.

З.Э. Үхэхэд та бэлэн үү?

С.Н. Бэлэн. Цаг нь ирэхэд бүх юм дуусна. Би тавилан гэдэг зүйлд итгэдэггүй байлаа. Гэтэл хүнд цаанаас нь зурсан зураг 100 хувь биш юмаа гэхэд тодорхой хувь байдаг юм шиг ээ. Буруу явахад нэг зам байна. Зөв явбал өөр зам байна. Өөрөө өөрийгөө хөтөлж, ямар нэгэн нөлөөнд автахгүй явбал болоо.

З.Э. Шашны талаар та ямар бодолтой явдаг вэ?

С.Н. Би буддын гүн ухааныг шүтдэг. Гэхдээ шашин хэлбэрээр нь бус сургаалд нь итгэж, их хүндэлдэг. Энэ бол гайхамшигтай философи. Зарим хүмүүс эд хөрөнгө хүсч залбираад байгаа нь анзаарагддаг. Өөрийгөө л ойлгох нь чухал. Бурхан багшийн сургаал ертөнцийг ойлгоход надад тусалдаг. Найзынхаа бэлэглэсэн тэр номыг анх уншихад сонирхол татах хэрнээ хариулт олж авч чадаагүй, бас хүлээн зөвшөөрөхгүй зүйлс их гарч ирж билээ. Хоёр дахь, гурав дахь удаад тархи ажиллаж, дөрөв дэх уншилтаас ойлгож, ухаарч, хүндэлж эхэлсэн. Энэ олон тархийг чинь ажиллуулж байхгүй бол горьгүй шүү. Гөлийгөөд юм хүлээж авахгүй болоод ирнэ /инээв/.

З.Э. Урлаг нь гоё сайхан зүйлсийг үзүүлж баясгахаасаа илүүтэй үнэнийг ойлгуулах учиртай. Гэтэл үнэнийг ойлгохыг хүсч байгаа бол шашин шүт, даяан хий гэдэг шүү дээ…

С.Н. Хүн болгон өөр. Миний хувьд өөрийнхөөрөө байж, энэ биед төрсөн үүргээ зөв гүйцэлдүүлэх ёстой гэж боддог. Миний хөгжмөөс авдаг зүйлийг лам хүн шашнаас авдаг байж болно. Заримдаа модыг тахисан нэрийдлээр байгалийн гоо сайхныг алдагдуулж, шүтэхээсээ илүү устгаад байгаа хэт шашинлаг хүмүүсийн үйлдлийг хараад үнэндээ дургүй хүрдэг. Ээж хад руу явахад сүү цацсаар байгаад эргэн тойрон нь үмхийрсэн байгааг харахад аймшигтай. Үнэхээр шүтэж байвал хайрлаж, хамгаалж, цэвэрлэх ёстой биш үү? Гандангийн ойр орчмын хир, хогийг цэвэрлэж болдоггүй юм уу? Энэ мэтийг харахаар шашинд огт итгэмээргүй болдог. Хий хоосон шүтлэгт би үнэхээр дургүй.

З.Э. Юунд та эмзэглэдэг вэ?

С.Н. Хөл толгойгоо алдчихсан нийгэм, юу ч мэддэггүй, ямар ч туршлагагүй, өөрийнхөө амьдралын барилгыг анхнаас нь барьж байгуулж үзээгүй, амьдралын гүн ухаанаас хэдхэн хувийг ч үнэнээр харж ойлгохгүй, бялдууч царайлж багтай амьдардаг нөхөд биднийг удирдаж байгаа хүмүүсийн дунд байдагт хамаг дургүй минь хүрдэг. Нэр хүндийн төлөө үхэн хатан зүтгэж буй тэд байшингийн орой руу өгсөж байгаа өт хорхойнуудтай адил заваан харагддаг. Уурыг минь хүргэж урам хугалдаг ганц зүйл бол бялдууч, арчаагүй, худал хуурмаг, хулгайч зан. Тийм хүмүүс нийгэмд хор учруулж байна шүү дээ. Тиймээс би өөрийгөө зөв хүмүүсээр хүрээлж, муу хүмүүсээс хол байхыг эрхэмлэнэ. Өөрийгөө хүндэлж чаддаг, үнэнийг харж чаддаг, зөв төлөвлөж зөв гүйцэтгэх овоо хараатай олон хүн бидэнд хэрэгтэй.

З.Э. Эрх чөлөө гэж ярихдаа бид бусдын эрхийн талаар умартдаг шиг

С.Н. Эрх чөлөө гэдэг нь өөрийгөө эрх чөлөөтэй байлгахын тулд өрөөлийг эрх чөлөөтэй байлгана гэсэн үг юм. Өөрийгөө хүндлүүлэхийн тулд хүнийг хүндлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Иймэрхүү асуудал дээр мэдрэмжтэй хандах нь чухал. Өдөр тутамд, тухайлбал машин бариад явж байхдаа урдах хүндээ хурдхан зам тавиад явуулчихвал арын хүмүүс болон би өөрөө ажлаа түргэн амжуулна. Хэрэв гөжөөд зогсчих юм бол би өөрөө ч цаг алдана гэдгийг л анзаарчих асуудал юм. Өөрийнхөө ажлын хурдыг бодъё гэвэл нөгөө хүний ажлын хурдыг бодох ёстой. Орчин тойрноосоо таашаал авч тайван амьдаръя гэвэл хогоо хаа сайгүй хаяхгүй байхад л элдэв зүйлд анхаарал сарнихгүйгээр эрх чөлөөтэйгөөр салхи мэдрэх болно. Хэн нэгэнтэй муудалцахаас зайлсхийгээд шууд орхин явах, тухайн хүнийг өөрийнхөө ертөнцөөс аваад хаячихад л хэн хэн нь эрх чөлөөтэй болох. Засаг төр, хот төлөвлөлт гээд л эрх чөлөөтэй байлгах төлөвлөлттэй байх… За тэгээд сайхан инээмсэглэл л эрх чөлөөг ихээр мэдрүүлдэг дээ.

З.Э. Эмэгтэй хүний хувьд амьдралын утга учир юу болох талаар асуумаар байна…

С.Н. Аливаа зүйлийг ойлгох түвшинд хүртэл цаг хугацаа хэрэгтэй байдаг гэж боддог.

Эмэгтэй хүн гэдэг ертөнцөд илгээсэн гайхамшигт бэлэг. Хүүхэд төрүүлээд өөрийгөө умартан байж түүнийгээ хайрлана. Асар олон төрлийн зүйлийг мэдрэх мэдрэмж, тэвчээр, хариу нэхдэггүй агуу хайр, ухаан өгөгдсөн гэж боддог. Нарийн, гайхмаар мэдрэмжүүдийг зөвхөн эмэгтэй хүн л гаргаж чаддаг. Би эмэгтэй хүн болж төрсөндөө их баярладаг.

З.Э. Та ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

С.Н. Тааварлахад хэцүү л дээ. Одоо ажиллаж байгаагийнхаа үр дүнг хараад ямартаа ч сайхан байна гэж боддог. Хамгийн гол нь эх орон минь дайн дажингүй, амар тайван, ойр тойрны маань хүмүүс өвчин зовлонгүй байгаасай билээ.□

Read Full Post »

10568017_10152614600718856_522548678_n

Жэ Тан /БНХАУ-ын Шанхайн консерваторын дэд захирал, Шанхайн төгөлдөр хуурын олон улсын фестивалийн уран сайхны удирдагч, Шанхайн мэргэжлийн төгөлдөр хуурчдын нийгэмлэгийн тэргүүн, профессор, хөгжмийн ухааны доктор/

 

/Гоодаль №60/

/Гоодаль №60/

Өгөгдсөн бүхнээ тодорхойлох гэж бид адгана. Учир нь юуг юу гэж нэрлэх нь энэ орчлонд юу юунаас “эрхэм”. Үнэн гэгч яг юу болохыг үхэхээс нааш олж үзэхгүйгээс хойш, аливаад үнэлэлт дүгнэлт өгөхийг урьтал болгохгүйг хичээвч заримдаа хүчээр шахам ийн үйлдэж л орхино… Үнэн хаа ч үгүй. Тэр зөвхөн бидний зүрх сэтгэлд л бий. Тийм сэтгэлт нэгэнтэй саяхан танилцсан маань Жэ Тан байлаа. Жэ Тан өнгөрөгч сарын эхээр зохиогдсон “Ф.Шопен ба XXI зууны Монгол” төгөлдөр хуурчдын олон улсын II уралдаанд шүүгчээр ирж ажиллахдаа “Гоодаль”-ийн хойморт хэсэгхэн зуур саатаж, хөгжмийн тухай хөөрөлдсөн билээ.

Хаана яваагаа мэдэхийг бид төрөлх зөнгөөрөө хүсэмжилсээр байдаг. Чухамхүү, манай сонгодог хөгжмийн хөгжил бөмбөрцгийн хаахна явааг Жэ Тангаар бага ч атугай баримжаалж, түүний зүрхэнд тээгдэх мөнөөх үнэний чинадад хүрснээ ярилцлагын төгсгөлд би ухаарсан. Ганц зөрлөгт тоймгүй олныг санаж сэрнэ чинээ бодоогүй шүү.

 

Зоригтын Энхмөнх. Профессор Жэ Тан, та маш олон уралдаанд хөгжимчнөөр, бас шүүгчээр оролцжээ. Уралдааны төгөлдөр хуурч, тайзны төгөлдөр хуурч хоёрын ялгаа, тэд юуг баримтлах учиртай, мөн юунаас татгалзах ёстой талаар манай уншигчдад тодорхой ойлголт өгнө үү.

Жэ Тан. Би бага залуугаасаа л уралдаанд оролцсоор ирсэн. Хөгжимчнийхөө хувьд өрсөлдөх нь миний хувьд тийм ч таатай зүйл биш л дээ. Гэвч өнөөдөр зөвхөн төгөлдөр хуурчид гэлтгүй дэлхийн нийт хөгжимчид уралдаан тэмцээнд аль болох оролцох эрмэлзэлтэй болсон нь бусдад танигдах өргөн боломж нээгддэгтэй холбоотой болов уу. Жишээ нь, сүүлийн шатанд үлдсэн оролцогч, эсвэл ялсан оролцогч оркестртой хамсран хөгжимдөх боломжтой болдог нь хөгжимчдийг илүүтэй өдөөж өгдөг. Тэгтэл хөгжим гэдэг уран сайхны талаасаа спорт, математикаас эрс ялгаатай тул урлагт абсолют стандарт, эсвэл хэм хэмжээг тогтоох боломжгүй. Урлагийг уралдуулахын сөрөг тал үүнд оршдог. Бид зөвхөн тодорхой хэм хэмжээн дор л зөв буруу, сайн муугийн ялгааг харж ойлгох чадвартай. Тиймээс энгийн сонсогчид байтугай шүүж буй бидний хувьд ч нэг нь нөгөөгөөсөө давуу хөгжимдөж байгааг яв цав тогтооход бэрх. Ерөнхий түвшинг давах, өөртөө илүү таалагдах, эсвэл багахан таалагдахын ялгааг ухаарч байхыг би шавь нартаа захидаг.

З.Э. Улаанбаатарт болсон “Ф.Шопен ба ХХI зууны Монгол” II уралдааны талаарх таны сэтгэгдэл…?

Ж.Т. Уг уралдааны яг өмнөхөн би АНУ-д болсон өөр нэг уралдааныг шүүж дуусгаад нааш ниссэн. Миний бодлоор Улаанбаатарт болсон уг уралдаан бол дэлхийн хамгийн шинэхэн Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдаан болов уу. Төгөлдөр хуур бол өрнийн урлаг. Монголчууд ардын хөгжим, морь унах зэрэг уламжлалт ахуйгаасаа арай өөр байдлаар өөрсдийгөө нээн харуулж буй нь сайн хэрэг. Уралдаанд оролцсон зарим залуу төгөлдөр хуурчид ихээхэн авьяаслаг байсныг энд тэмдэглэмээр байна. Хэрэв би зөв ойлгосон бол сүүлийн 20-иод жилд өөрчлөлт эрчимтэй өрнөсөн гэсэн. Тэр нь үнэн бол ирээдүйн монголын урлагийн хөгжлийн талаар би бүр ч илүүтэй сонирхож байна. Олон орны хөгжимчдөөр дамжуулан урлагийн талаарх санаа бодлоо солилцох боломжийг бүрдүүлэх нь уралдааны нэг зорилго гэж ойлгож байгаа. Хөгжим бол дэлхийн хэл. Өнөөдөр би тантай монголоор ярьж чадахгүй ч уралдаанд оролцсон монгол залуу хөгжимчдийн юу илэрхийлэхийг хүсч байгааг хөгжмөөр дамжуулан ойлгож байсан. Хөгжмөөр бид харилцаж чадаж буйд л үнэт нандин чанар нь оршдог. Цаашид та бүхэнтэй олон талаар хамтран ажиллахыг хүсч байна. Тухайлбал, ирэх долдугаар сард болох Шанхайн төгөлдөр хуурчдын олон улсын фестивальд Монголоос гурван авьяаслаг төгөлдөр хуурчийг сонгон оролцуулахаар зэхэж байна даа.

З.Э. Сонгодог хөгжимчин хөгжмийн зохиолч юу өгүүлж, илэрхийлэхийг хүссэнийг л сонсогчдод хүргэх ёстой. Тийм болохоор хөгжимчин өөрийгөө харуулахаас аль болох зайлсхийх ёстой. Энэ золио танд хэцүү санагддаг уу?

Ж.Т. Маш сайхан асуулт байна. Энэ бол зөвхөн хөгжмийн төдийгүй философийн асуудал л даа. Энгийнээр тайлбарлавал, сонгодог хөгжимчдөд хөгжмийн зохиолч анхны “гар” болж, өөрсдөө хоёрдогч үүрэгтэй “гар” болно. Хөгжимчин хөгжмийн зохиолчийг сонсогчид хүргэх дуу хоолой нь болж, бүтээлийн хамгийн анхны санаа юу байсныг тоглолтоороо “тайлбарлаж” буй хэрэг. Хэсэг бүлэг хөгжимчид зөвхөн нэг бүтээлийг хөгжимдлөө гэж бодоход хоорондоо ялгаатай тоглоно. Би яагаад энэ зохиолыг ингэж хөгжимдөх ёстой билээ, би ер нь яагаад хөгжимдөх ёстой юм бэ гэх асуултууд хар аяндаа урган гарна. “Нэг голын усанд хоёр удаа орох боломжгүй” гэсэн үг бий. Ганц хүн нэг жижиг дууг хэд хэдэн удаа хөгжимдөхөд л ялгаа гараад байдаг болохоор энэ хийг багасгахын тулд ноот бичвэр дээр ажиллах, тухайн зохиол, зохиолчтой аль алинтай нь холбоотой бүхий л баримт сэлтийг судалбал бид дээр дурдсан зохиолчийн анхдагч бодлыг ойлгоно гэсэн үг. Ингээд өөрийн ойлгосноор зохиолыг “амилуулна”. Аливаа бүтээлийн хүмүүнийг татагч гайхамшигтай нөлөөлөл хийгээд ярвигтай тал нь үүнд л оршдог. Хөгжимдөх урлагийн өнөөг хүртэл оршин буйн учир үүнд л байгаа байх.

З.Э. Тэгэхээр бид өөрсдийгөө хаана, ямар хэлбэр жанрт хамруулна гэсэн үг вэ? Жишээ нь, концертын төрөлд каденцын хэсэг байдаг шүү дээ.

Ж.Т. Бас л сайхан асуулт байна.Хэрэв бид хөгжмийн асар нарийн элементүүдийг сөхөн үзвээс цаг хугацаа, хүчдэл /динамик/ хоёрын тухай бүгд өгүүлнэ. Үүнгүйгээр бүтсэн хөгжмийн бүтээл гэж үгүй. Би багшлах арга зүйдээ ч, хөгжимчнийхөө хувьд ч, уралдааны шүүгчээр суухдаа ч хуримтлуулсан мэдлэг туршлагадаа болон шинэ байдалд нээлттэй байх тал дээр байнга баланс барихыг эрмэлздэг. Бичвэр дээр хоёр тэмдэглэгээний дунд юу ч үгүй байвал түүнийг нь хэрхэн хөгжимдөх бол хэмээн эрэл сурал болж, бусдынхыг сонсож, өөрийн чадварыг харьцуулна. Энэ мэт тэмдэг тэмдэглэгээний завсарыг бид өөрсдийгөө үзүүлэх хэсэг буюу “шинэ бүтээл” бий болгох боломж хэмээн харж болно. Энэ их хэцүү зүйл шүү. Хэрвээ чи хот байгуулахаар болоод, торойх барилга байгууламжгүй газарт төлөвлөлт хийвэл амархан байна даа. Харин, хуучны бүтэц байгууламж бүхий газар шинэ хот бий болгоно гэвэл мөн хэцүү еэ. Байсан өгөгдлийн нарийн сиймхийг олж өөрийгөө илэрхийлнэ гэдэг л хөгжмийг бүтээх үйл явц юм болов уу.

З.Э. Хөгжмийг чагнахад багагүй анхаарал хэрэгтэй. Зарим зохиол их урт хугацаагаар үргэлжлэх нь бий. Тэгэхээр хүмүүс тийм хэмжээний төвлөрлийн чадамжтай байна гэсэн үг үү. Та жишээ нь хэрхэн төвлөрдөг вэ?

Ж.Т. Үнэндээ бэрх шүү. Төгөлдөр хуурт зориулсан зарим энгийн дуу 30 минут, хамгийн богино концерт гэхэд дор хаяж 20 минут байдаг. Ихээхэн анхаарал шаарддаг учраас хэцүү төдийгүй тайзан дээрх хөгжимчинд ч стресстэй. Эргэн тойрон дахь саад болох бүхий л зүйлстэй тэмцэж, зохицуулахад суралцаж, бага зэрэг суларсан ч буцаад бушуухан төвлөрч байх нь чухал. Мөн, хөгжмийн бүтээлээ бүхлээр нь харж, үнэхээр хөгжимдөө орж чадах нь төвлөрөхөд тустай.

З.Э. Та 12-тойдоо төгөлдөр хуурын сургуульд орсон. Монголд харин долоон настайдаа элсэн ордог. Хүн бүрийн авьяас, орчин нөхцөл харилцан адилгүй. Ер нь, жирийн хятад хүүхдүүд хөгжим сурахын тулд цагаа хэрхэн зохицуулж байгаа нь сонин байна. Шинжлэх ухааны үндэстэйгээр хүн “төлөвшсөн сонгодог хөгжимчин” болох цагийг хэмжих боломжтой юу?

Ж.Т. Хятадад бага ангийн зарим сурагчид аль хэдийнэ хөгжимчний мэргэжил эзэмшихээр шийдсэн байдаг. Тийм сурагчдын хувьд долоо, түүнээс ч бага наснаасаа эхлэн жирийн сонирхогчдоос хавьгүй их цагаар сургуулилдаг. Консерваторийн оюутнууд ч өдрийн дийлэнхийг хөгжимтэйгөө өнгөрүүлдэг. Үүний хажуугаар хөгжмийн онолын болон ерөнхий эрдмийн хичээлээ ч амжуулах ёстой. Бидний сургалтын систем хуучин зөвлөлтийн системээс өвлөн улбаалсан ч үүнд авах, гээхийн ухаанаар хандаж байгаа гэж найдаж байна. Залуу үеийнхэн хөгжимчин болох эрмэлзлээр дүүрэн байгааг систем сайн байгаагийнх гэж дүгнэж болох юм. Тэдний хичээл зүтгэл, өндөр чанартай хөгжмийн боловсрол олгох үйл явцын харьцаа зөв байна гэсэн үг. Мэдээж, заавал хөгжмөөр явахыг тэргүүн зорилгоо болгоогүй оюутнууд ч бий. Танай ХБК цаашид шаталсан сургалттай анхны Консерватори болох зорилго тавьж буй нь мэргэжлийн хөгжмийг хөхиүлэн дэмжиж буй үнэхээр сайхан хэрэг гэж бодож байна.

З.Э. Хятадын сургалт өөрийн гэсэн ноот тэмдэглэгээний арга барилтай. Олон улсын оюутнуудыг өөртөө татаж буйгаараа Азидаа толгой цохидог сургуулийн дэд захирлын хувьд та БНХАУ соёл, урлагийн тал дээр одоогийн бодлогоо үргэлжлүүлнэ гэж бодож байна уу? Та бүхэн дэлхий дахиныг ойлгохыг хичээхийн хэрээр өөрсдийгөө дэлхийд таниулахыг зорьж байна…

Ж.Т. Үнэндээ Хятад сүүлийн жилүүдэд бусад улс орнуудад үүд хаалгаа улам бүр нээсээр байна. Шанхай гэхэд л европчуудын төдийгүй япон, солонгос, бүр монгол хүмүүсийн суурин хот болж, үр хүүхдүүд нь хятад сургуульд суралцаж байна. Шанхайн консерватори олон улсын маш олон оюутантай. Нэг хэсэг нь сонгодог хөгжмийн чиглэлээр сурч байхад нөгөө хэсэг нь хятадын уламжлалт хөгжим сурч байх жишээтэй. Өчигдөрхөн гэхэд л би, манай сургуулийг дүүргэсэн эр-ху буюу хуучирч эмэгтэйтэй энд танилцсан.

З.Э. Хятад хөгжимчид монголын хөгжмийн талаар ямар ойлголттой байдаг бол?

Ж.Т. Хятадын хойд нутгаар буюу Өвөр Монголд ар монгол хөгжим, соёл сэтгэлгээний нөлөө их бий. Монголчуудад гайхалтай дууны соёл байдгаас гадна аргил өнгөөр хархирч дуулах /хөөмэйг хэлж байх шиг З.Э/ урлагтай. Миний ажигласнаар, монгол хүмүүс дундаршгүй хүсэл тэмүүлэлтэй. Үүнийгээ ч сая уралдаанд харууллаа.

З.Э. Шанхайн консерваторийн өнөөдрийн амжилтанд нөлөөлсөн томоохон шалтгаан гэвэл юуг нэрлэх вэ?

Ж.Т. Шанхайн хөгжмийн их сургууль нь 1927 онд байгуулагдсан, хятадын хамгийн анхны консерватори. Азийн хувьд анхных нь мөн эсэхийг мэдэхгүй ч анхдагчуудын тоонд орох байх аа. Тухайн үед Шанхай хот орос, еврей үндэстнүүдэд нээлттэй цор ганц боомт байсан. Хувьсгал, нацизмын нөлөөгөөр дүрвэсэн хөгжимчид Шанхайн консерваторийн анхны симфони оркестрыг байгуулж, факультетуудад ч хичээл зааж байсан түүхтэй. Үндэс суурь нь дэлхийн нэг бус нэжгээд үндэстэн дээр тавигдсан нь бидний өнөөгийн амжилтанд нөлөөлсөн байх. 1980-аад оны соёлын хувьсгал барууны хөгжмийг илүү их эрчимтэй орж ирэх үүдийг нээж өгсөн. Олон хятад хөгжимчин гадны орнуудад суралцахаар явсны дотор би ч багтана. Энэ үйл явц бүхий л салбарт өрнөсөн. Үүнээс гадна, бага, дунд, дээд гэсэн шаталсан боловсролын тогтолцоо хөгжмийн салбарын амжилтанд чухал нөлөөтэй болов уу. Нэр хүндээ хадгалах үүднээс бид зөвхөн шилдэг авьяастнуудыг л элсүүлэн сургадаг. Сургалт явуулахад хамгийн сайхан тохироо бол сайн оюутан-сайн багш.

З.Э. Хятад хөгжмийн зохиолчид барууны арга барил дээр үндэслэн гайхалтай бүтээлүүд туурвисан нь бий. Сүүлийн жилүүдэд гарч ирж буй хөгжмийн зохиолчид гэвэл…?

Ж.Т. Шинэ хөгжмийн төрөлд, электрон болон авангард хөгжим сонирхогч залуу хөгжмийн зохиолчид төрөн гарсаар байгаагийн дотор уламжлалт төрлөөр бичдэг, зөвхөн өөрсдийнхөөрөө бүтээхийг зорилгоо болгодог гээд аль аль нь бий. Дээр дурдсанчлан АНУ, Европт суралцаад ирсэн залуу профессорууд энэ тал дээр олон улсын уралдаануудад дээгүүр байр эзэлж явна. Олон төрлийн сонирхол, чиг шугамыг ийнхүү баримтлан бүтээх нь олон сайн талтай. Дэлхийд өнөөдөр толгой цохиж байгаа Тан Дүн, Бээжинд байдаг Иэ Ша Ган гэх мэт хөгжмийн зохиолчдыг нэрлэж болно. Уламжлал, шинэчлэлийн аль алиныг шингээсэн тэдний бүтээлүүдийг зарим нэг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч ирээдүйд тэд байр сууриа батжуулах биз ээ.

З.Э. Ихэнх төгөлдөр хуурчид нас ахихаараа хөгжмийн зохиолч, эсвэл удирдаач болдог. Ойрын үед юу төлөвлөж байна даа?

Ж.Т. Төгөлдөр хууртаа би их хайртай. Дуусгаагүй олон ч ажил байна. АНУ-д би удирдаач, хөгжмийн зохиолчийн чиглэлээр суралцаж байсан ч миний замнал төгөлдөр хууртайгаа л өндөрлөх байх. Шавь нартаа хайртай болохоор удирдлагын түвшний ажлаа хийхийн сацуу багшлах, өөрийн үзэж харж, сонсож байгаа бүхнээ бусдын боловсролд шингээхийг хичээж байна. Хэр олон уралдаан, фестивальд шүүгчээр оролцоно, тэр хэмжээгээр юм сурдаг. Шинэ юмс хэзээд намайг угтдаг. Монголд ирсэн энэ тохиол маань ч нүдийг минь ахин нэг нээж өглөө.

З.Э. Танд хүч өгч байдаг үг…?

Ж.Т. Аристотелийн “Хөгжим бол математикийн хамгийн дээд хэлбэр юм” хэмээх үг бодолд минь тодоос тод эргэлдэж байдаг. Тиймээс л би хөгжмийг бүхий л амьдралынхаа тэргүүн зорилго болгодог юм даа.□

Read Full Post »

/Гоодаль №58-д/

/Гоодаль №58-д/

 

Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг. Бид газар үзэх тоолондоо төрөлх нутгийнхаа талаар тодорхой ойлголттой болж, шинэ хүмүүстэй танилцах бүрийдээ өөрийнхөө талаар илүү мэдэж авдаг бололтой. Даяаршсан энэ цагт агаарын, газрын, усан замаар дэлхийг хөндлөн гулд хэрэхийн төдийд бөмбөрцөг бүхэлдээ нэгэн цэг мэт жижгэрч, ой санаанд багтана. …Хэзээ ч ханаж цаддаггүй сэтгэл гээчийг хооллож умдаалавч хоосон хэвээр үлддэг гэлцэх. Тэгтэл өнөөдөр буй зүйлдээ талархан, аливааг байгаагаар нь хүлээж авах уужим сэтгэлтэй Мартин Зенкер мэтийн хүмүүстэй цаг хугацааны хөврөлд учрахуй газрын гаваар ороод нуугдчихмаар санагдах юм. Монголд сүүлийн хоёр жилд хэд хэдэн удаа ирж хөгжимдөж буй тэрбээр 21-хэн настайдаа Хөгжмийн дээд сургуулийг дүүргэсэн бүх цаг үеийн хамгийн залуу контрабассчин. Үүнээс таван жилийн дараа дэлхийг тойрсон төгсгөлгүй аялан тоглолтоо эхлүүлсэн аж. Мартин Зенкер Мюнхений консерваторид, мөн сүүлийн жилүүдэд сөүлийн сургуулиудад урилгаар багшилснаас гадна хэд хэдэн гарын авлага эмхэтгэн хэвлүүлжээ. Энэ бүгдээс илүүтэй тэрбээр миний хувьд амьдралдаа уулзсан хамгийн энгийн хүмүүсийн нэг байсан юм. Уншигч та өдгөө цагт түүний талаарх хангалттай мэдээллийг гүүгл, википедиагаас шуудхан олчих учир “тодотголоо” энд хүргээд орхиё. Харин ярилцлагаа эхэлье.

1620407_10152199058043856_645539671_n

Мартин Зенкер /Контрабассчин, чөлөөт уран бүтээлч/

Зоригтын Энхмөнх. Зенкер, та маш олон газраар аялжээ. Монголд байнга ирж хөгжимдөх болсон гол шалтгаан тань юу вэ. Монгол үнэхээр жаззаар цангасан газар мөн гэж үү?

Мартин Зенкер. Тийм ээ, би их олон газраар явсан. Онцгойлоход, Монгол бол жаззын хувьд ихээхэн шинэ газар. Монголчуудад жазз сонсох хэрэгцээ байгаа эсэхийг мэдэхгүй ч жаззаар цангаж байгаа газар гэж хэлнэ. Монголд жазз хэрэгцээтэй гэхээс илүү жаззыг хүсч байна гэж харж байна. Иймээс л би энд ирдэг.

З.Э. Жазз хөгжим үүссэн цагаасаа л хил хязгаараа тэлсээр ирсэн. Хэдэн жилийн өмнө Осло хотыг жаззын төв болж байна гэлцдэг байлаа. Тэгвэл таны бодлоор өнөө цагийн жаззын халуун цэг хаана байна вэ?

М.З.1960-1970-аад онтой харьцуулах аргагүй ч эүгээг хүртэл Нью-Йорк халуун цэг хэвээр байна. Үүнээс өмнө Чикаго шууруулж байлаа. Өнөөдөр хүн болгон Нью-Йоркт амьдрахыг хүсч байгаа ч “амь гарч” байгаа нь цөөхөн. Тоо томшгүй хөгжмийн үйл ажиллагаа, уралдаан тэмцээн зохиогдож байна. Энэ нь хөгжимд өөрт нь сайн эсэхийг би мэдэхгүй. Үүний сацуу Лондон, Сөүл зэрэг олон хот хөгжимчдөд илүү бүтээлч байх боломжийг олгож, дэмжиж байна.

З.Э. Азийн жаззын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

М.З. Япончууд жазз сонирхож эхлээд олон жилийн нүүр үзэж байна. Тавиад оны дунд үед бил үү, магад түүнээс өмнө өөрийн гэсэн жазз хөгжмийн уламжлалтай болсон. Харин Шанхайд иргэний дайны үед буюу гучаад оноос жазз өөрийн гэсэн хэлбэрээ олсон. Ингээд бодохоор дэлхийн бүх хот их бага хэмжээгээр ямар нэг төрлийн жаззыг хөгжимдөж байна. Малайз, Индонез, Солонгос гээд бүгд жаззын өөрийн гэсэн соёлтой болжээ.

З.Э. Таныг 30 шахам цомог гаргасан гэдгийг цахим хуудаснаас тань олж мэдлээ. Мартин Жэйкобсэнтэй хамтарсан сүүлийн цомгийн тань онцлог юу вэ?

М.З. Токиод тоглосон тоглолтоос шууд бичсэн бичлэг л дээ. Би зарим нэг зүйлийг цохон тэмдэглэмээр байна. Тухайлбал, өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг бөмбөрчдийн нэг Марк Тэйлортой цуг хөгжимдсөн явдал. Мэдээж аяллаар явж байхдаа тоглолтоо бичүүлнэ гэдэг сайхан хэрэг. Тэгээд ч цомгийг маань их нэр хүндтэй компани бичсэн. Энэ цомгоо би өөрийнхөө хийж чадах хамгийн сайн цомог гэж хэлэхгүй ч гаргасан цомгуудын маань эхний гурав юмуу дөрөвт багтана гэж бодож байгаа.

З.Э. Хэн нэгэн хөгжимчин тайзан дээрээс сонсогчийг удирдахад яг юу илэрхийлснийг нь ойлгохгүй өнгөрөх тохиолдол сонсогчдод байдаг. Ер нь юу таны импровизацийг голлон хөглөдөг вэ?

М.З. Үнэндээ бол сонсогч өөрөө хөгжимчин юмуу, эсвэл энэ чиглэлээр суралцаагүй л бол юуны тухай хүүрнэснийг ойлгохгүй. Тийм боломж ч олдохгүй. Гэхдээ юу гээч? Энэ тийм чухал биш. Хэрвээ бид ямарваа нэг хөгжмийн сэтгэл хөдлөлийг таны зүрх сэтгэлд хүргэж чадах аваас тэр нь л хөгжмийг ойлгох тухай томьёолол юм даа.

З.Э. Уран бүтээлчийн хувиар үзэгчээ голох үе байдаг уу?

М.З. Үгүй дээ. Яах вэ, заримдаа тэд маш чанга ярилцах нь бий. Энэ тохиолдолд би өөрийнхөө тоглолтыг тийм ч сонирхолтой бус байгаа юм болов уу гэж боддог. Хэт их саад болоод байхгүй л бол хөгжимдөө анхаарлаа төвлөрүүлээд, үзэгчдийн талаар бодох завгүй байдаг. Тэд хэдийнэ хүрээд ирчихсэн байгаад нь талархдаг болохоос ямар нэгэн хүлээлт, хүсэлтийг өөртөө бий болгодоггүй.

З.Э. Олон жил хөгжимтэй нөхөрлөсөн хүмүүсийн хувьд хөгжимддөг зэмсэг нь биеийнх нь нэг хэсэг болчихдог мэт санагддаг. Хэрэв таныг контрабасстайгаа адил гэвэл зөвшөөрөх үү?

М.З. Жазз хөгжим дэх контрабассын үүрэг надад маш их таалагддаг. Контрабасс хөгжим тоглож буй хүнээсээ маш их төвлөрөл шаарддаг. Тухайлбал, 4/4 хэмжээтэй зохиол хөгжимдлөө гэхэд дөрвөн ноот тутмын нэгт би шийдвэр гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөгжмийн агшинд хамгийн ойр байна гэсэн үг. Эргэлт, шийдвэр бүрийг бассистууд гаргана. Энэ бүхэн арын фронтод болж өнгөрөх хэдий ч зүг чиг бүрийг зааж байдаг болохоор би хөгжимдөө дуртай.

З.Э. Жазз хамгийн чанд онолтой юм шиг атлаа бас яг ч тийм биш. Зарим талаараа хөгжимчин хамгийн эрх чөлөөтэй тоглох авч нөгөө талаар хайрцгандаа байж л байдаг. Та ер нь жаззыг юу гэж тодорхойлох вэ?

М.З. Хүнд асуулт байна шүү. Дюк Эллингтоноос ингэж асуухад “Жазз бол хөгжим шүү дээ”гэж хариулсан байдаг. Би ч бас ингэж л хариулъя /инээв/. Өнөө цагт эл урсгал нь жазз хэмээх шошго зүүсэн өөр ямар ч хайрцагт үл багтах зүйл болсон шиг. Таны хэлсэнчлэн бие биеэ үгүйсгэхгүйгээр зэрэгцэн орших ихээхэн хэмжээний эрх чөлөө, тийм хэмжээний хууль дүрмүүдийн дунд байдаг төрөл. Хэрэв гадаад хэлтэй зүйрлэвэл, дүрмээ сайн эзэмшээд, торохгүйгээр хэрэглэх тусам төдий дайны чөлөөтэй агуулга, илэрхийлэмжийг хүнд хүргэдэг. Мөн та тоглоомын дүрмийг өөрчилж, хаа нэг тийш хүрье гэхэд болохгүй зүйлгүй. Үүнд л жаззын хүч хийгээд бидний хэлээд байгаа эрх чөлөө нь оршдог юм.

З.Э. Хөгжим бол хэл гэж та хэллээ. Түүнчлэн, та энэ хэлээр орон орны хөгжимчидтэй ярилцсаар ирсэн. Ер нь та багийн тоглолтод дуртай юу, эсвэл хувийн тоглолтыг илүүд үздэг үү?

М.З. Багийн тоглолт байлгүй яах вэ. Тийм биш бол би контрабассчин байж чадахгүй шүү дээ. Миний хувьд багийн хамгийн чухал тоглогч бол бөмбөрчин. Тэгээд ч бөмбөр, контрабасс хоёр бие биетэйгээ нягт холбоотой байх учиртай хөгжмийн зэмсгүүд. Үүний дараа төгөлдөр хуурч орно. Тэгээд бусад нь.

З.Э. Та жилд дунджаар дотоод гадаадын 300 шахам тоглолтод оролцдог. Жазз таны дотор хэдийнэ байсан болохоор та хөгжимддөг үү, эсвэл энэ нь танд аажмаар олдсон зүйл үү?

М.З. Би үргэлж л хөгжимд дуртай байсан. Гэр бүлийн маань хүмүүжилтэй холбоотой л доо. Аав маань хөгжимчин байгаагүй ч сонгодог хөгжим байнга сонсдог байсан. Ингээд би долоон наснаасаа хийл сурч эхэлсэн. Арван хоёртойдоо анх удаа өөрийн жазз пянзтай болж, түүнийгээ ихэд нандигнадаг байлаа. Контрабассыг нь Пэрси Хийф хөгжимдсөн байсан шиг санагдана. Тэр үеэс л жазз хөгжимчин болохыг хүсч эхэлсэн дээ. Тэгэхээр миний дотор ямар нэгэн үр суулгаатай байсан нь ургаж, одоо ч ургасаар байгаа юм болов уу. Ургаж байгаа л гэж найдаж байна.

З.Э. Уран бүтээлч хүн ихэнхдээ “тэнгэрт” байдаг. Харин эдийн засаг, бизнесийн мэргэжилтэй хүмүүс “газарт”, нарийн төлөвлөгөө тооцооны дагуу ажиллаж байдаг шиг санагддаг. Харин та энэ балансыг хэрхэн барьдаг вэ?

М.З. Миний бодлоор энэ тийм ч үнэн гаргалгаа биш байна. Хуанлиа сөхөөд харвал миний тоглолтууд ирэх оны есдүгээр сар хүртэл тэмдэглэгдсэн байгаа. Тоглолт бүрийн өмнө нислэгийн тийз, байрлах байраа захиалахаас эхлээд асар их ажил ундарна. Эндээс амжилт шууд хамаардаг. Гэхдээ энэ бүгдийн арай зугаатай хэсэг нь тайзан дээр өрнөдөг юм. Тиймээс, магадгүй би ирэх есдүгээр сард юу хийхээ зарим эдийн засагч, банкируудаас ч илүү сайн мэдэж байж болох.

З.Э. Газар үзэх тусам хүмүүний аливаад дасан зохицох чадвар тэлдэг юм шиг ээ. Аяллаас та юуг олж ухаардаг вэ?

М.З. Аливаа орон нутагт хэт дасан зохицох нь тийм ч чухал бус. Жишээ нь, Монголд ирэхээрээ монголжуу зантай байхыг хичээх, Герман руугаа буцахаар өөриймсөг аашлах шаардлагагүй. Аялах тусам нөхцөл байдалд шударгаар хариу үйлдэл үзүүлж, хүмүүстэй шударга харилцаа үүсгэхийг илүүд үзэж, улам энгийн болсоор байдаг.

З.Э. Их аялдаг хүний амьдралын хэв маяг сонирхолтой байдаг байх. Та энгийн нэг өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

М.З. Жишээ нь, өнөөдөр л гэхэд маш энгийн өнгөрлөө. Зочид буудлынхаа өрөөнд сэрээд зарим хувцас хунараа угаалаа. Энэ чинь бас л “газрын ажил” мөн биз? Өдрийн хоолны дараа 40 минут гүйсэн. Орой УБ жазз клубт хөгжимдөнө. Аялалгүй өдрүүд нэг иймэрхүү л өнгөрнө. Маргааш ч бас ийм байх төлөвтэй.

З.Э. Өнөөг хүртэл хуримтлуулсан туршлагаас амьдралд тань хамгийн үнэ цэнтэй нь юу байв?

М.З. Хамгийн үнэ цэнтэй нь мэдээж хөгжим. Жилд дунджаар 300-гаад тоглолт хийдэг, бүгд фантастик болохгүй ч цөөн хэд нь надад ихийг өгдөг. Миний бүхий л аялал, нислэгийн хуваарийг зохицуулж, арын албанд зүтгэдэг эхнэр маань надад хэнээс ч илүү үнэ цэнтэй. Эрүүл орших, гүйх, дасгал хийх бие физиологийн чадвартай байна гэдэг чухал. Эдгээрийг л би нэрлэнэ дээ.

Read Full Post »

1473914_10152091105653856_285942678_n

Сампилноровын Одгэрэл /төгөлдөр хуурч/

  • 1993-2006 онд Хөгжим бүжгийн коллеж
  • 2006-2008 онд Италийн Пэружагийн хөгжмийн дээд сургууль, бакалавр (Conservatorio di Musica di Perugia)
  • 2008-2011 онд Италийн Пэружагийн хөгжмийн дээд сургууль, магистр
  • 2011 оноос Олон улсын төгөлдөр хуурын академид (Accademia Pianistica Internazionale “Incontri Col Maestro” di Imola) суралцаж байна.
  • 2008 онд Пэружагийн хөгжмийн дээд сургуулийн шилдэг төгсөгчөөр, мөн италийн 56 хөгжмийн дээд сургуулийн шилдэг төгсөгчдийн шигшээ 16-д шалгарсан.
  • 2011 оны дөрөвдүгээр сарын 15-нд Пэружа хотын Сан Франческогийн Танхимын нээлт дээр Паллэскийн симфони оркестртой хамтран хөгжимдсөн.
  • 2010, 2011 онд Морлаккийн театр, Умбриан үндэсний галерейд удирдаач Карло Паллески, Карло Леонэтти нартай Ф.Шопений төгөлдөр хуур, симфони найрал хөгжимд зориулсан II концертыг амжилттай хөгжимдсөн.
  • 2011 оноос Герман улсын Кёлн хотын Филармонийн хийлч Дэвид Жонсонтой хамтран хөгжимдөж байна. Хийлийн хоршил болон цөөхүүл хөгжимтэй хамтарсан тоглолтуудаа Германы Кёлн, Бонн хотуудад, мөн испанийн хотуудад тоглосон.
  • 2006 оноос Бээжин дэх Италийн элчин сайдын яамнаас тоглолтоо эхэлж, Италийн Ром, Пэружа, Болониа, Тэрни, Элба арал, Акуаспарта, Арэццо зэрэг хотуудаар аялан тогложээ. Хамгийн сүүлд 2013 оны тавдугаар сарын 24-нд Хонг Конгийн Шангрила (Shangrila Iceland) зочид буудалд гоцлол тоглолтоо амжилттай толилуулсан.

1393039_10151913206628114_508002944_n

/Гоодаль сэтгүүл №55-д/

Бид эрийг эршүүд, эмийг эмэгтэйлэг, эсвэл эсрэгээр нь эмийг эршүүд, эрийг эмэгтэйлэг гэж тодорхойлоод бүр дасчихаж. Удамшил, хүмүүжил, орчин нөхцөл, нийгэм гээд хөндлөнгийн хүчин зүйлсээс шалтгаалаад ийм болчихсон гэж ярина, бодно, батална… Гэвч ийнхүү биологийн хүйсээр ялгаварладгийн учрыг үнэндээ би ойлгодоггүй, бас надад таалагддаггүй юм. Зүй нь, уян зөөлөн сэтгэлтэй, аливаад нягт нямбай эрчүүд байхад, удирдах чадвартай, эрчүүдээс ч зоримог, дайчин бүсгүйчүүд цөөнгүй. Чухамдаа ийм л хөдөлмөрч, тууштай, зоримог, тэгсэн атлаа биеийнхээ бүх “антенн”-ийг асаагаад мэдэрч болох бүгдийг хүлээн авч явдаг, зөв, үнэн гэж үзэж буйгаа батлан харуулж, олны дунд, бүр дэлхийд монголын залуу үеийн манлайлал болж яваа нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Биднийг уулзсаны дараахан тэрбээр есдүгээр сарын 13-нд Германы нэрт хөгжмийн зохиолч Роберт Шуманы нэрэмжит танхимд алдартай гэрэл зурагчин Кандида Хөферийн үзэсгэлэнг зорин очиж Шуманы бүтээлүүдээс хөгжимдөж, зуу зуун сонсогчдын сонорыг мялааж, нэгэн цагийн мөрөөдөлдөө хүрсэн тухайгаа Фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн байлаа. Түүний цаашид зурайх амжилтын зам хэрхэн гэрэлтэхийг харахыг тэсч яднам.

Бөмбөлөг хагарах тэр эгшинд хүн бүр сэрэх…

 

Зоригтын Энхмөнх. Та Италийн Засгийн газрын тэтгэлгээр сурч, шилдэг төгсөгч болж, оркестртой тоглож, хамгийн сүүлд л гэхэд Хонг Конгийн “Шангрила” зочид буудалд гоцлол тоглолтоо хийлээ. Энэ хүртэлх зам үргэлж дардан байгаагүй байх…?

Сампилноровын Одгэрэл. Тийм амар байгаагүй л дээ. Италийн Засгийн газрын тэтгэлэг хоёр жил үргэлжлээд дууссан. Анхнаасаа эцэг эхээсээ мөнгө авалгүй явсан болохоор тэр чигээрээ зүтгэхээр шийдэж, хангамж өндөр биш ч мужийн тэтгэлэгт өрсөлдөх хэрэг гарсан юм. Чөлөөт цагаараа ажил хийх хэрэгтэй байсан болохоор мэргэжлээсээ өөр ажил ч хийж явлаа. Гэхдээ яаж ч байсан мэргэжлээрээ ажиллах нь чухал юм байна гэдгийг ойлгоод концертмейстр хийж үзсэн. Нэг цагийн найман еврогоор сургуулиас цалинжууллаа гэхэд нэг цагийн төлөө өмнө нь дөрвөн цаг давтах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, таван цагийг найман еврогоор үнэлүүлнэ гэсэн үг. Өөрийн үндсэн хөтөлбөрүүдийг давтах цаггүй болдог ч зохицуулахаас өөр арга байхгүй. Тэгээд ч дуучид, хөгжимчидтэй ингэж ажилласнаараа би багагүй туршлага хуримтлуулсан. Тромбон, контрабасс гээд олон зэмсэгтэй хавсран тоглоход зэмсэг бүрт ямар бэрхшээл тулгардаг вэ гэхчлэн нарийн ширийн зүйлсийг мэдэж авах нь тун таашаалтай.

З.Э. Хөгжим гэдэг чихээр дамжин, хором мөчөөр хэмжигдэн хүнд хүрдэг урлаг. Сонгодог бүтээлүүд нэлээд урт үргэлжилдэг болохоор сонсож байгаа хүний анхаарал сулрах магадлал өндөр. Хөгжимчид та нар харин яаж анхаарлаа удирддаг юм бэ?

С.О. Сайхан асуулт байна. Хамгийн их анхаарал шаарддаг мэргэжил бол хөгжимчний мэргэжил гэж үг бий. Бид чинь анхаарлаа дээд цэгт нь хүртэл удирдахад байнга суралцдаг улс. Учир нь, хөгжимдөх гэдэг бол хүмүүсийн анхаарлыг тогтоон барьж сэтгэлийг нь хөдөлгөх, хүмүүсийн анхаарлаар тоглох урлаг. Шоу урлаг биш учраас хөгжмөө давтаж эхлэх үеэсээ л хүнд яаж хүргэх, хэрхэн сонсогдох талаас нь харж, сургуулилдаг. Мэдээж, хөгжмөө олон өнцгөөс задлан шинжлэх хэрэгтэй болно. Яагаад гэвэл, хэрхэн сонсогдох үүднээс зөвхөн гадна талаас нь хараад байвал дотроос гадагш чиглэх хараагаа, мөн чанараа алдчих гээд байдаг. Нэг юмыг эрж хайхын тулд заавал аль нэг зүг рүү нь туйлширч, амтыг нь мэдэрч, ханатлаа ойлгочихоод дараагийнх руу нь шилжинэ. Энэ хооронд тэнцвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Эрэл хайгуул дотроо зөв зохицолдолгоотой байх нь чухаг. Ийм үелзлийн хажуугаар бид өөрсдийн анхаарлыг төвлөрүүлэх болон сонсогчдын анхаарлыг татахад суралцана. Хэцүү урлаг шүү. Давтах цаг богино, энд тэндгүй байнга тоглолт хийгээд явдаг томоохон хөгжимчдийг харахад өдөрт 2-4 цаг давтах нь хангалттай байдаг шиг санагдсан. Суутнуудын түүхээс үзвэл, бүх анхаарлаа бүрэн зориулж чаддаг хугацаа дээд тал нь дөрвөн цаг байх жишээтэй. Оюун бодол, сэтгэл санаагаа амраах нь анхаарлаа төвлөрүүлэхтэй яг адил чухал. Миний анхаарал хэр удаан үргэлжлэх чадамжтай вэ гэхчлэн өөр дээрээ янз бүрийн туршилтууд хийж үзэж л байна. Цаг хугацааны урлаг учраас тухайн цаг мөчид яг байх газраа л байх учиртай. Энэ утгаараа жүжигчидтэй адил. Тодорхой нэг цагт, тодорхой нэг дүрийг бүтээхдээ тухайн зохиолын уур амьсгалыг цогцоор нь амилуулж байгаа хэрэг. Хүнд хэцүү явдал тохиолдоод, уй гунигтай байлаа ч үүнийгээ умартаж, өөрийгөө бүрэн хоосолж, оногдсон дүрээ бүтээх л ёстой.

З.Э. Хөгжимдөнө гэдэг сэтгэл хөдлөлөө, өөрийгөө удирдах үйл явц биз?

С.О. Тийм. Хөгжимчин хүн сэтгэл хөдлөлөө удирдаж байж гэмээнэ хөгжим хүнд хүрдэг. Хөгжим гэдэг үгний язгуур нь хөг. Хөгжимдөнө гэдгийг хүнд хөг нэмэх, хүний бодоогүй мэдээгүй хөгийг мэдрүүлэх гэж би ойлгодог. Хэдийгээр тоглолтын өмнөх стресс, сандрал, догдлол байдаг ч хүнийг хөглөх үүргээ бид биелүүлэх л ёстой. Үүнд суралцах нь хөгжимчин хүний хувьд хамгийн том тэмцлүүдийнх нь нэг.

З.Э. Хөгжимчин хүнд авьяас, боловсрол, хөдөлмөр гурвын аль нь нэгдүгээрт тавигддаг вэ?

С.О. Уулга алдуулам тоглолт үзлээ гэхэд хэдий хэрийн авьяас, хөдөлмөр, боловсрол шаардагдсан талаар би л лав боддоггүй. Тэр мөчийг ямар сайхан юм бэ, юутай мундаг вэ гэж л таашаан өнгөрүүлдэг. Хувь хүн бүр давтагдашгүй, тэдэнд өгөгдсөн чадвар, боловсрол, туршлага харилцан адилгүй боловч яалт ч үгүй энэ гурав уялдаа холбоотой явдаг. Амжилтын нэг хувь нь авьяас, 99 хувь нь хөдөлмөр гэх ойлголтыг ихээхэн үнэний ортой гэж боддог шүү. Битүүхэндээ голонгуй байсан хөгжимчин бүх хүчээ дайчлан ажиллаж, хичээн зүтгэж, боловсрол гэгч зүйлийг нь олж аваад гялалзаж явах нь бий. Авьяас гэдэг маш том мэдрэмж, мэдрэмжийн уурхай, ухаан юм болов уу. Мэдрэмжээр олж авч байгаа боловсрол, мэдрэмжээр хөгжүүлж байгаа хөдөлмөр нь хар ажилд махран зүтгэхээс огт өөр. Тийн зүтгэж, нэг тал руугаа туйлшран, өрөөсгөл боддог уран бүтээлчид цөөнгүй. Гэхдээ бид чинь хөг эгшиг хийгээд гоо сайхныг эрэлхийлж яваа улс болохоор ондоо хандлагатай байх учиртай гэж боддог.

З.Э. Сонгодог хөгжим нь хөгжимчдөөс хэдэн арван жилийн уйгагүй сургуулилт шаарддаг. Бэлтгэл сургуулилт хийсээр төгс болно гэж байх уу, тийм бол үүнийг ямар хэмжүүрээр хэмждэг юм бэ?

С.О. Миний хувьд төгс төгөлдөр санагддаг уран бүтээлчид өөрсдийгөө асар их голдог юм билээ. “Төгс” бүтээл бүтээснийхээ дараа “Би юу хийчих нь энэ вэ?” хэмээн ичиж, халаглаж байх нь сонин. Төгс төгөлдөр гэдэг ойлголт үнэхээр байдаг болоод л хүмүүс түүнийг эрэлхийлдэг байх. Гэвч хүн гэдэг өөрөө төгс бус бодьгал. Өөр ямар нэг салбар руу үсчилгүй, зөвхөн нэг салбарт л хүн төгсийг гүйцэлдүүлж болох юм шиг санагддаг. Үүнийг бид сонгодог хөгжимчдийн түүхээс харж болно. Тэд зөвхөн нэг эрлийн төлөө бүхэл бүтэн амьдралаа гаргуунд нь гаргасан байх нь бий. Яндашгүй баян амьдралын асар жижиг хэсгийн нэг бяцхан буланд л хүн төгс төгөлдрийг бүтээдэг юм болов уу. Тэгсэн хэрнээ л тэдгээр уран бүтээлчид сэтгэл ханаагүй байх нь сонин. Магадгүй, сэтгэл нь дүүрчихвэл урагшлах аргагүй болж, мөрөөдөл нь зогсох байх. Юунд хүрэх нь үл мэдэгдэх эрэл хайгуулын дунд хүмүүн бид амьдардаг. Хаа хүрэхээ мэдэж байвч бусад хүмүүс түүнийг нь ойлгохгүй байх нь ч бий.

З.Э. Сонгодог хөгжмийн хатуу дэг жаяг таныг хайрцаглаад байх шиг санагдах үе бий юу?

С.О. Сахилга бат, ямар нэг дэг жаяггүйгээр сайхан юмс бий болохгүй. Тиймээс үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Дээр дурдсанчлан, уран бүтээлчид нэг тийш туйлширч, нэгэн хэвийн дэгт орохоороо цэргийн уур амьсгалтай болоод ирдэг. Тийм үед таашаал, баяр баясал мартагддаг. Таашаал үгүй болчихвол хүч чадал үгүй болно. Тэгэхээр баланс буюу зөв зохицолдолгоог олох нь чухал. Дэгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр сайхан бүтээл туурвина гэж байхгүй. Гагц түүнд нь захирагдах атлаа толгойгоо алдахгүй, балансыг нь хангах л хэрэгтэй.

З.Э. Өнөөдрийг хүртэл хийж буй, цаашид хийхээр төлөвлөсөн зүйлс тань юуны төлөө вэ?

С.О. Хүнд хөг нэмэхийн тулд, хөгөөр дамжуулан хайр, итгэл найдвар, баяр баясал өгөхийн тулд юм. Хүмүүс хэрхэн хүлээж авахыг мэдэхгүй ч өөрийн үүргийг би ийн ухамсарладаг.

З.Э. Хүслийг тань бадраагаад байгаа хөдөлгөх хүч чухам юу юм бэ?

С.О. Хөгжим. Хөгжим надад хэтийдсэн гэмээр их юмсыг өгчээ. Одоо ч өгсөөр. Ирээдүйд бүр илүү ихээр өгнө. Яагаад 2-3 зуун жилийн өмнөх зохиолчдыг одоо ч сонссоор байгаа юм бэ? Яагаад тэдний хөгжмүүд хүмүүсийг уйлуулж, сэргээн босгож, тэтгэн дэмжсээр, бүр хар тамхи шиг донтуулсаар байгаа юм бэ?! Би амьдралынхаа философийг хөгжмөөр л дамжуулан олж авсан. Хүн баяр хөөрөө бусадтай хуваалцахгүй бол тэр нь жинхэнэ баяр хөөр байж чадахгүй. Бялхам баяр хөөр, хайр, сэтгэлийн дэм, хэмжээлшгүй хүчийг би хөгжмөөс л авч байна даа.

З.Э. Итали таныг юугаараа татдаг юм бэ?

С.О. Бараг бүх юмаараа. Итали сайхан орон. Европын бусад орноор явж, харьцуулж үзэхэд Итали яахын аргагүй юмыг энгийн байлгахгүйгээр, яаж гоо сайхан байлгах вэ, түүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ гэдэг газар. Энэ байдлаа хэдэн зуун жилээр хадгалсан улс. Зүгээр нэг аяганы хийц ч бай, өрөөний булан ч бай, хувцасны зангилаа ч бай, тэнд бүгд урлаг байдаг. Үзсэн, сонссон болгон маань урлаг байхаар тийм газар тэжээгдээд баймаар, сайхан зүйлсээс нь холдож чадамгүй санагддаг.

З.Э. Сонгодог хөгжмийн салбарт Монголд өрсөлдөөн бий юү?

С.О. Жижиг хэмжээнд бол байна аа.

З.Э. Манайд үнэндээ сонсогчид цөөн гэдгийг бид мэднэ. Ер нь сонгодог жанр Европт анх үүсэхдээ л цөөнхөд зориулагдсан байдаг…

С.О. Тийм шүү, нийтийн хөгжим бол биш. Харин Европт олон нийтэд хүргэх бодлого, үйл ажиллагааг Засгийн газраас нь явуулдаг учраас сонгодог хөгжим хүчирхэгжсээр ирсэн. Сонгодог хөгжим бол уушийн газар суугаад, эсвэл гэрээ цэвэрлэхдээ сонсдог хөгжмийн төрөл биш. Бусад жанртай харьцуулахад хамгийн аяараас (рianissimo) хамгийн чангад (fortissimo) хүрч, нотны хамгийн аргилаас хамгийн нарийн эгшгийг хамарч өргөн цар хүрээтэй дуугардаг учраас хүн зорьж ирээд, анхаарал тавин сонсож байж таашаал хүртдэг.

З.Э. Та өөрийгөө олсон уу?

С.О. Өөрийгөө олчихлоо гээд явж байтал ахиад л нэг эрэл хайгуул эхэлдэг. Тэгэхээр үе үеэрээ байдаг юм шиг. Ямар үед өөрийгөө яаж олох нь чухал гэмээр юм уу даа. Яг одоо бол би “Тийм ээ, өөрийгөө олчихсон” л гэж хэлнэ /инээв/. Өнгөний тал дээр ч бас үүнтэй төсөөтэй асуулт тулгардаг. Хүн надаас ямар өнгөнд дуртайг асуухад би бүх өнгөнд дуртай гэдэг. Би бүх өнгийг харах дуртай. Хамгийн гол нь, аль өнгө нь аль өнгөтэй сүлэлдэн хэрэглэгдэж буй зүй зохилдлогоонд л учир байна. Ямар нөхцөл байдалд яаж хэрэглэгдэж байна вэ, тэр донж нь л надад хамгийн гоё байдаг юм.

З.Э. Уран бүтээлч хүн өөрийгөө бусдад өгөөд л байдаг шиг санагддаг. Авахыг бас хүсдэг л байх даа?

С.О. Авах тохиолдол бий. Жинхэнэ үнэнч сонсогчдоос тийм зүйлийг мэдэрч болно. Гэхдээ тэр нь мэргэжлийн орчинд юм уу, элит хүрээлэлд байдаггүй. Тийм үнэнч сонсогчид эмнэлэгт байдаг юм билээ. Гэнэтийн осол аваараас болоод хэвтэрт орчихсон өвчтөнгүүд, амьдралын гүнд орж нухлагдсан хүмүүст очиж тоглоход тэд чин сэтгэлээсээ хөглөгдөж байгаа нь харцнаас нь мэдрэгдээд, түүнийг нь би минут, секунд тутамд гуурсаар сорж байгаа юм шиг хүлээж авдаг. Италид, осол аваараас болоод хэвтэрт орчихсон, эсвэл суумгай болчихсон өвчтөнгүүдийн эмнэлэгт би найз нарынхаа хамт сард нэг удаа очиж тоглолт хийдэг юм. Тэр үед авдаг мэдрэмж надад хамгийн том тэжээл өгдөг. Энд ирээд зөвхөн эмнэлэг гэлтгүй шорон, асрамжийн төвүүдэд тоглолт хийхийг хүсч байна. Сайн үйлсийн ийм аянг Монголд зарим хүмүүс шоу маягаар хийж байгаа нь анзаарагдсан.

З.Э. Та юунаас эмээдэг вэ?

С.О. Их олон юмнаас. Аливаад хэт туйлшраад, утга учраа алдахаас эмээнэ. Хийсэн жижигхэн зүйлдээ хэт хөөрч бардамнахаас эмээнэ. Байгалийн гамшиг болж Улаанбаатарт маань шинээр баригдаж буй сайхан хорооллуудыг нураачих вий гэхээс эмээнэ…

З.Э. Хайр гэж юу вэ?

С.О. Хайр бол эхлэл, бас төгсгөл. Хайр өөрөө бурхан. Бурхан бол хайр. Хайранд бүх юм бий. Сүүлийн үед хайрын үнэ цэнийг мэддэггүй, эсвэл хайрыг амсаагүй хүн олширсон юм шиг санагддаг. Бие биеэ дуудахдаа хүртэл хайраа гэх нь энэ үгний үнэ цэнийг үгүй болгоод байгаа ч юм шиг. Зугтаад гүйчихмээр муу муухай зүйл хэчнээн их байдаг ч хайр байгаа учраас л энэ дэлхий оршин тогтнодог гэж боддог. Хайр бол бүх зүйл. Хайр байгаагүй бол би өнөөдөр оршин тогтнохгүй, өдийг хүртэл амьдрахгүй л байсан.

 

Read Full Post »

 

1479083_10152067016028856_669307078_n                                               

Энхбатын Амартүвшин /Монгол улсын гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин/

 

1450040_10151998839138114_234095567_n

/Гоодаль сэтгүүл №56 дугаарт/

 

1597 онд Якобо Корси гэр бүлийнхээ хүрээнд “Дафна” гэх хөгжимт-драмаа тоглуулж суухдаа хожим яруу найраг, хөгжим, театр, зураг, тайзны цогц болж, дэлхийн сонгодгуудын хэмжээнд хүрэх дуурь хэмээгч жанрын эхний цифрийг бичиж байснаа мэдсэн болов уу? Үүнээс хойш гурван зууны дараа буюу 1942 онд Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, ЗХУ-ын нэрт хөгжим судлаач Б.Смирнов нар “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа олон нийтэд толилуулсан түүхтэй. Монголын дуурийн урлагт суулгасан үр нь боловсорч, монгол дуурийн дуучин сонгодгуудын мөрөөдөл болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдааны дэд тэргүүн байрын эзэн болж, удаах жилдээ 18-32 насны 1000 орчим дуучид оролцдог Опериалаг түүчээлж, хамгийн сүүлд гэхэд алдарт тенор асан Франсис Винасын нэрэмжит дуурийн дуучдын шалгаруулалтаас дэд тэргүүн, тусгай байрын шагналуудыг хүртэнэ гэдгийг тэд төсөөлж суусан болов уу?

Бид бүгд л ирээдүй хойчдоо сайн сайхныг хүсэн сүсэлж, төсөөлөн боддог. Чухамдаа бидний ахас ихэс, өвөг дээдсийн маань ерөөл залбирлын биелэл нь өнөөгийн бид гэж ч болох юм. Төсөөлөл биелэлээ олно гэдэг гайхамшиг… Сонгодог урлагийн тайз өндөр, гэсгээл хатуу, хууль нь чанд, “гэрчүүд” нь үнэнч. Эрэмгий зориг, цуцаж няцашгүй байдлаараа онцгойрч яваа дуурийн дуучин Э.Амартүвшинд аргил, тослог хоолой нь төгс зохирсон мэт. Түүнтэй ярилцсан энгүүн яриаг танд өргөн барихын ялдамд түүнийг би амьд зэмсэг хэмээн нэрийдье. Хүн зэмсэг…

 

Зоригтын Энхмөнх. Опериала уралдааныг зохиогдож байх үед зарим монгол хүмүүс онлайнаар үзэж байсан санагдана. Уралдаанд шүүгчид олон хэлбэрээр, ялангуяа ноот бүрийг нарийн шүүлтүүрээр шүүнэ. Харин тайзан дээр бол та үзэгчдэд зориулж дуулна. Энэ хоёрын ялгаа нь юу вэ?

Энхбатын Амартүвшин. Хоёулаа л амаргүй. Уралдаанд байр эзлэхийн тулд өндөр хариуцлагатай байх ёстой, бүхий л талаараа алдаа гаргах “хориотой”. Тэр утгаараа физиологи, сэтгэл зүйдээ аль алинд нь өндөр ачаалал өгдөг. Харин дуурьт дуулах үед зохих хэмжээнд дуулахгүй бол намайг хасаад хаячихна гэсэн сэтгэлгээ байхгүйгээрээ уралдаанаас ялгаатай. Тэгээд ч бид олуулаа дуулж хөгжимддөг болохоор ч тэр үү, харьцангуй тайван, басхүү зоригтой ханддаг.

З.Э. Дэлхийн сонгодог дууриудаас гадна “Учиртай гурван толгой”, “Ламбугайн нулимс”, “Чингис хаан” гэх мэт монгол дууриудын гол дүрийг та бүтээсэн. Ер нь монгол дууриуд таны хоолойн цараа, ур чадварыг бүрэн харуулж чадах юм уу?

Э.А. Баритон хоолойн /өөрийнх нь хоолойн төрөл/ боломж бололцоо, эр чадлыг харуулсан, хүч шавхсан дууриуд гэвэл би юун түрүүнд гадны сонгодгуудыг хэлнэ. Гэхдээ тэдгээрээс дутахгүй том хэмжээний сайхан дууриуд манайд бий. “Учиртай гурван толгой” бол манай үндэсний ууган дуурь. Мөн барууны дууриудтай эн зэрэгцэхүйц чадал шаарддаг дүр гэвэл Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”-ын Лодонгийн дүр. Сэтгэл хөдлөл, сэтгэлгээ, дуурь доторх амьдрал, жүжиглэлт гээд бүхий л талаараа хамаг байдгийг шавхаж, ёстой л хүнийг жинхэнэ утгаар нь дуулуулж чаддаг. Манайхан үүнийг “бүтэн дуулна” гэж ярьдаг юм. “Чингис хаан”-ыг ч гэсэн би чадал шаардсан дуурь гэж боддог.

З.Э. Дуу, романс гэдэг дуулаачийн хувьд хамгийн жижиг атлаа их ур дэм шаарддаг жанр. Та дуурь, романс хоёрын алинд нь илүү дуртай вэ?

Э.А. Бүгдэд нь л дуртай. Сайхан дуу дуулах дуртай. Романсын дайтай дуулагдаж чадахуйц гайхалтай монгол дуу зөндөө байна. Романс нь хэмжээний хувьд жижиг мөртлөө болж буй үйл явдал, утга санааныхаа далайцаар их өргөн. Харин ари бол дуурийн гол дүрийг илэрхийлэх үндсэн хэлбэр гэж хэлж болно. Хамгийн сайхан хэсэг нь ч ари юм.

З.Э. Театрын дуучид шаргуу цагийн хуваариар ажилладаг. Аливаа нэг дүрийг бий болгох хугацааг хэмжиж болох болов уу?

Э.А. Дүр болгон харилцан адилгүй. Зарим дүр хүнд сууж өгөхгүй нэлээд цаг авах нь бий. Сайн бэлтгэл сургуулилт хийж, дүрээ чанартай хүргэе гэж бодоход хамгийн багадаа жилийн хугацаа орох болов уу. Үүнээс бага хугацаанд дүр бүтээнэ гэдэг бэрх дээ.

З.Э. Дуурь бол тухайн нэг цагт бүтээх амьд урлаг. “Амьд”-аар тоглоно гэдэг уран бүтээлч, сонсогч хоёрын хэн хэнийх нь хүчин зүтгэлийн үр дүнд бий болдог зүйл шиг. Таны хувьд сонсогчоо голох тохиолдол гардаг уу?

Э.А. Үзэгчид гэдэг олон. Түүнээс гадна хүн бүр давтагдашгүй. Тэдний сонирхол ч мөн адил давтагдашгүй. Ямарваа үзэгч тоглогдох гэж байгаа бүтээлийн талаар мэдлэгтэй, мэдрэмжтэй байж гэмээнэ дуурьтай холбогдож чаддаг. Түүнээс биш дуурийг огт үзэж сонсоогүй үзэгч тэндээс юм ойлгохгүй шүү дээ. Миний анзаарснаар, манай үзэгчдийн дийлэнх нь социализмын бодлогын нөлөөгөөр бага залуугаас нь анги хамт олон, албан байгууллагаар нь дуурь үзүүлсний үрээр бий болсон, мөн гадны театруудад дуурь үзэж байсан хүмүүс. Тийм үзэгчдийг харахад сайхан агаад үзэж буй уран бүтээлийнхээ дотор орж, огшиж, уярч, уярсандаа нулимс унагаж суугаа нь үзэгддэг.

З.Э. Өдгөөг хүртэл бүтээсэн дүрүүдээс дотоод мөн чанараараа танд хамгийн ойр нь ямар дүр вэ?

Э.А. Дуурийн театрт ороод тав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нийт 6-7 дуурийн гол дүрийг бүтээжээ. Өөрийгөө дүгнэж хэлэх нь хаашаа юм. Тэр дүрийн тийм зан төрх, туулсан амьдрал нь минийхтэй адил гэж шууд оноох боломжгүй. Яах вэ, дүрээ бүтээж дотор нь амьдрахад дотоод мөн чанараараа хамгийн дөхөм нь “Ламбугайн нулимс”-ын Лодон, Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголетто алиа салбадайн дүр юм байна. Хүнийг амархан өрөвддөг ч юм уу, даруу, уян байдлыг харуулах сэтгэл хөдлөлүүд нь надад ойр тусдаг юм болов уу.

З.Э. Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж, П.Ганбат гээд үе үеийн алдартай басс, баритон хоолойтнууд бий. Одоо үе бол таны үе. Ер нь монгол дуучдын ирээдүй танд хэрхэн харагддаг вэ?

Э.А. Авьяас гэдэг дундаршгүй зүйл. Ялангуяа монголын ард түмнээс ямар ч авьяастай хүн төрж болно. Төрсөөр ч ирсэн. Оросын томоохон тайзууд дээр дуулж асан алтан үеийн мундаг дуучид бий. Тэднээс зөвхөн өөрийнхөө хоолойн дээр жишээ аваад ярихад, монгол баритоныг анхлан дэлхийд дуурсгаж чадсан агуу их Ганбат агсаныг дурсахгүй байхын аргагүй юм. Түүнийг бид шүтэн биширч, хүндэтгэж явдаг. Социализмын үед нийгмийн хаалттай байдлаас улбаалан манай дуучид хөгжингүй орнууд руу явж дуулах боломжгүй шахам байсантай холбоотойгоор алдар нэр нь төдийлөн түгээгүй гэж хэлж болно. Одоо бол цаг сайхан болжээ. Бид азтай хүмүүс. Аль ч улсын тайзан дээр шалгуулаад дуулах эрх бидэнд нээлттэй байна. Тийм учраас өнөөдөр монголын залуучууд гадаадын томоохон уралдаануудад оролцож, тайзан дээр нь дуулж, хүмүүсийн анхаарлыг татах боломжтой болсны хэрээр чанар чансаа нь шалгагдаж, хэмжүүр нь өндөрсөж байна. Ар араасаа түрэн гарч ирэх сайн дуучид олон байгаа нь ч өрсөлдөөнийг бий болгоно. Ер нь ирээдүйд монголын дуучид улам л чангарах байх.

З.Э. Таны бага нас малын бэлчээрт өнгөрсөн гэхэд болно. Дуурийн урлагт сургалт чухал. Өнөөдрийн Амартүвшинг буй болгоход Ц.Ерөө багшийн гавьяа багагүй бий. Түүнчлэн, таны өөрийгөө эрсэн эрэл хайгуул ч хувь нэмрээ өгсөн нь дамжиггүй. Харин энэ хоёрын аль нь илүү хувь эзлэх бол?

Э.А. Ямар ч хүн авьяас, чин хүсэл хоёрыг тээгээгүй цагт амжилтанд хүрэхгүй. Би бол дуурийн дуучны мэргэжлээр эргэлт буцалтгүй замнахаар шийдсэн хүн. Ер нь тууштай явсан хүн л амжилтанд хүрдэг байх. Өвөг дээдэс, ижий аав, нутаг уснаас минь өгсөн авьяас билэг, эрч энергийг энд тэмдэглэн хэлэх нь зүйн хэрэг. Үүн дээрээс, тэр сайхан юмыг засч янзалдаг, замыг нь тавьж өгдөг хүмүүс байгаагүй бол бас л өрөөсгөл болно. Үүгээр би, хоолойг минь сайхан болгож өгсөн багшийгаа хэлэх гээд байна л даа.Учрал гэж байдаг шүү дээ… Бусдыг үгүйсгэж байгаа юм биш шүү, гэхдээ би Ерөө багштайгаа хувь зохиолоор учраагүй бол ямар дуучин байх байсан бол гэж боддог. Үүнийг би аз гэж хэлнэ. Миний багш шавь нарынхаа хоолойг эвдэлгүй хөгжүүлж, яг өөрийнх нь онцлогоор залж чаддаг гайхалтай хүн. Монголын маршийн агуу хаан гэж өргөмжлөгддөг Цэрэнпил гуайн охин Ерөө багш маань алтан үеийнхэнтэй хамт дуурийн театрт насаараа дуулсан хөдөлмөрч нэгэн.Тэгэхээр миний хүсэл зориг, хүч хөдөлмөр, багшийн маань хүсэл зориг, хүч хөдөлмөр тал талаасаа тэнцүүхэн нэгдэж, нэг сайхан юмыг бий болгож дээ. Бас Б.Солонго багшдаа би их баярлаж явдаг. Намайг их сургууль дүүргэсний дараа ажлын талбарт гардаж авсан хүн. Түүний гараар орж, олон томоохон уралдаанд бэлтгэж, заримд нь хамт явсаар ирсэн.

З.Э. Дуучдын тухай ярихад концертмейстер1 гэдэг эрхэм мэргэжлийн талаар дурдахгүй байхын аргагүй. Дуучин хөгжимчин хоёр удаан хугацаагаар хамтран бэлдээд, тайзан дээр яг нэг хүн шиг тоглох учиртай. Солонго багш та хоёрын хамтран ажилладаг түлхүүр арга барил чухам юу вэ?

Э.А. Дуучин, концертмейстер хоёр хоёулаа л чадварлаг байх ёстой. Би сайн дуулж байх ёстой, Солонго багш ч надад сайн зөвлөж, зохиолыг сайн хөгжимдөж байх хэрэгтэй. Магад би сайн дуулж байхад, хөгжимчин нь сайн зөвлөхгүй, эсвэл хангалттай сайн авч явж хөгжимдөхгүй байх аваас сайн бүтээл төрөхгүй. Түүнийг би дуучидтай ажиллах, бүтээлийг нь хөгжимдөх, байгаа бүхнээ гаргаж үзүүлэх боломжийг тухайн дуучиндаа олгох зэрэг өндөр чадамжтай мэргэжилтэн гэж боддог. Дуурийн дуучин бидний хувьд тэд асар чухал хүмүүс юм шүү.

З.Э. Таны дууны өнгийг аргил, тослог гэцгээх юм. Таны доторх хөгжимлөг байдал юунаас эхтэй гэж боддог вэ?

Э.А. Хөгжимлөг байдал гэдэг цаанаасаа өгөгддөг зүйл байх. Сонсгол, ритм хэмжээ сайтай байхаас гадна тархины ажиллагаа, сэтгэх чадвар, далайц, үүнээс гадна сэтгэл зүрх нь мэдрэмжтэй байх учиртай болов уу. Манайхан авьяас гэдгийг билэг танхай байдал, эсвэл орж гардаг онгодоор бодож яриад байдаг… Хөгжимлөг байна гэдэг нь амьдралыг олон талаас нь харж чадах мэдрэмж, халуун сэтгэлийн нийлбэрээс бүрдэнэ. Сайхан нутаг ус ч үүнтэй холбоотой гэж боддог.

З.Э. Орчин үеийн дуурийн дуучид төлөвлөгөөтэй ажиллаж байна л даа. Зарим нь орон орны театруудад дуулах төлөвлөгөөгөө бүтэн жилээр гаргасан байх жишээтэй. Таны хувьд менежментийн тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

Э.А. Би ОХУ-ын “Смол Арт” агентлагтай хамтран ажилладаг. Захирал нь Сергей Молчанов гэж хүн бий. Миний сайн найз. Сайхан ч хүн. Тэр хүн миний гадаадын тоглолт, уралдаан тэмцээний санал, зохицуулалтыг цогцоор нь хийж ажилладаг юм. Тэр нь надад таалагдвал би зөвшөөрнө, үгүй бол татгалздаг гэрээтэй.

З.Э. Дуучны хувиар та дуугаа эсвэл дүрээ хэн нэгэнд онцгойлон зориулж байв уу?

Э.А. Ёстой тэгж байгаагүй юм байна. Хэн нэгэнд дуугаа зориулна гэвэл хайрлаж дурласан хүндээ л зориулах байх даа. Бид чинь ээж хүү, ах дүү, ноён зарц гээд янз бүрийн дүрд харилцан адилгүй хувирна. Бодит амьдрал дээр үзэл бодлын зөрчилтэй хүмүүс ч хоорондоо таарч дүр бүтээж болох бөгөөд тайзан дээр бид үүнийг умартаж, зохих сэтгэл хөдлөлийн илрэлүүдийг үзүүлэх учиртай. Хэн нэгнийх нь ар гэр, хувийн амьдралд бэрхшээл тохиолдсон байлаа гэхэд театрын үүдээр орж ирэхдээ тэр бүхнийгээ хаалганы цаана үлдээсэн байх бичигдээгүй зарчмаар ажиллана. Ягаан байшинд орж ирээд л бүх зүйлийг мартаж, уран бүтээлдээ умбаж, хөөрч дэвэрсэн хүмүүс явна даа.

 

1- Концертмейстер буюу тэргүүн хөгжимчин- Н.Жанцанноров- Хөгжмийн онолын нэр томьёоны хураангуй тайлбар толь, УБ хот. Түүнчлэн аливаа дуучин хөгжимчинтэй хамсран хөгжимдөх төгөлдөр хуурчийг ийн томьёолох нь бий. Энэ тохиолдолд төгөлдөр хуурч нь зөвлөж зааж байдгаараа үүргийн хувьд хоршин хөгжимдөхөөс ялгарна.

З.Э. Дүр бол сэтгэл хөдлөлийн илрэл. Та сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг вэ?

Э.А. Залуу хүн болоод ч тэр үү, зарим тохиолдолд контрол алдах тохиолдол байдаг шүү. Тайзаа үнэн сэтгэлээсээ мэдрээд уйлахаар хүний хоолой гарахгүй байх талтай. Риголеттогийн дүрийг анх удаа бүтээж байхдаа сэтгэлээ хэт гүнд нь хадчихаад, охиноо тэвэрч суугаад дуулдаг хэсэгт жинхэнээсээ нулимс дуслуулахад хоолой сайн гарч өгөхгүй байсан санагдана. Иймээс сэтгэл хөдлөлийг барьж байх шаардлагатай. Барихыг л боддог доо. Ер нь амьдрал дээр ч гэсэн сэтгэл хөдлөлөө аль болох дарах хандлагатай, бухимдсанаа олонд харуулахгүй, дотроо өөрийгөө тайвшруулж, бясалгаж бодно шүү.

З.Э. Таны дотроос хашхирч байдаг дуу хоолой, зарчим юу вэ?

Э.А. Хүн бүрийн л дотор ийм зүйл оршдог байх. Би өөрийгөө чадна л гэж боддог. Чадах ч ёстой. Гэхдээ хэт муйхарлаад өдөр шөнөгүй бодож, хүн олонтой барьцаж атаархаад байдаггүй л дээ. Давах ёстой даваагаа давж, дуугаргах ёстой ноотыг би дуулах ёстой л гэж боддог.

З.Э. Хэрвээ дараагийн төрөл гэж байдаг бол та хэн болж төрөх вэ?

Э.А. Дараагийн төрөл гэж байдаг бол одоо амьдарч байгаа хүмүүстэйгээ л хамт төрмөөр байна. Аав ээж, ах дүү, хань ижилтэйгээ яг энэ газраа л төрвөл надад сайхан байна даа.

З.Э. Амьдралын утга учрыг та юу гэж боддог вэ?

Э.А. Амьдралын утга учир бол гэр бүл, ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх, эрүүл энх орших. Өвчин, зовлон үүсгэх зүйлийг хүн өөрөө л хийдэг гэдэг. Тиймээс өвчин зовлон, гуниг харуусал, муу муухай юмсын эсрэг оюун ухаанаараа тэмцэж амьдрах нь амьдралын утга учир юм болов уу.

Read Full Post »

547387_558288150878259_1249978442_n

Цэндийн Батчулуун /Монгол Улсын Ардын жүжигчин, “Морин хуурын чуулга”-ын уран сайхны удирдагч, удирдаач, профессор, Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын багш/

1001010_10151704083323114_422017286_n

 /Гоодаль №53-т нийтлүүлсэн ярилцлага/

Хүний биеийг олж, хорвоогийн тоосыг хөдөлгөн, түүгээр нь түүх бичигдэнэ гэдэг хувь тохиол. Эрин үеийг удирдан чиглүүлж, ирээдүйн зүг чигийг хүн төрөлхтөнд олгохоор Бурхан бидэнд удирдагч нэгнийг илгээдэг гэдэгт би итгэдэг. Удирдагч бол зорилгын төлөө дуудагдсан нэгэн.

Нэгэн цагийн түүхийг бичүүлж, түүгээр нь бид ивээгдэн тэтгэгдэх хувийг Ц.Батчулуун гэгч эрхэм нэгнээр дамжуулан хүртээл болгох ховор цагт бид мэндэлжээ хэмээн түүнтэй ярилцах үедээ бодон суулаа. Аз, ивээлийг их хөдөлмөрөөр угтан тосдог, ерөөл гэдэг хөлсөө дуслуулсны шагнал юм гэдгийг амьдралаараа баталж яваа монгол соёл, морин хуурыг дэлгэрүүлэх их үйлсийн эзэн болсон түүгээр бид бахархах учир бий.

Хуур дагасан амьдрал- түүний дуудлага…

 

Зоригтын Энхмөнх Та алдарт Гомбожав, Бууран гуайгаас эхлээд Уламбаяр гээд үе үеийн урлаачдын хуураар хуурдаж ирсэн. Аливаа хөгжмийн зэмсгийг сонгодог хэмжээнд хүртэл нь хөгжүүлэхэд хөгжмийн зэмсэг, хөгжмийн зохиолч, хөгжимчин гурвын аль нь чухал юм бэ?

Цэндийн Батчулуун Аливаа юмсын хөгжлийн зүй тогтол нь ганц хүчин зүйлээс хамаардаггүй, харилцан шүтэлцээтэй оршдог. Хөгжмийн зохиол үгүй бол хөгжимчин хүн юу тоглох вэ? Сайн зохиолыг сайн зэмсгээр хөгжимдөхгүй бол мөн л учир дутагдалтай. Зохиол гэдгээ юу гэж үзэх вэ гэдэг бас нэг хэрэг. Монголын уламжлалт ардын урлагийн тухай ярихад одоогийн сая таван зуун километр хавтгай дөрвөлжин талбай бүхий Монгол улсын тухай биш, ерөөс энэ улс туурга улсаа байгуулснаас хойших дөрвөн зүг найман зовхисын зах хязгаарууд нь хаа хүрч байснаар авч үзэх хэрэгтэй юм. Ингэхлээр энэ их өргөн хүрээтэй асуудал болно. Нутаг ус, аймаг хошуудын онцлогоос шалтгаалах язгуур хөгжмийн бүтээлүүд орон нутгийнхаа байгаль, уул усыг магтан дуулсан гээд янз бүрийн агуулга, хэлбэртэй байдаг. Түүх судлаачдын судалбар ажлуудад Хүннү улсын үеийн хөгжмийн зэмсэг сэлтийн тухай бичсэнээс үзэхэд дуу хөгжим, хөгжмийн зэмсэг зэрэг нь монголын ард түмний соёл, ахуйтай салшгүй холбоотой байсаар ирсэн нь тодорхой харагддаг. Ингэхдээ тухайн ястанууд тус тусын онцлог, хэлбэр хийц бүхий зэмсгүүдийг хэрэглэж байсан байдаг. Их Юань улсын үед төрийн ёслолын 412 хүнтэй Төрийн их найрал хөгжим байсан тухай бичсэн байдаг. Хөгжим судлаач Бадрах гуайн үзэглэсэн Монголын хөгжмийн түүхийн номоос үзвэл Их Юань улсын үед төрөл бүрийн хөгжмийн зэмсгүүд байсан авч өнөө цагт бидэнд уламжлагдан ирсэн нь тун цөөн байна. Гэлээ гэхдээ, энэ цөөн тооноос шавхагдашгүй их ундарга гарч байгааг өвөг дээдсийн маань бидэнд үлдээсэн гайхамшигт өв гэлтэй. Бидний ойлгож байгаагаар, тэр үеийн хөгжмийн зэмсгүүд одоогийн азийн орнуудаар тархсан гэж үзэх үндэслэлтэй. Цохивор хөгжим гэхэд л чулууны аймаг, төмрийн аймаг гэх мэт төрөл зүйлийн задаргаатай нь одоогийн Хятад, Япон, Солонгост буй зэмсгүүдтэй нэлээд төсөөтэй. Уламжлал шинэчлэлийн асуудал өөрийн чинь асуусан гурван зүйлтэй гурвуулантай нь хамаатай.

З.Э. Энэ бүгдийг та алган дээрээ тавьчихсан юм шиг л харж байгаа байх. Морин хуурын хувьд чухам аль нь давуу хөгжүүлээд байх шиг байна?

Ц.Б. Урлаг соёл гэдэг маань зөвхөн гүйцэтгэл биш, хэрэглээний, арилжааны чанартай эд. Бидний ойлгодгоор маш сайн хөгжмийн зохиол гэдэг бол хэдэн зуун жилийг туулан үлдэж хоцорсон, өрнийн дэгээр зохиогдсон бүтээлүүд. Өрнийн хөгжмийн зохиолчдын түүхээс харвал, хааны ордны болоод сүмийн хүрээнд туурвилаа хийж байсан байдаг. Тансаг хэрэглээтэй холбоотойгоор гэж би хэлэх гээд байна л даа. Тэгэхээр тансаг хэрэглээ гэдэгт үнэлгээний асуудал байж л таарна. Жишээ нь, Италид А.Страдиварийн урласан олон зуун жил хадгалагдаж ирсэн хөгжмөөр том том уралдаануудын ялагчид тоглох эрхтэй болдог гэх мэт уламжлал байгаагаас үзэхэд суурин иргэншилтэй улс орнууд соёлоо маш сайн хадгалж үлдсэн байдаг. Харин нүүдэлчний соёлтой бидний хувьд бичгийн соёл, шашин шүтлэгээ хадгалж үлдсэн боловч үүнээс бусад соёлоо өөр улс орнуудад үлдээчихсэн юм шиг санагддаг. Төрийн гэх тэдгээр олон хөгжмийн зэмсгүүд нийслэлээ “урагшаа” нүүлгэх үед тэнд очоод, одоогийн монголын нутаг дэвсгэр дээр ахуйн хэрэглээний хөгжмийн зэмсгүүд нь үлдсэн юм болов уу гэж би бодож явдаг юм. Бид шавь сургалт, гэрийн сургалт гээд ярьдаг. Нутаг усныхаа алдартай нэгнийг гэр орондоо урьж залан, хадаг яндараа барьж шавилдаг гэрийн сургалт. Үндэсний хөгжим ч үүнд хамаатай. Би өөрөө хөгжмийн судлаач биш учраас нарийн нягт бичсэн түүх олж үзээгүй. Зөвхөн том хөгжимчдийн ярианаас л энэ мэтийг сонссон. Г.Жамъян багш маань “Бидний хуурдах гэж юу байх вэ. Манай багш агуу хөгжимчин байсан” гэж ярьдаг байлаа. “Юу нь агуу байсан юм бэ?” гээд асуухаар “Найранд уригдаж, оргил үед нь хуураа татахад хуруу нь ч харагдахгүй тийм сайхан хуурддаг нэгэн байсан. Найрын төгсгөлд хуурч, хөгжимчдийг хүндэтгэн дайлж, хоймортоо залж, найр нэлээд хавтгайраад ирэхийн цагт шавь нар нь тэр хууран дээр нь татаж сурдаг байсан” гэж ярьж билээ. Хуур гэдэг нь утгын хувьд хөгжимдөх, татах, хэрдэх гэсэн үгнээс гарвалтай. Баруун Монголд эх-хэл гэдгээс гарвалтай икэл хуур гэж нэрийдсэн байдаг бол төв халхад морин хуур гээд, зүүн нутаг руугаа шоор хэмээн нэрийдсэн байгаа юм. Морин хуур гэдэг бол нэлээд сүүл үеийн ойлголт. Зэмсгийн хувьд адууны цавины хамгийн нимгэн арьсаар эсвэл ямааны арьсаар царыг нь ширлэж, адууны сүүлний хялгасыг туг тугаар нь авч, эр эмээр ялган угаагаад, сунгаж хэрэглэдэг байсан. Нэгэн удаа бид Япон явахдаа хааны дэргэд хөгжимдөн цалинждаг хөгжимчнийг харж байлаа. Монголд Богд хаанаас хойш хаант засаг үгүй болсон учир урьд цагт ямар дэгээр явдаг байсан тухай баримт ховор. Магадгүй найр наадмын хэлбэрээ хадгалсан байх. 1950-иад оны үед Монголын Хоршоод гэсэн том хөдөлгөөн байсан. Энд чиний хэлсэн Д.Бууран гуай ажиллаж, хуурыг модон цартай болгож үзсэн байгаа юм. 1967 онд Эстони улсаас хийл урлаач Денис Яровои гэдэг хүнийг урьж, морин хуурыг хөглүүлж, урд талд нь нүх гаргах зэрэг өөрчлөлт хийсэн гэдэг. Дуу хөглөгөөний тал дээр бид огт хоосонгүй байсан нь ширэн цартай байхдаа хуур маань ард талдаа дуу гаргах нүхтэй байснаас харагддаг. Үүний зэрэгцээ Г.Жамъян багш өөрөө морин хийлч байсныг мартаж болохгүй. Тийм ч учраас тэрбээр эл хөгжмийн зэмсгээр тоглох бүтээлүүдийг хуурт зохицох учиртай хэмээн бодсон шиг байгаа юм. Хөглөгөөг цэгцэлнэ гэдэг маань өгсөх давхцалаас /обертон/ гадна чалх /регистр/, царааг /диапазон/ тодорхой шатанд гаргаж өгнө гэсэн үг. Ингэснээр хуурын хүнгэнэх дуу алдагдах аюул давхар бий болсныг үгүйсгэхгүй. Үүнээс гадна бид одоо цагт хялгасаа морины сүүлээр хийхээс татгалзан, нийлэг сатурк татах болсон нь эгшиглэгээгээ /тембр/ алдах хандлагад нөлөөлсөн. Чингэхлээр, дээр үед хуурын хөглөгөө дөрвөц /кварт/, тавуул /квинт/ зайтай болохоос нот нь яг таг фа-си бемоль биш, дуучинтай хуурдахдаа дуучиндаа тааруулж хөглөдөг байсан байх нь. Монголчуудын нэг алдаа нь сайн юм руугаа тэмүүлэхдээ хэт хошуурдаг байдал. Улаанбаатараар дүүрэн жийп машин байна. Зам муутайгаас ч юм уу, эсвэл ядуу харагдах гээд байдаг уу. Зэрэгцэж хөгжих ёстой хоёр зүйлийн нэг рүү нь туйлширч, нөгөөг нь үгүйсгэх хандлага бидэнд ажиглагддаг. Бид эдгээр асуудлын алинд нь ч шинжлэх ухаанч гаргалгаа хийж чадахгүй байна. Зэмсэгт стандарт тогтоож, багажаар хэмжиж чадахгүй л сууна шүү дээ. Манайд лимбэ, бишгүүр, эвэр бүрээ, морин хуураас бусад зэмсгийг импортоор оруулж ирж байна. Хөгжим анхандаа бүтээл шиг харагдах авч цаанаа хэрэглээний шинжтэй. Хаана сайн зэмсэг байна, тэндээс л хөгжимчин хүн худалдаж авна. Өөрсдөө хөгжмийн зэмсгээ урлах нь маш чухал. Дэлхийн юмыг дэлхийнхтэй эн зэрэгцэхүйц хэмжээнд урлах хэрэгтэй. Бидэнд бодлого хэрэгтэй байна. Үндэсний брэнд, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Энэ нь эргээд мөнгөтэй холбогдоно.

З.Э. 1971-1985 онд УАДБЧ-д хөгжимчнөөр ажилласан тань Морин хуурын чуулгыг байгуулахад нөлөөлсөн үү. Шийдвэрлэх ямар хүчин зүйл таны хувьд чуулга байгуулах ажлыг давалгаалуулах боломж бололцоог бий болгосон бэ?

Ц.Б. Аливаа хүн зорилготой байх хэрэгтэй. Зорилгодоо хүрэх алхмуудыг хийх хэрэгтэй. Гэхдээ надад морин хуурын чуулга байгуулъя гэсэн зорилго анхнаасаа байгаагүй. УАДБЧ-д байх үедээ дуу зохиох гэж оролдож байлаа. Арваад дуу бичсэнээс “Цэрэг эрийн гэргийн дуу”, “Цэрэг эрийн гэргийдээ дуулсан дуу”, “Хөгжмийн эгшиг” гээд гурван дуу нь тухайн үедээ овоо нэрд гараад байлаа. Эдгээр нийтийн дууг амралтан дээр, найрлан цэнгэх үедээ дуулах нь элбэг байв. Төрийн хошой шагналт, МУАЖ, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж багш тухайн үед тэтгэвэртээ гарчихсан, АДБЧ-аар байнга ирдэг байлаа. Нэг өдөр багш намайг дуудаж, зохиосон дуунуудыг маань сонсъё гэлээ. Намайг ажиглаад байдаг байсан хэрэг. Тэгээд дуунуудыг маань сонсоод “Арваас гурав гэдэг чинь сайн байна шүү. Мундаг хөгжмийн зохиолч болох нь ээ” гэж магтаж билээ. Мөөеө багшаас ийм үг сонсоно гэдэг тун баярлууштай хэрэг. Тэгснээ Мөөеө багш “Би 100 дуу зохиосон. Түүнээс 10 нь л хүмүүст хүрлээ… Гэхдээ би чамд нэг юм хэлье. Танай тэр Г.Жамъян багш чинь сахиустай хүн шүү. Тийм хүнийг л дагавал сайн шүү” гэж билээ. Бидний үед бурхан шүтээн гэж байгаагүй болохоор сахиусыг эцэг эхээс улбаалж ирсэн, хүзүүндээ зүүдэг юм л гэж ойлгодог байлаа. Тэгээд багшийнхаа үгнээс битгий гараарай гэсэн үг юм байна гэж ойлгож, тэр цагаас хойш хөгжим, дуу зохиоход бус, морин хуурандаа илүү их анхаарал төвлөрүүлэх болсон. 1978 онд Үндэсний хөгжимчдийн улсын уралдаанд оролцоход манай хөгжмийн тулгын гурван чулууны нэг, Төрийн хошой шагналт, МУАЖ Б.Дамдинсүрэн гуай шүүгчээр ажиллаж байв. Дүнгийн хурал дээр “УАДБЧ-ын лимбэч Бадам гээд байна. Түүний лимбэдсэн “Дөрвөн цаг” уртын дуу, уралдаанд түрүүлсэн морин хуурч залуу Батчулууны хуурдсан “Уяхан Замбуутивийн наран” хоёр бүтээлийг сонсоод өөрийн эрхгүй багш нараа дурслаа. Өвгөн Цэрэндорж багш, Жамъян багш хоёр үнэхээр сайхан шавь нар бэлджээ” гэж билээ. Үүнийг сонсоод хэчнээн их баярласан гэж санана. Тухайн үед залуу, мунхаг байсан учраас намайг магтлаа гэж бодохгүй юу. Угтаа бол намайг биш, багшийг маань магтсан хэрэг. Тэгэхээр зэрэг миний сахиустай хүнийг дагана гэсэн итгэл үнэмшил маань батжаад ирнэ биз? Энэ бол хоёр дахь хүчин зүйл юм. Ингээд би 1985 оны сүүлээр ХБДС-д ховор азтай тохиолоор Жамъян багштайгаа зэрэгцэн багшлахаар боллоо. Багш хажууд байхаар сүрдэнэ. Багшийн хэлсэн үгийг хууль мэт дагана. 1988 оны арванхоёрдугаар сарын сүүлээр багш утас цохиж байна. ӨМӨЗО-оос ирсэн хуурчтай намайг танилцуулна гэнэ. Урьд дуулаагүй Чи Булаг гэдэг хуурч гэнэ. 1950-иад оны сүүлээр хоёр орны харилцаа сайн байх үед Жамъян багш Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамтаар БНХАУ-д айлчилж тогложээ. Тэгэхэд нь Хятадын оркестрт угалзан бүрээ тоглодог Сан Дүрин гэгч багшийн аялан тоглолтын дөчөөд хоногийн хугацаанд хуур тоглохыг дагалдан сурч л дээ. Тэрбээр хожим нас барахаасаа өмнө гарын шавь болох Чи Булагтаа “Та нарын морин хуурын жинхэнэ том эцэг бол ар Монголын Жамъян хуурч юм. Чи заавал очиж золгоорой” гэж захисан гэдэг. Ийнхүү Чи Булаг нэгэн өвлийн өдөр ирсэн нь тэр. Тэрбээр Төв аймаг, Улсын Филармони, ХБДС гэсэн гурван газар тоглолт толилуулж, манай багш нартай харилцаа холбоо тогтоогоод нутаг буцсан юм. Чи Булагийн баруун гарын нумын барил нь түүний үндсэн давуу тал. Түүгээр хурдан, удаан зохиол хөгжимдөж буй арга барил нь их зөв, хялбар байсан. Урьд нь бид атгаж барьдаг байхад бугуйгаа хөдөлгөхөд учир дутагдалтай байсан юм. Ингээд түүнээс нь бид суралцаж, багштайгаа ярилцаж, ерөөсөө Чи Булагийн энэ арга барилаар явъя гэж шийдлээ. Хятад маягийн зохиолууд түүний урын санд байхад, Зөвлөлтөөс уламжилсан өрнийн сургалт манай давуу тал болж байлаа. Энэ бааз суурь манайд нэгэнт сууриа олсон учир түүнд тулгуурлах нь зүйтэй гэж бодсон. Энэ үед Н.Жанцанноровтой ярилцаж Хөгжмийн холбоонд санал тавьж, улмаар “Алтан намар” хөгжмийн баярыг тохиолдуулан чуулгаа байгуулах санаатай байтал төд удалгүй Чи Булаг биднийг урьж, Өвөр Монголыг зорилоо. Тэнд тэр “Тахь” нэртэй морин хуурын чуулга байгуулчихсан байсан. Өөрөө европ нот бичлэг уншдаг боловч чуулгынх нь шавь нар дандаа тоон нотоор хөгжимддөг хөгжимчид байсан. Би ХБДС-д морин хуурын чуулгын хичээл ордог байсан болохоор шавь нар, оюутан сурагчид дээрээ суурилан чуулгаа байгуулъя гэж бодсон юм. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооны дэргэд Морин хуурын төв байгуулж, морин хуурчдын уралдаан, түүнд зориулсан зохиолын уралдаан зэргийг зохион байгуулах санал сэдлүүд бий болсон. Үүний үрээр З.Хангалын “Морин хуур, утсан хөгжим, цохивор хөгжимд зориулсан концерт”, Ц.Нацагдоржийн “Морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан концерт” зэрэг бүтээлүүд төрөн гарсан даа.

З.Э. Морин хуурын чуулга нь эрдэмжсэн байдал, тоглох чадвар, гаргасан цомог, ном, товхимол зэрэг олон талаараа манай салбарын байгууллагуудыг яахын аргагүй манлайлж явна. Таны удирдах чадварын нууц нь юундаа байна вэ?

Ц.Б. Нууц гээд байх юм байхгүй ээ. /Инээв/ Сайныг дагавал сарны гэрэл гэдэгчлэн ямар ч хүн чадалтай, чадвартай, хүн чанартай найз нөхөдтэй байх хэрэгтэй. Нэг талаараа шавь нар маань намайг дагасан бол нөгөө талаар би тэднийг эрж хайж байсан. Тиймээс ч бид өдгөөг хүртэл бие биедээ түшиг тулгуур болсоор ирсэн. Хүн амжилт гаргахын тулд байнга суралцаж байх ёстой. Энд би дан ганц “том” хүмүүсээс сурах тухайд яриагүй. Шавь нараасаа сурах үе ч бий. Эхлээд чирж, дараа нь түрэх тохиол бий. Энэ тойрог тасралтгүй үргэлжилнэ.

З.Э. Морин хуурын мэргэжлийн сургалтын түүхийг Г.Жамъян багшаас эхтэй гэж үзвэл та мөнгөн үеийн төлөөлөл болно. Энэ хариуцлага танд дарамттай санагдаж байсан уу, эсвэл багшийнхаа амжуулаагүйг хийх боломж гэж харж байв уу?

Ц.Б. Багш хүн хүнээ танихад гаргууд байх шаардлагатай. Үүнийг би анхандаа мэддэггүй байлаа. Аяндаа туршлага суусан. Сургалтын үр нөлөөгөөр хөгжмийг хэрхэн сурч байгаагаас гадна тухайн хүн яаж задарч байгаа нь чухал. Ганцхан талыг нь хөгжүүлээд байх бус, аль болох олон талт чадвар суулгах, юунд дурлаад байгааг нь харж хөхиүлэн дэмжих хэрэгтэй. Мориор бол амыг нь татах бус, урагш чиглүүлэх юм. Одоо бодохнээ, хүн залуу байхдаа юмны учир начрыг ололгүй, аливааг бярдаж хийх гээд байдаг талтай. Тэгвэл одоо аажим аажмаар хийдэг болж байна. Хүн үхэн үхтэлээ сурдаг гэж үнэн юм байна. Хоёр удаа их том алдаж байснаа тодхон санаж байна. Эхнийх нь 1981 онд Увс аймагт болсон явдал. Би гэж дөнгөж 29 настай гавьяат болчихсон, онгироо ч байсан шиг байгаа юм. Аймгийн соёлын хэлтсийн дарга Басан гэдэг хүн намайг нуурын хажуу дахь Сагил оръё гэж байна. Тэнд мундаг татлага татдаг нэг эмэгтэй бий гээд очиж золгохоор одов. Орсон чинь тамхи татсан нэг авгай сууж байх юм. Тэрбээр өөрийгөө голонгуй, эцэг эхээс уламжилж ирсэн гээд бургасаар хийсэн тахийсан нумтай, царыг нь картон цаасаар бүрчихсэн, жигтэйхэн нарийн хялгастай нэг хуур гаргаад ирэв. Татахад нь ямар ч байсан кварт интервал хөгтэй байна. Тэгээд таттал хэчнээн сайхан дуугарсан гэж санана. Баруун гарын сугсчиж татдаг ур чадварыг авгай үзүүлж өгөх нь тэр. Нэг татахаар түлхэхээ мэдэхгүй, түлхэхээрээ татахаа мэдэхгүй явж өгч байна. Би ч хариуг нь нэг өгнө өө гэсэн шүү юм бодоод хуурыг нь аваад татах гэтэл солгой хөгтэй байх юм. Ингээд би юу ч тоглож чадаагүй. Хамаг хөлс цутгаад таарсан. Хоёр дахь нь, олон жил багшилсны дараа шүү дээ, 2010 онд Японд байхад лимбэч Лхагвагэрэл гэдэг залуугийн зуучилснаар нэгэн эмэгтэй надаас зургаан хичээл авъя гэж хүслээ. Багшлах дур нэг л төрдөггүй. Эхний хичээлийн дараа хоёр дахь хичээл орлоо. Ерөөсөө явах шинж алга. Тэгтэл надаас Н.Жанцанноровын “Цагаан суварга”-ыг заагаад өгөөч гэж хүсдэг байгаа. Дүрсхийгээд л явчихсан. Барил ч үгүй, тавил ч үгүй байж яаж тоглодог юм гэж бодоод, хичээлээ зогсоох аядаад явчихлаа. Манай Лхагвагэрэл хажуунаас “Та зөвшөөрчих өө” гээд л гуйж байна. Тэгэхээр нь гар утсан дээр нь бичиж, нотыг нь сийрүүлж, хурууны дугаарыг нь бичиж өгөөд явуулчихлаа. Тэгсэн Лхагвагэрэл “Нэгт, энэ хүн заавал танаас хичээл авна гэсэн юм. Хоёрт, монгол морин хуурыг хүндэтгэж байна. Гуравт, энэ хүн мөнгөө төлж байгаа юм чинь болохгүй нь юу байна” гэж байна. Дараагийн хичээл дээр алдаа мадагтай ч гэсэн “Цагаан суварга”-ыг дөртэй сураад иржээ. Урам ороод явчих нь тэр. Тэгээд би “Хүн суръя гээд ирэхэд урдаас нь тэгж аашлах ч гэж дээ” гэж бодож билээ. Тэр үед би өөрийгөө бас л болоогүй явна гэдгээ ухаарсан юм. Би мэргэжлийн хүнтэй ажилласаар байгаад сурчихсан, тэр нь намайг “эрхлүүлчихсэн” байсныг ингэж мэдсэн юм. Хожим нь мөнөөх эмэгтэй Лхагвагэрэл нарын журмын нөхөдтэйгөө хамсран “Цагаан суварга”-ыг найзуудын хүрээнд хөгжимдсөн гэж дуулсан. Үүнээс хойш би хөгшин хүн, залуу хүн гэж басахаа больсон. Ялангуяа хүнийг бага гэж чамлаж болохгүй. Одоо дахиад би хэзээ алдаа гаргах юм, мэдэхгүй. Хөгжмийг мэргэжил болгон эзэмшинэ гэдэг нэг хэрэг. Нөгөө талаас хөгжмийг сонирхоно, дурлана гэдэг маш том соёл.

З.Э. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчийн хувьд хойч үеийнхээ талаар санаа зовнино биз?

Ц.Б. Бодож байгаа юм их бий. Б.Зоригт багшийн цохиворын чуулга байна. ХБК-ийн дэргэдэх чуулга гэдэг ч түүнээс хол давсан уран бүтээлчид шүү дээ. Морин хуурын чуулга ч хамтран ажилладаг уламжлал тогтсон. Тэднээс сурах юм их бий. Ерөөс харилцан бие биеэ хүндэтгэж, ойлголцож, суралцана гэдэг их чухал. Хүн дэргэдээ байгаа зүйлийг анзаардаггүй. Алсад орших өөр тив рүү л тэмүүлээд байдаг. Шавь нараа, залуучуудаа голж болохгүй. Тэднийг чиглүүлж өгөх л хэрэгтэй. Хөгжим зохиох, хөгжмөө засах, найруулах, бүр дуулахад нь хөхиүлэн дэмжих хэрэгтэй.

Ирэх цаг гэдэг сайжрах цаг учир анхны хийсэн хувцас, анхны хийлгэсэн хөгжим, анх тавьсан тоглолт зэргээ архивлан хадгалж, түүхээ ч бичиж байгаа. Япондоо алдартай нэгэн хамтлагийн үзэсгэлэнг үзэж байхдаа очсон газар бүрийнхээ чулууг газрын зураг дээр хатгаж цуглуулсан байсныг санаж байна. Өнгөрсөнд хийсэн зүйлээ хүн мартдаг учир түүнээс үлдэж хоцорсон юмсаа хадгалж байх хэрэгтэй юм болов уу. Анхнаасаа энэ чуулгыг би байгуулчихсан юм биш. Манай шавь нар хамтран байгуулсан газар учир цаашид хэн нэгэн хөгжимчин маань нас ахиж тэтгэвэрт гарахдаа чуулгадаа ямар нэг ажил хийгээд үлддэг байгаасай гэж хүсдэг юм. Нэг нь урын сангаа хариуцаад, нөгөө нь музейгээ хариуцаад гэх мэтээр явбал сайхан шүү дээ.

З.Э. Өдгөө дэлхийн 30 гаруй орноор явлаа. Олон сонсогч, үзэгч, танхим, удирдаачийн ард гарлаа. Эргээд Монголдоо ирээд хөгжимдөж байна. Гадны сонсогчид болон манай сонсогчдын хооронд зөрүү бий юу?

Ц.Б. Ялгаа бий. Гэхдээ сүүлийн таван жилд монголын үзэгчдийн түвшин сайжирч байгаа нь илт мэдэгдэж байна. Энэ бол мэдээллийн эрин, интернэт технологийн хурдтай шууд холбоотой. Олон сайн хөгжимчин төрж байна. Олон сайхан хамтлаг гарч ирж, төрөл бүрийн урсгалууд хөгжиж байгаа нь бахдууштай. Энэ бүхнийг бага ч гэсэн дэмжих хэрэгтэй. Энэ дунд бид нийтийн хөгжмийн боловсролын асуудал дээр алдаа гаргасан шиг санагддаг. Японд 3-16 насны хүүхдүүд хамрагддаг ҮАМАНА-гийн сургалт байдаг. Төгөлдөр хуур тоглуулж сургаад зогсохгүй хөгжим зохиох хэмжээний мэдлэг олгоно. Гэхдээ тэд өөрсдийгөө мэргэжлийн биш гэж хэлдэг. Манайд болохоор хөгжмийн сургалтыг ерөнхий боловсролын, мэргэжлийн гээд хоёр хуваачихдаг. Уг нь хоёр өөр до нот байхгүй шүү дээ.

Хуучин цагийнхыг нь сайшаагаад, одоогийнхийг нь муулах гэсэнгүй. Гэвч одоогийн тоглож байгаа хамтлагуудад Соёл-Эрдэнийн үеийнхтэй харьцуулахад нот мэддэг хүн цөөн байна. Сонсголоороо тоглож байгаагаа авьяастай гэж бодно. Гэтэл боловсрол байхгүй авьяасыг дэлхий үнэлэхгүй. Энэ хоёр зүйл нэгэн цул болж, дээр нь менежмент болон бусад хүчин зүйлс нэмэгдэж байж бид дэлхийн хэмжээнд хүрнэ. Үүний сацуу, манайд акустик гэдэг юм асар их үгүйлэгдэж байна. Зөв акустиктай тоглолтын танхим манайд алга. Спортын, эсвэл бөхийн орднууд л сүндэрлээд байна. Улаанбаатарт зөв акустиктай, зөв технологиор барьсан ганцхан танхим байхад л урлагийн бид чинь учраа олчихно. Тийм газар хүмүүс зөөлөн алхдаг, аядуу дуугардаг, сонсохын таашаал эдэлж, тэр хэмжээгээр сонсгол нь хөгжиж байдаг. Төр энэ талаар сайн бодох хэрэгтэй.

З.Э. Таныхаар ямар хуурчийг сайн хуурч гэж хэлэх вэ?

Ц.Б. Хуурч хүн аль аль чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй. Ингэхдээ нэгийг нөгөөгийнх нь эсрэг тавьж болохгүй. Өөрөөр хэлбэл, урсгал бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Татлагаа сайн татдаг хуурч бол сайн хуурч. Сонгодог, жаззыг тэр хэмжээнд нь хөгжимдөж байвал тэр ч бас сайн хуурч. Бид юмыг хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Өөрийн сонирхолд нийцэхгүй байна гээд дугаарлаж болохгүй. Хөгжимчин хүнийг нэг, хоёрдугаар гурил адил дугаарлаж болдоггүй. Хэр таашаагдсанаараа үнэлэгдэж, тэр үнэлэмжээ дагадаг жамтай.

З.Э. Удирдагч хүн үлгэр дуурайлал үзүүлэгч байх ёстой юу?

Ц.Б. Урьд цагт тийм байх ёстой юм шиг л байсан. Одоо бол бүх юмаараа тэнцвэртэй байна гэдэг тун хэцүү. Өнөө цагт лексус унаад, түүгээрээ сайрхагч хүмүүс олширсон. Гэтэл урлагийн төлөө санаа зовж, зүтгэж, түүнд дурлаж, түүнээсээ аз жаргалыг мэдэрдэгт бидний баян оршдог болохоос өнгөн талдаа байдаггүй. Өв тэгш байдлын талаар олон юм ярьж болно. Хүн хүнийг янз бүрээр л дүгнэдэг болохоор хэнийг багшаа, хэнийг удирдагчаа гэж үзэх нь тэр хүний хандлагаас л хамаарах байх. Удирдагч хүн удирдлаган дор ажиллаж байгаа нэгэндээ магтаал шүүмжлэлийг тэнцвэртэй өгч байх ёстой юм болов уу гэж би боддог. Хорин жил хөгжмийн төлөө зүтгээд тэтгэвэрт гарч байгаа нэгнийгээ гомдоож болохгүй шиг 21-тэй яралзсан залуу хөгжимчний урмыг хугалж бас болохгүй.

З.Э. Хувь заяанд итгэдэг эсэхийг тань сайн мэдэхгүй л дээ. Морин хуур таныг олов уу, та морин хуурыг олж золгов уу?

Ц.Б. Бидэнд сайн хүмүүжил байсан. Хүний үгэнд дуулгавартай ханддаг, хүндэтгэсэн нэгнээ дагадаг чанарыг би эрхэмлэдэг. Ухаантай хүний үгийг дагасан тулдаа л хуур бид хоёр бие биеэ олсон байх. Би аливаа юмыг тэнцвэртэй байлгах талаас нь л тунгааж үздэг. Нэг тоог үржүүлж хувааж, нэмж хасаад, хэдэн янзаар бодож болно. Гагцхүү тэнцүүгийн тэмдгийн ар дахь хариу л зөв байх нь чухал.

З.Э. Танд энэ бүтээлийг л сэтгэлдээ хүртэл тоглосон гэж боддог бүтээл бий юу?

Ц.Б. Багшийнхаа хөгжимддөг ардын урт, богино дууг сурах гэж их оролдсон. Эргээд хүүхдүүддээ зааж байхдаа ихэнхийг нь авч чадаагүй юм байна гэдгээ анзаарсан. Нэг хүнийг хэтийдсэн ихээр ярих гээгүй юм шүү. Миний бүхнийг дүүргэсэн нэгэн нь тэр хүн байсан болохоор л. Намайг шавь нар маань “Саруул тал” уртын дууг сайхан тоглолоо гэдэг юм. Багш, хамт олон маань Э.Чойдог багшийн “Талын аялгуу” зохиолыг сайхан хөгжимдлөө гэдэг байсан. Алийг нь сайхан гэдгийг би өөрөө сайн мэдэхгүй юм. Бүгдийг нь л сайхан хөгжимдөхийг хичээсэн. Үзэгчид, сонсогчид л үнэлэх байх.

З.Э. Та ажил, амьдрал хоёрын тэнцвэрийг хэр сайн олж чадсан бэ?

Ц.Б. Би хүний хүүхдүүдийг таниад, өөрийнхөө хүүхдүүдийг таниагүй юм. Ар гэрийнхээ амьдралыг төдийлөн харж, анзаарч чадаагүй гэж боддог. Морин хуур хөөсөн гэх үү, карьер хөөсөн болж таарах уу… Би жирийн нэгэн гэр бүлээс гаралтай айлын ганц хүү. Тэднээс минь өвлүүлсэн хөгжмийн гэхээр өв байхгүй л дээ. Нэг хүүгээ морин хуурч болгох гэж үзээд сураагүй. Бас нэг хүүгээ хөгжимд оруулах гээд бас л болоогүй. Хөдөөнөөс шилж сонгоод ирсэн “айлын” хүүхдүүд юманд хүрсэн. Тэдний нэг нь манай Д.Түвшинсайхан /Морин хуурын чуулгын морин хуурч, удирдаач/ байна. Эрдмийн шунал байсан уу гэхээс, эдийн шунал байсангүй ээ.

З.Э. Та их зарчимч, хатуу байрын хүн шиг санагддаг. Энэ хэмжээгээр ажил төрөл тань амжилтанд хүрдэг байх. Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

Ц.Б. Тийм айхавтар нарийн зарчим байхгүй дээ. Хүнийг зөвөөр олж харах нүдтэй байна гэдэг чухал юм болов уу. Манай ажлынхан сайхан хамт олон. Бид чинь ажил дээрээ албан хаагчид шиг, амьдрал дээрээ найз нөхөд, ахан дүүс шиг байдаг улс.

З.Э. Хуурнаас гадна юу таныг хөглөдөг вэ?

Ц.Б. Би хэрвээ морин хуураас өөр замаар явсан бол юунд ч хүрэхгүй байсан. Хөгжим л намайг хөглөсөн. Дахиад л багшийнхаа тухай ярья. Тэр хүний гавьяагаар л би хууртай золгожээ. Түрүүчийн асуултанд нэмж хариулахад, хуур намайг олсон юм байна шүү.□

Read Full Post »

971082_10151649284918114_122884750_n

/Гоодаль №52-т/

1017571_261054204036194_640102787_n

Данзангийн Энхцэцэг /МҮОНТВ-ийн уран бүтээлийн II нэгдлийн сэтгүүлч, редактор, Хөгжим бүжгийн коллежийн сургалт арга зүйн зөвлөлийн эрдэм шинжилгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга, хөгжим судлалын ухааны доктор/

 

Хайр гэдэг золиос. Амьдрана гэдэг тэмцэл. Өөрийгөө умартаж, өөрт байгаа бүхнээ хөгжим гэгч зүйлд өргөл болгон барьж, тэр нь эргээд оршихуйг нь бялхуулж… Ийм л эгэл даруу хэрнээ ялгуусан амьдралаар амьдарч буй нэгэнтэй ярилцах ховорхон завшаан тохиосон юм. Нүд гэдэг гэрэл. Түүнийх бүр ч гэгээлэг. Тийм нэгэн гэрэлт харц. Хөгжим мэт яруухан үнэнийг, аядуухан өгүүлэхийн цаана түүний ухаалаг, даруу чанар нуугдана. Хүн хөгжмийг бүтээдэг үү, хөгжим хүнийг бүтээдэг үү гэдэгт ахиад л эргэлзлээ. Хэрэв хөгжим хүнийг бүтээдэг нь үнэн аваас тэр хэчнээн яруу дуурьсалтай, уянга төгөлдөр нэгэн бэ.
Зоригтын Энхмөнх Та морин хууртай холбоотой сэдвээр диссертацаа хамгаалсан. Морин хуурын өнөөгийн хөгжилд хэр сэтгэл хангалуун явдаг вэ?

Данзангийн Энхцэцэг “Морин хуурын татлага-Монголын хөгжимт соёлын феномен болох нь” сэдвээр докторын зэрэг горилсон. Морин хуурыг үндэсний хөгжмийн бусад зэмсгүүдтэй харьцуулахад асар хурдацтай хөгжиж байна. Уг зэмсэг монголын нүүр царай болж, гадныхны сонирхлыг ихээхэн татаж, наанадаж цагаан сараар хуураа дуугаргачихдаг болохсон гэх хүсэл тэмүүлэлтэй монгол хүмүүсийг ч маш олноор бий болгож байна. Энэ бол 2002 онд морин хуураа дээдлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай шууд холбоотой. Үүнээс улбаалж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд энэ хэрэгт анхаарлаа хандуулах болсон. Миний хувьд ч мөн энэ үйл явдалтай зэрэгцэн МҮОНТВ-ээр морин хуур заах теле хичээл явуулахаар оролдож байсан. Ингэснээр морин хуурчидтай уулзах, энэ агуу хөгжмийн зэмсгийн гүнд нь орж судлах боломж олдсон юм. Аливаа хөгжмийн зэмсгийн хөгжил гэдэг нь өргөн хүрээний ойлголт. Зөвхөн зэмсгийн боловсронгуй байдал, хийц, дуурьслын хөгжлөөс гадна хөгжимчдийнх нь хөгжил, үзэгч, сонсогчдын боловсрол гэх мэт цогц бүрдэл хэсгүүдээс монголын морин хуурын хөгжлийг тодорхойлох учиртай болов уу. Энэ чиглэлд манлайлж яваа байгууллага бол Монгол улсын морин хуурын чуулга. Тус байгууллагыг залгамжилсан чуулгууд хөдөө хотгүй нээгдэж байна. ӨМӨЗО-д хүртэл морин хуурын чуулга бий болсон. Энэ бол морин хуур хөгжим хөгжиж буйн тод жишээ. Энэ хөгжил хоёр замаар явж байна гэж би хардаг. Нэгдүгээрт, язгуур шинжээрээ буюу солгой хөгөөрөө икэлээ татах. Говийн зарим өвгөчүүл том хийцийн хуураар уртын дууг натур хөгөөр нь татаж байх жишээтэй. Хоёрдугаарт, орчин үеийн хэм хэмнэлд оруулах. Өнгөрсөн жил болсон морин хуурын олон улсын наадамд орчин цагийн хамтлаг, чуулгууд морин хуурыг хэрхэн хэрэглэж байгаа талаар би илтгэл тавьсан. Судалгааныхаа хүрээнд харахад өнгө аяс, хэмнэл, дуугаралт, тоглох арга барил гээд олон талаар шинийг эрэлхийлсэн нь тун ололттой байсан. Үүнтэй зэрэгцэн сүүлийн үед хуурын өнгө шингэрч, Европын морин хийл хөгжимтэй дуугаралтын хувьд ижил төсөөтэй сонстох үзэгдэл ажиглагдаж байна. Манай ахмад хуурчид, хуурыг хүнгэнэсэн дуутай хөгжим гэж ярьж байсан нь бага зэрэг алдагдаж байна уу даа гэх бодол төрдөг юм. Энэ нь найрал хөгжмийн хөгжилтэй холбоотой. Тэнд бусад хөгжмийнхөө эгшиглэгээг нөхөж, нийцэхийн тулд нарийн эгшгүүдийг хөгжимдөх шаардлага буй болдог. Хэрэглээгээ илүү дагах хандлагатай гэх үү дээ.

З.Э. Аливаа хөгжмийн зэмсгийг сонгодог болтол нь хөгжүүлэхэд хөгжим урлаач чухал уу, хөгжмийн зохиолч чухал уу, эсвэл хөгжимчин чухал уу?

Д.Э. Гурвуулаа л чухал. Өөрөөр хэлбэл. Энэ гурав бол салгаж болохгүй объектууд юм. Хөгжмийн зохиолч ямар зохиол бичих, түүнийг нь ямар хөгжмийн зэмсгээр яаж тоглох гээд шат дараа бүрт хэрхэн хандахаас эцсийн үр дүр гарна. Зөв хандлагаас зөв хөгжил бий болно.
Зохиолчид бүтээлүүддээ уламжлал, шинэчлэлийн харьцааны аль алиныг шингээсэн байдгийн тод жишээ бол хөгжмийн зохиолч Б.Шаравын морин хуур, симфони оркестрт зориулсан концерт юм. Энд тэрбээр ширэн цартай цахар хөглөгөө, одоогийн бидний хэрэглэж буй хөглөгөөний аль алиныг харуулах боломжийг олгожээ. Үндэсний хэв шинжийг, өөрөөр хэлбэл монгол шинжийг агуулж байж сонгодог зэмсэгт дүйж очно гэж ойлгож байна.

З.Э. Та язгуур шинж гэлээ. Ер нь үндэсний хөгжим язгуураараа, мэргэжлийн хөгжим нь мэргэжлийнхээрээ үлдэх ёстой юм биш үү?

Д.Э. Санал нэгтэй байна. Язгуур шинж хадгалагдах ёстой. Энэ хоёр ухагдахууныг учиртай ойлгох нь зүйтэй. Минийхээр язгуур шинжийг ч бас мэргэжлийн гэсэн ойлголтод хамруулж болно. Хуурч хүний бие цогцос, сэтгэл оюуныг байгаль дэлхий маань л бүтээж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэр хүний төрөлх ахуйд нь язгуур эгшиглэгээ нь байж л байгаа. Жонон харын явдал байна уу, икэлийн татлага уу, бүгд л хүний амьдрал ахуйгаас үүдэлтэй юм. Амьдралаас төрж ургасан хүний сэтгэлгээнд байгаа, сэтгэлээс гараар нь дамжин гарч байгаа эх юмыг мэргэжлийн бус гэж хэлэх аргагүй. Социалист нийгмийн тогтолцооны үед мэргэжлийн гэдэг ойлголт урлагийн салбарт гарсанаар нөгөө талд нь уран сайханч гэсэн категори бий болсон юм. Миний бодлоор, харин ч язгуур урлагийн бүтээлүүдээ хэдий чинээ сайн хөгжимдөх чадвартай байна, тэр хэрээр мэргэжлийн гэх нэрийг зүүх учиртай болов уу. Уртын дууны нандин нугалаанууд, баруун монгол татлагуудын акцент, хурд хэмнэлийн ая данг тохируулан тоглож байгаагаар нь хуурчдын ур чадварыг үнэлж дүгнэмээр санагддаг. Дан ганц концерт, сонатуудыг тактан дотор нь зөв хөгжимдөөд, сонгодог байдлаар нь илэрхийлснээрээ морин хуурч гэж нэрлэгдэх нь учир дутагдалтай. Монгол хөгжим үүгээрээ ч онцлогтой байж, өрнийнхөөс ялгарч харагдана. Зарим хуурчид тайзан дээр гараад уугуул нутгийнхаа уртын дуучинтай хамсран тоглох ч чадваргүй байна шүү дээ. Хөгжим бүжгийн коллежид ардын арга барилын хичээл орж, хэр хэмжээгээрээ зааж сургаж байгаа ч тунгийн хувьд бага санагдаад байна. Тэр бүү хэл, нутаг нутагт өөр өөрөөр хөгжимдөнө. Чухамдаа үүнийг цогцоор нь өгвөл бүр ч сайхан хэрэг юм.

З.Э. Манай хөгжмийн урлаг хуучин зөвлөлтийн академик сургалтаар явдаг. Хятад тэгтэл өөрийн гэсэн ноот бичих арга барилтай. Үүнтэй адил манайх өөрийн гэсэн арга барилтай болох боломжтой юу? Өөрийн хэлээр өөрийн хөгжмийг тайлбарладаг болчихвол ч…

Д.Э. Боломжтой. Нэг хэсэг бид дорнын улс орон гэдгээ мартах шахаж байлаа. Цаг үе, үзэл суртлаасаа болоод өрнийн соёлд хэт дулдуйдаж, түүндээ хүлэгдсэн тал бий. 1998 онд ХБК-ийн гурван багшийн хамт мэргэжил дээшлүүлэхээр БНХАУ-ын Бээжин хотыг зорилоо. Бээжингийн консерватори руу явах замдаа “Манайхан хятадуудыг бодвол сонгодог бүтээл хөгжимдөхдөө илүү байх нь дамжиггүй” гэж бодсон шиг ээ алхаж байв. Ингээд ёочин хөгжмийн ангиар ортол цохиурынх нь доод талд нэмэлт хоёр цохиур залгаад, нийлээд дөрвөн хоолойгоор И.С.Бахын Прелюди-Фуга олон хоолойн зохиолыг хөгжимдөх нь тэр. Хуучир дээр сонгодог бүтээлүүд тоглож байгааг нь хараад нүд орой дээрээ гарах шахсан. Тэд язгуур урлагаа хөгжүүлэхийн зэрэгцээ дэлхийн хөгжмийг маш сайн сонсож байна. Зэмсэг, сургалтын арга барилаа байнга л боловсруулдаг юм шиг санагдсан. Ерөөс хөгжил хөдөлгөөнд л оршдог. Тэгтэл бид өрнийн урлагийг тэргүүнд тавиад, ардын арга барилаа хавсарга маягаар заагаад байна уу даа. Би илтгэлүүддээ цөөн бус удаа уламжлалт сургалт, системчлэгдсэн сургалт, интеграл сургалтын талаар хөндөж байсан. Үүндээ эхлээд язгуураа маш сайн тавих, хүүхдэд сайтар сонсгож, уртын дууг өөрөөр нь дуулуулж, харин дараа нь өрнийн хөгжмийг зааж сургах тухай санааг дэвшүүлсэн юм. Манай одоогийн сургалтын сул тал гэвэл, уртын дуучин, хөгжимчний аль аль нь ихэнх цагаа тусдаа өнгөрүүлдэг. Бие биеэ сонсож, шингэн ууссан тийм сургалт манайд хэрэгтэй. Зарим багш нар энэ тал дээр туршилт, судалгаа хийж байгааг үгүйсгэх аргагүй ч шинжлэх ухааны үндэслэлтэй төсөл хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Сонгодгийг бид хөгжимдөж бололгүй яах вэ. Гэвч түүнийг сонгодгууд шиг хөгжимдөхөд хэзээд л учир дутагдалтай. Хуучнаар ЗХУ-д оюутан байхдаа би нэгэн хөгжим шүүмжлэгчийн нийтлэлийг уншиж байлаа. Тэр “Большой театрт монголын үндэсний хөгжмийн оркестр ирлээ. Тэд монголынхоо хөгжмүүдийг ямар гайхамшигтай тоглож байв аа. Харин хамгийн сүүлд миний сэтгэл гундуухан хоцорсон. Тэд Ж.Бизегийн Кармен сюитийг тун тааруу хөгжимдсөн юм” гэж бичсэн байж билээ.

З.Э. Олон хөгжим судлаач уртын дууг өрнийн онолоор тайлбарлах гэж оролддог…?

Д.Э. Өөрийнх нь юмыг өөрийнхөөр нь тайлбарладаг арга барил уг нь аль хэдийнэ бий болсон шүү дээ. Хөгжим судлалын ухааны доктор Н.Жанцанноров Монгол улсын гавьяат, алдарт дуучин Ж.Дорждагвын ярианы соронзон бичлэгийг эмхэтгэсэн. Хөгжим судлалын ухааны доктор Д.Оюунцэцэг багшийн уртын дуугаар эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээс нь ажвал тойргийн онол, тооны онол гээд уртын дуунд анализ хийх аргачлалыг буй болгосон байсан. Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй юм шүү дээ. Харин үүнийгээ өөрийн бус харийн хэлээр хардагт л хөгжим судлаач бидний алдаа байна. Энэ асуудлыг зарим судлаачид аль хэдийнэ хөндсөн ч хараахан давалгаалуулж, ажил болгож чадаагүй л байна.

З.Э. Та хөгжмийн сургуульд олон жил багшаар ажилласан. Манай бүх нийтийн хөгжмийн боловсролын талаар ямар бодолтой явдаг вэ?

Д.Э. Олон жилийн өмнө гурван “С”-гийн онол гээч юмыг би өөртөө гаргасан юм. Тэр нь юу вэ гэвэл, “Сургалт, Судалгаа, Сурталчилгаа”. Би багш хүн учраас сургах ёстой. Үүний хажуугаар судалгаа хийх ёстой. Одоо ч судалж байгаа. Гэхдээ нөгөө бодлын юу ч судлаагүй ч юм шиг… Сурталчилгааг 1998 он буюу МҮОНТВ-д орсон цагаасаа хийж байна. Үүнийгээ би дээд тэнгэрээс өгсөн аз гэж бодож явдаг. Сурталчилгааг телевизийн салбарт хамгийн хүчтэй хийдэг. Миний судалгааны ажилд сурталчилгаа маш их үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл би судалгаа хийхийн тулд нэг морин хуурч, нэг уртын дууч дээр очлоо гэхэд тухайн хүн ард түмэнд зориулан ярьж байгаа учраас өөртөө байгаа бүх юмаа дэлгэж, чин сэтгэлээсээ өөрийгөө уудалдаг. Үүн дээр нь түшиглээд би судалгаагаа хийдэг юм. Нэвтрүүлгээ анхнаасаа нийтийн боловсролд зориулан бэлдээгүй ч дуслын төдий ч гэсэн нэмэр болсон болов уу гэж боддог. Яагаад япончууд бараг бүгдээрээ нот мэддэг юм бэ. Гэтэл монголчууд яагаад нот уншиж чадахгүй байна вэ? Энэ бол сургалттай холбоотой. Хөгжмийн сургууль төгссөн ажилгүй хүн олон байна. Тэднийг ерөнхий боловсролын сургууль руу татан оруулж нот заалгамаар байна. Сүүлийн үед хөгжмийн судлаачдыг ерөнхий боловсролын сургуулийн ном сурах бичиг зохиоход оролцуулж байгаа нь сайшаалтай хэдий ч түүнийг зааж байгаа хүн нь ямар хүн байна вэ гэдэгт бас учир бий. Чуулга, театрууд боломжийнхоо хэрээр ажиллаж байна. Гэвч хүн сургана гэдэг олон хүчин зүйлээс шалтгаална. Нэгдсэн бодлого бидэнд хэрэгтэй.

З.Э. Манайд газар авсан нийтийн дууны талаар та ямар бодолтой явдаг вэ?

Д.Э. Жараад оны нийтийн дуу гэхээр сэтгэл хөдөлдөг. Дуу гэдэг хүний сэтгэлийн илэрхийлэл. Үнэхээр ч бид ээж аав, эх орон, нутаг усаа дуулахгүй гээд хаачих вэ дээ. Нийтийн дуу бол зах зээлийн үед хүч түрэн, хүмүүсийн сэтгэлгээний толь болон гарч ирсэн урлаг. Бид чинь хэний ч тухай дуулж болохгүй тийм үеэс гэв гэнэтхэн Чингис хаан, Мандухай хатан гээд л дуулаад эхэлсэн нь урлагт өөрчлөлт орсоны шинж юм. Хүний сэтгэл бухимдуу, аливаад итгэх итгэл хөсөрдөөд ирэхээр ойр дотныхоо юмсыг санагалзаж эхэлнэ. Түүнийг нь нийтийн дуу нэг талаар нөхөж өгсөн юм болов уу. Нийтийн дуу, сонгодог урлаг гэж ялгаж шүүмжлэхээсээ урьтаад яагаад бидний сонгодог урлагийг нийтэд түгээх түгээлт хоцорчихов оо гэдэг асуулт тавих хэрэгтэй. Энэ олон дуучдыг бид цэгцэлж бас болно. Нийтийн дуу гэдэг нийтээрээ л дуулах дуу. Аяндаа цаг хугацааны эрхээр бүх зүйл шалгагдана. Ингэлээ гээд мэргэжлийн хөгжим, сонгодог урлагийг түгээгч бид гар хумхин сууж болохгүй. Бусад урлагийг нийтэд хүртээлтэй болгох тал дээр ажилласаар байх хэрэгтэй.

З.Э. Олон жил МҮОНТВ-д хөгжмийн нэвтрүүлгийн редактораар ажилласны тань зорилго юу байсныг сонирхож болох уу?

Д.Э. 1998 он хүртэл долоо, найман жил би ХБК-д багшилсан. Телевиз гэдэг их айл намайг маш олон хүнтэй уулзуулдаг учраас судалгааны ажил хийх өргөн боломж нээгдсэн юм. Энд би сонгодог хөгжмийн нэвтрүүлэг хийхийн зэрэгцээ язгуур урлагийн олон арван алдартантай нүүр тулан уулзаж явсандаа үргэлж бэлгэшээдэг. “Хөгжим өв сан” нэвтрүүлгийнхээ зочдын ярилцлагуудыг сийрүүлсэн ном, морин хуурын зарлиг гарсантай холбогдуулан бэлтгэж явуулсан сургалт, түүнтэй холбоотой бараг бүх хуурчидтай уулзаж асан теле нэвтрүүлгээ буулгасан “Эгшиглэ хуур мину” нэртэй цуврал ном хэвлүүлсэн. Хүсэл зориг, зорилгын маань нэгэн хэсэг болж их айлаас энэхүү хоёр ном төрсөн.

З.Э. Хөгжмийг дэлгэрүүлэхэд манайд юу дутагдаж байна вэ?

Д.Э. Бодлого. Боловсон хүчин. Манай “Таван эгшиг”-ийн редактор Ж.Лхамсүрэн ах надад “Аливаа телевизэд хөгжим, хүүхэд, мэдээ гэсэн гурван гол зүйл байдаг юм” гэж хэлж байлаа. Хөгжмийн бие даасан редакци гэж байдаг байлаа. Энэ утгаараа хөгжим нь телевизийн чухал бүрдэл хэсэг байсан байгаа биз? Харин одоо бол энэ нь хавсарга шинжтэй, соёл урлагийн далбаан дор багахан орон зайг эзэлж байна. Тэр байтугай “Хөгжмийн зохиолчдын холбоо” гэдэг байгууллага нь телевизийн хөгжмийн редакцийг хэн хариуцах талаар шийдвэрийн түвшинд оролцдог байсан гээд бод доо. Үндэсний радиогийн редакцид С.Гончигсумлаа, телевизэд Ж.Бадраа, Д.Жанчив гээд томчууд, мөн манай томоохон хөгжим судлаачид ажилладаг байлаа. Гончигсумлаа гуай манай радио санг хэчнээн сайхан эмхэлж цэгцэлсэн гээч. Бид түүн дээр нь л өдий хүртэл тоглож байна. Одоо ч барж идэхгүй л сууж байна. Тэгэхээр тухайн үед төрийн бодлого байсан. Хөгжимгүй урлаг гэж үгүй. Хөгжмийн үүрэг оролцоог дээшлүүлэх тал дээр анхаараагүйд миний ч алдаа байгааг үгүйсгэх аргагүй ээ. Үүн дээр бид ажиллах хэрэгтэй.

З.Э. Сайхан хөгжим гэж юуг хэлэх вэ?

Д.Э. Хүний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж, өөрчилж чадаж байгаа хөгжмийг сайхан гэх байх.

З.Э. Хөгжим судлал гэдэг чинь явж явж хүний амьдрал судлал юм биш үү?

Д.Э. Тийм шүү. Хөгжим гэдэг тэр аяараа хүний амьдрал. Сонатны хэлбэрийг авч үзье л дээ. Энэ хэлбэр гэхэд л эхлэл хэсэг /экспозици/, хөгжил хэсэг /разработка/, давтал /реприз/ гээд гурван хэсэгтэй. Эхлэл нь А, B гэх хоёр хэсэгт хуваагдана. Үүнийг би хүүхдүүдэд тайлбарлахдаа А-эрэгтэй, В-эмэгтэй хүнээр төлөөлүүлнэ. Үүний дунд холбоос хэсэг, төгсгөл хэсэг гэж бий. Энд хос хоёр залуу насандаа танилцаж байна. Үүний дараагаар хөгжил хэсэгт С гарч ирнэ. Хүн үрийн зулай үнэрлэж, амьдрал нь ээдрээтэй болж, салж нийлэх гээд л эрээн барааныг туулж гарна. Давтал хэсэгт буцаад А, В гарч ирэх нь тэдний амьдралын дурсамжийг илэрхийлдэг. Хүн хөгшрөхөөрөө дурсамжаараа амьдардаг шүү дээ. Дуурьслын хувьд эхлэл хэсэг байсан гоц өрөг /тоник/, зонхилох өрөг /доминант/ нь энд тоник-тоник болно. Хүн хамтдаа удаан амьдрахаараа бие биедээ уусч, адилхан болдог чанартай. Яг хүний амьдрал байгаа биз? Үүнийг И.Гайдн зүгээр нэг гаргаж ирээгүй байх. Хүний амьдралаар бүтээсэн байх. Надад чиний хэлсэн хүний амьдрал судлал гэдэг томьёолол маш их таалагдлаа.

З.Э. Таны амьдралд хөгжимгүй байсан цаг хугацаа тун ховор байх. Эргээд харахад амьдрал тань хөгжим байж уу?

Д.Э. Хөгжим байсан. Заримдаа нийцэлтэй /консананс/ дуугарах үе байсан, тэгтэл заримдаа харш /диссонанс/ эгшгүүд ч эгшиглэнэ.

З.Э. Таныг ойлгоё гэвэл хэний, ямар уран бүтээлийг сонсох хэрэгтэй вэ?

Д.Э. Би аравдугаар сарын 10-нд төрсөн. Хааяа тоглоомоор “Энэ өдөр чинь агуу Э.Чойдог, Ж.Верди бид гурав мэндэлсэн байхгүй юу” гэж хошигноно. /Инээв./ Чойдогийн бүтээлүүд, Вердийн дууриуд бүгд л намайг илтгэдэг гэж хэлж болно.

З.Э. Хүн болгонд амьдралынхаа туршид хувийн амьдрал ба ажил, амжилтаа тэнцвэржүүлэх шаардлага тулгарч байдаг. Таны хувьд ингэж тэнцвэрээ олоход хэцүү байдаг уу?

Д.Э. Хэцүүг нь би анхнаасаа мэдээгүй юм. Явсаар байгаад туулаад л гарсан. Ялангуяа эмэгтэй хүн энэ хоёрын тэнцвэрийг маш зөв олох хэрэгтэй. Энэ тал дээр би өөрийгөө алдсан гэж боддог. Карьерийн хойноос би нэг их чаргууцалдаагүй л дээ. Зүгээр л ажилдаа сэтгэл их гаргаж, хамаг цагаа зориулсан. Ажил ажил л гэж явснаас амьдрал гэдэг үг миний амнаас тоотой гарсан байх. Гэхдээ би энэ бүхнийгээ өөдрөгөөр харахыг хүсдэг.

З.Э. Өнөөдрийн таныг хэн, эсвэл юу бүтээсэн бол?

Д.Э. Хэн бүтээсэн гэвэл ээж аав хоёр минь. Юу вэ гэвэл урлаг. Урлагийн орчингүйгээр, тэнд ажиллаж байгаа хүмүүсгүйгээр би амьдралаа төсөөлж ч чадахгүй.

З.Э. Та өөртөө хэр үнэнч вэ?

Д.Э. Маш үнэнч. Үүнээсээ болоод алддаг тал бий.

З.Э. Таны хувьд аз жаргал, баяр хөөр гэж юу вэ?

Д.Э. Энэ тухай хүн нас насандаа өөр өөрөөр ойлгодог байх аа. Өмнө нь аз жаргалыг ажил хөдөлмөр гэж боддог байлаа. Одоо бол үүнийг би амгалан тайван амьдрал, хайр гэж тодорхойлно. Намайг хүрээлсэн хүмүүсээс би хайрыг мэдрэх, эргээд би тэдэнд хайрыг өгч, зөвөөр ойлгож зөвөөр хандвал би амар тайван, аз жаргалтай байна. Хэрэндээ үүнийг бий болгохыг хичээж байна даа.□

Read Full Post »

Older Posts »

Humanitarian Visualisation

Everything disappears-like the rain. Only the photo remains- like the earth.

vipassanamongolia.wordpress.com/

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай. СН.Гоенка

The Eternal Gypsy

I'm a gyspy, are you coming with me?

TSENDPUREV Tsegmid, Ph.D.

Artist & Researcher

LIVE FROM UB

A documentary film about rock and freedom in the new Mongolia

Kush Page

Өөрийгөө олсон "би"-н хэмжээ буюу хөгжмийн тухай бодролууд

%d bloggers like this: