Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Эгшиг тойрсон хөгжим’ Category

/Гоодаль сэтгүүлийн 78 дугаарт нийтэлсэн Ламмермүүрийн Лучиа дуурийн тухай сурвалжлага/

*-Бель-сайхан, канто-дуулах буюу бельканто нь сайхан дуулах урлаг гэсэн итали үг.

Тавин гурван жилийн түүхтэй ягаан байшинд маань Волтер Скоттын “Ламмермүүрийн бэр” түүхэн романаас /1819 он/ сэдэвлэн туурвисан италийн хөгжмийн зохиолч Гаэтано Доницеттийн “Ламмермүүрийн Лучиа” дуурь мэндлэв. ДБЭТ сүүлийн гурван жилийн дотор хэд хэдэн бүтээлээ шинэчлэн тавьсан /2013 онд “Кармен”, 2014 онд “Хөхөө Намжил”, 2015 онд “Травиата”/ ч шинээр мэндэлж буй дуурийн хувьд хамгийн сүүлд 2011 онд “Аида” дуурь л тавигдсан байсан юм.

Зохиолын үйл явдал XVII зууны Шотландын зүүн өмнөд нутагт орших Ламмермуир толгодын орчимд өрнөнө. Залуу эмэгтэй Лучиа /романдаа Люси Эштон/, тэдний гэр бүлийн дайсан Эдгар Ровенсвүүд нарын хайр дурлалын шаналан, гэр бүлийнхнийхээ албан шахалтаар сэтгэлгүй эр Артуротой гэрлэсэн Лучиа нөхрийнхөө амийг бүрэлгэж, улмаар өөрийн амийг егүүтгэсэнд түүний хайртай залуу Эдгардо ч мөн амиа хорлож буй тухай эмгэнэлт үйл явдал гарна. Уг дуурь Лучиа /колоратура-сопран/, Лучиагийн ах Ламмермүүрийн лорд Энрико Эштор /баритон/, Ровенсвүүдийн ноён Эдгардо /тенор/, Лучиагийн сүйт залуу Лорд Артуро Баклоу /тенор/ гэх мэт гол дүр, Лучиагийн зарц Алиса /меццо-сопран/, Салвенийн сүмийн лам Раймондо Байдебент /Басс/, анчин залуу Норманно /тенор/ зэрэг туслах дүрүүдтэй.

Доницетти дууриа 1835 онд бичсэн бөгөөд үүний өмнөхөн алдарт Ж.Россини зодог тайлж, харин уг дуурийн нээлтийн өмнөхөн В.Беллини мөнх бусыг үзүүлээд байв. Тухайн үедээ дуурь амжилтыг дагуулсан нь уг бүтээлийн чансаанаас гадна, ерөөс италичууд шотландын түүх соёлыг сонирхох болсонтой холбоотой гэнэ. Скоттын эл романаас сэдэвлэсэн хэд хэдэн хөгжмийн бүтээл гарчээ. Зохиолын агуулга ойлгож цөхөх зүйлгүй тул ингэсгээд орхиё. Хөгжим талаасаа бельканто дуулалтын суурийг тавьж, каденцаас /гоцлоочийн хэсэг/ бусад хэсэг нь яв цав бичигдсэн байх агаад гагц каденц дээр л жинхэнэ өөрийн доторхыг гаргах ёстой байв. Удиртгал хөгжим богино, тэр чигээрээ дуурийг бэлгэдсэн түгшүүртэй, дуурийн төгсгөлд байх найрал дуу дуулах пунктерный ритм ч бас энд эгшиглэснээр дуурийг нэгэн бүхэл болгож өгчээ. Чухамдаа үзэгчийн анхаарлыг барьж байхад оркестрын темп, дуулаачдын чадвар зэрэг нь нөлөөлнө. Ерөөс уран аялгуунуудыг зүйж цуглуулсан гэмээр. Гэхдээ бүрэлдүүл хэсгүүдийг тус тусад нь сонссон ч тогтоогдохуйц.

Зохиол, дуурь хоёрын ялгааны талаар тус дуурийг БНСУ-аас ирж найруулсан Ан Ху Вон “Скотт романаа бодит явдлаас сэдэвлэн бичсэн. Сүйт бүсгүй хайргүй залуутайгаа гэрлэсэн шөнөө түүнийг бүрэлгэсэн нь ч бодит. Зохиол дээрээ ээж нь охиноо хүчээр тэр залууд эхнэр болгон өгдөг бол хөгжмийн зохиолчийн зүгээс дуурь дээр охины ах ээжийнх нь дүрийг орлож байгаагаар өөрчилсөн нь илүү хүчирхэг болгох зорилготой байсан болов уу” хэмээн үгүүлэв.

Гурван бүлэг, долоон үзэгдэлт дуурийн үйл явдал XVII зуунд өрнөж буйг дээр дурдсан. Гэхдээ дуурийг үзэх үед танд “Цаг үе энд хэр чухал нөлөөтэй вэ?” гэж бодогдоно. Сайх дуурийн сэдэв нь эрх мэдэл, хайр, үхэл гэсэн мөнхийн чанартай боловч XXI зуунд Монголд уг дуурийг тавьж буйн хувьд цаг хугацааг харуулахдаа юуг чухалчилсан талаар найруулагч “Энрико илүү хүчирхэгжихийг хүсэхдээ дүүгээ албадан гэрлүүлж байна. Иймэрхүү явдал өнөө үед ч бидний амьдралд арай өөр хэлбэрээр оршсоор буй. Сонгодог бүтээл, жүжиг, дуунд бид яагаад дурласаар байдаг юм бэ? Учир нь, үгүүлж буй агуулга нь одоог хүртэл бидний дунд оршин байгаатай холбоотой. Гэхдээ ахынхаа эсрэг үзүүлж буй Лучиагийн их эсэргүүцэл тухайн цаг үед ховор байсан байх, тиймээс найруулагчийн хувьд дүүгийн эсэргүүцлийг тодотгохын зэрэгцээ ахынх нь дүүгээ гэсэн сэтгэл байгаа учраас түүний сүрийг ч мөн тодруулан харуулахыг хичээсэн. Миний бодож ажилласан бас нэг зүйл бол муу дүрийг муу, сайныг нь сайн гэхгүй бүгд л хүн юм гэдэг үүднээс харуулсан” гэв.

Театрт драматург гэж сайхан зүйл бий. Театрыг юу театр болгож байдаг талаар найруулагчаас асуухад “Бид үзэгчдийн төлөө энд байгаа юм. Дуу хоолой, хөдөлгөөн гээд бүхий л зүйлээрээ бид үзэгчдэд таашаал өгч байх ёстой. Ялангуяа балетчид, дуучид зэрэг шууд үзэгчидтэй холбогдож байдаг уран бүтээлчид үүнийг бий болгож байдаг. Тэд таашаал өгөх хэмжээнд өөрсдийгөө бэлдэх хэрэгтэй. Тайзны хүмүүс аюулгүй тайзыг бүрдүүлж, гэрлийн мэргэжилтнүүд бүтээлийг тодотгон амьдруулж, харин удирдаач, найруулагч нар бараа бүтээгдэхүүнээр бол маш сайхан хайрцаглаж өгнө. Ингээд захиргааны ажилчид эдгээр уран бүтээлчдийг сайн тоглуулахын тулд сайн дэмжих учиртай. Ингэхээр театр бол үзэгчдийн төлөөх нэгж юм” гэсэн бол дуурийн удирдаач МУГЗ Ж.Бүрэнбэх “Цомнол өөрөө драматургтай байвал дуурь тийм байна. Энэ нь дууриас бусад жанрын хөгжмийн бүтээлүүдэд ч харагдана. Шекспирийн том жүжгүүд тийм. Нэг монгол хүн “Урлагийн сүр хүч нь хөгжимдөө байдаг юм” гэсэн нь ч үнэний ортой. Хөгжим, дуулаач, тайз, зураг, яруу найраг, бүжиг гээд урлагийн нэгдэл болдог учраас дуурь амархан бүтдэг зүйл биш юм” хэмээлээ.

Ерөөс Доницетти маш богино хугацаанд дуурь бичдэг байжээ. Түүнчлэн Лучиагийн хувьд белькантог, цэвэр итали дэгээр дуулах учиртай дуурь юм. Сэтгэлгээний хувьд монголчуудад ялгаа гарсан эсэхийг сонирхоход найруулагч “Урлагийг хэн хийснээс шалтгаалаад ялгаанууд гардаг. Нэг дууг 100 хүн 100 өөр сэтгэлгээ, ураар дуулна. Тэгэхээр монголчууд ч өөрийн онцлогоор дуулна. Монгол дуучдын цараа өргөн. Уг нь Европт сопранууд зөвхөн өөрийн хоолойн дууриа, колоратур сопранууд зөвхөн зориулагдсан дүрүүддээ тоглодог бол Монголд дуучид цөөн учраас нэг дуучин олон дүрд орж тоглож байна” хэмээхэд удирдаач “Ер нь олон улсын дуурийн театруудын туршлага, дуулаачийн сургалтууд эртний сонгодгуудаар дамжаад сүүл үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцсан байдаг юм. Харин манай дуурийн театр, СУИС, ХБК-ийн дуулаачийн сургалтын хувьд 50 гаруйхан жилийн хөгжлөө анхнаас нь Вердийн “Отелло”, Пуччинийн “Чио Чио сан”, “Турандот” гэх мэт том зохиолчдын бүтээлээс эхэлчихсэн байгаа юм. Уг нь бид арай түрүү үеийн хөгжмүүдээс эхлэх байсан ч “Лучше позно чем никогда” гэдэг шүү дээ. Доницеттийн энэ дуурьтай танилцсанаар бид өөр олон сонин хөгжмийг мэдэж авах боломжтой. Яагаад гэвэл, дуурийн анхдагчууд бол Монтеверди, Пёрселл хөгжмийн зохиолчид байдаг. Үүний дараа Глюк, Хандель, Моцарт гээд ахиад л италийн дуурийн хөгжмийн зохиолчид залгадаг бөгөөд тэдний нэг нь Доницетти юм. Түүнчлэн дуурь нь белькантог гаргаж ирснээрээ италийн урлагт томоохон нөлөө үзүүлсэн нь тодорхой. Удирдаачийн хувьд ярихад, бид хойноос нь хөөж танилцсаны хувиар Верди, Россини нар Доницеттигээс үлгэр авсаныг ухаарч байна. Гайхамшигтай дуулах тэр техникийг яагаа ч үгүй эрт ингэж гаргаж ирсэн нь тухайн үеийн дуучдын чадвартай шууд холбоотой тухай би уншиж байлаа. Лучиагийн том каденцуудыг галзуурам гэж би хэлнэ. Барагтай хүн дуулахгүй шүү! Сайн дуучин байгаад л тухайн үед ийм чансаатай дуурь зохиосон байж таарна. Үйл явдлын хувьд ч тэр аймаар. Олон ч хүний цус урсаж байгаа. Энд бусад хөгжмийн зохиолчдод байдаг гармони /дуурьсал/, аккорд /хам эгшиг/ дуугардаг мөртлөө түүний тачигнасан, айхавтар хам эгшиг байхгүй, маш энгийн хөгжмийн хэлтэй. Нэгдүгээр үзэгдэл дээр бий…” гээд гурван ном партитураасаа нэгийг нь аваад харуулав.

“Ай ямар гунигтай өдөр вэ

Асгарах нулимс нүд бүрхэнэ

Эргэн тойрныг удтал нэгжсэний эцэст бид хуучны цамхагт түр амарлаа

Эгээ л шавар царайт чимээгүй гараад ирлээ

Хэн болохыг нь мэдэж амжаагүй”.

Энрикогийн энэ хэсэг дээр тэгтэл аялгуу нь маш уянгын байх жишээтэй. Сэдвийн драматургийг хөгжимтэй нь зэрэгцүүлэхдээ айхавтар хөгжмөөр илэрхийлээгүй нь хожмын зохиолчдын бүтээлүүдэд төдий л харагддаггүй” гээд агуулга, формын талаас “Лучиагийн аринууд “Тоска”, “Чио Чио сан”, “Игорь ван”-гийн ари шиг алдаршаагүй. Ерөөсөө Лучиад маш олон каденцууд бичсэн болохоор түүгээрээ чадал заасан” хэмээн үгүүлсэн. Түүний ярьснаас үзвэл сопран нь дотроо шингэн, өтгөн, өргөн цараатай, бага цараатай гэж буйн дээр яг тохирсон хоолойг олж дуулна гэдэг аль ч дуурьт бэрх аж.

Улс төрийн эрх мэдлийн зохиос нь ард иргэд бөгөөд хоёр гэр бүлийн өс хонзонгийн гол золиос бол Лучиа Эдгардо хоёр, тэдний хайр сэтгэл, амь нас. Дүр талаасаа Лучиа олон эрчүүдийн дунд шахагдан, эцэстээ үхэж байна. Ер нь түүний л тухай дуурь байсан болохоор феминизмийг сурталчлаад байна уу гэсэн хардалт надад төрөв. Лучиаг дууриас маш ихээр анзаарах нь тодорхой ч бусад басс, баритон, тенор хоолойт дүрүүдийн тусламжтайгаар дуурь бүтэн бүрдэл болж буйг бид мартаж болохгүй. Бүрэнбэх удирдаач “Лучиа, Энрико хоёрын аринууд хамгийн их хувийг эзэлсэн ч бусад дүрийг жижиг гэж орхиогүй” хэмээв.

Үзэгчид, сонсогчид дуурийг янз бүрийн байдлаар таашаана. Ламмермүүрийн Лучиа дууриас дийлэнх нь Лучиагийн дүрийг бишрэн шүтэх бол зарим нь сүрлэг найрал дуу, заримд нь бусад дүр, эсвэл тайз засалт, хувцас гэх мэт харилцан адилгүй зүйлс таалагдана. Найруулагч хүн дуурийг бүхлээр нь харж байдгийн хувьд юуг нь тод эсвэл бүдэг харахаа мэднэ. Ямар зарчмаар дууриа базаж зангидсаныг сонирхоход “Aria della Piazza хэмээх алдартай хэсэг “Тав дахь элемент” кинон дээр гардгийг үзэгчид санаж байгаа байх. Бүх хэсгийг сонирхолтойгоор харуулах нь найруулагчийн чадвар. Энэ дуурьт найрал дуучдыг эгнээгээр тайзнаа гаргасан нь үзэгдэх байдлын хувьд хүчирхэг ч эрх мэдэлтэй хүмүүсийн оршин тогтнохуйн тулд ард иргэд модон хүүхэлдэй мэт хүчин мөхөс байдгийг харуулахыг хичээсэн бөгөөд дүрүүдийн мөн чанарыг тус бүрчлэн авч үзэж, мөн аль болох хөдөлгөөнтэй байлгахаар ажилласан. Арван жилийн өмнө Өмнөд Солонгост тус дуурийн найруулагчаар ажиллахдаа Лучиагийн хий үзэгдэл үзэж буй мэт хэсэг дээр сүнснүүдийн дуурийг оруулснаа Улаанбаатарт мөн давтсан” хэмээв.

Дуурийн хамгийн алдартай тус арид хий юм сонсогдож буйг Лучиа флейт /лимбэ/ хоёрын хоршлоор дуулах, хөгжимдөхийн сайхныг гайхуулна. МУГЖ Ө.Уянга өөрийгөө хэрхэн бэлдсэн талаар ийн үгүүлэв. “Энэ үзэгдэл дээр Лучиагийн ухаан санаа элий балай болж, гартаа хутга барин гарч ирдэг. Яг тэр хэсгийг лимбэтэйгээ маш их сургуулилах нь чухал байсан. Учир нь, дуучид дураараа дуулаад хөгжмийн хэмнэлээсээ урагш хойш болдог талтай. Ари дээр эмэгтэй хоолойны хамгийн дээд өнгөд бичигдсэн учраас тэр нь биднийг шалгаж байдаг даа. Би жаахан хараа муутай болохоор үзэгчдийг сайн хардаггүй. Харагдахгүй байх нь ч амар гэж би боддог. Дууриас нэг цагийн өмнө будаг шунхаа түрхээд хувцсаа өмсөж бэлэн болчихоод дүрийнхээ талаар бодоод тайзны хажууд байж байдаг. Хөгжмөө сонсоод уур амьсгалдаа орно. Нөгөөтээгүүр, монгол хүмүүс бага зэрэг хэнэггүй юм шиг байгаа юм. Тэр зан нь том тайзан дээр гарах, том жүжигт тоглох, том дүр бүтээхэд хэрэг болдог. Амьдрал дээр биш л дээ. Тэгэхээр би “сандарсан ч гараад дуулна, сандраагүй ч гараад дуулах юм чинь сандраад яах юм бэ” гэж өөртөө хэлдэг. Орчноосоо тасарчихдаг гэж хэлж болно доо” .

Италид ажиллаж амьдардаг У.Уранцэцэг дуурийн нээлтэд ДБЭТ-ын тайзнаа уг дүрийн ариг анх дуулсан бөгөөд түүний дуулалт, жүжиглэлтэд шаналал зовлон нь дотроо, эмзэг уян байсан бол Уянгын бүтээсэн Лучиа гадагшаа, сэтгэл хөдлөл нь их, хөдөлгөөнүүд нь том байсан гэх зэрэг ялгаа ажиглагдав. Тэдний хэн хэн нь чин сэтгэлээсээ дуулж, бид ч бүтээлд тэр чигээрээ автахад хүрсэн юм. Aria della Piazza-гийн хий юм үздэг хэсэгт зохиолч хүртэл өөр дотроо алдуурч эргэлзэхэд хүргэснийг харуулж буй ч баяр баясалтай, уран яруу хөгжим сонстож байдаг нь сюрреал шинжийн тодорхой тэмдэг. Энэ бол уншигч, үзэгчийг татдаг гайхалтай шинж чанаруудын нэг билээ.

Дуучид дуурийг дагуулах боловч энэ бол дураараа дуулах урлаг биш. Тодруулбал, сайх дуурийн олон улсад тавигдсан бичлэг сэлтээс үзвэл дуучид өөрсдийн каденц хэсгийг хөгжүүлэх, өөрчлөх, нэмэх эсвэл танах жишиг тогтсон авч энэ нь хэмжээнээсээ хэт удаан барих, олон дахин унжлага хийх тухай биш юм. Харин олон дуурийг харьцуулж сонсоод Энрикогийн дүрд дуулсан МУГЖ Э.Амартүвшингийнх шиг өтгөн тослог өнгийг олж сонсоогүй тул “монголчууд бид түүний тоглолтыг дуртай цагтаа үзэх хувьтай хүмүүс юм” гэсэн бахтай бодол төрснийг онцолъё.

Лучиагийн сэтгэл санааны байдал, аз жаргалтай гуниг зовлонтой олон талыг харуулсан. Чухам тэдгээр талуудаас аль нь Уянгын хувь чанартай илүү дөхөм бол? “Хувь чанартай минь тохирох хэсэг бараг байдаггүй юм. Жүжигчин хүн аливаа юмыг өөр дээрээ хурдан тусгаж авах чадвартай байх ёстой гэж боддог. Тухайн бүтээлдээ хөрвөн орж, өөрийгөө бэлдэх үедээ жүжигчин хүн ихээхэн өтөлж, хөгширч байдаг болов уу. Ердөө гурван цаг жүжиглэхийн төлөө л энэ бүхнийг хийнэ гэсэн үг. Харин тоглолтынхоо дараа маш их ядарснаа мэдэрнэ. Лучиагийн дуулалт нь гоё мөртлөө жүжиглэлтийн ихэнх нь хар бараан шүү. Анхны тавилт дээр дүрдээ ороод ирэхэд үнэхээр л галзуурмаар болсон. Ингээд ирэхээр жүжигчин хүн яваандаа хүний амьдралыг амархан тусгаад дадчихдаг юм болов уу гэж бодож байна. Амьдрал дээр бүх зүйлийн давс хужрыг тааруулах нь хэцүү байдагтай дуурь яг адил. Дүрдээ орсон эсэхийг үзэгч хүн хараад л шууд мэддэг шүү дээ”.

Төгсгөл нь ямар байх вэ гэдэгт зохиолын гол утга оршдог. Аз жаргалгүй төгсгөлтэй зохиолын үндсэн зорилго нь гайхалтай сайхан. Гэтэл дуурийн төгсгөлд нас барсан Лучиа /нүүрээ цагаанаар будаж мөнх бусыг үзүүлснийг илэрхийлж/ ахин гарч ирж буй нь үзэгчдийг шаналгаж, бодуулж, төсөөлөлтэй нь цуг үлдээх биш, харин ч бэлэн будаа өгч буй мэт ухагдахуун болчихжээ. Үзэгч хүн өөрөө төсөөлж, түүгээр тэжээгдэх эрхтэй. Энэ талаар найруулагч “Төгсгөл үзэгчийн төсөөлөлд үлдэх учиртай. Энэ бол гарцаагүй дуурьт байх ёстой дүрэм мөн. Төгсгөлд ийм зүйл оруулсан нь цэвэр найруулагч миний өнцөг гэж ойлгож болно. Би өөрөө маш хожуу гэрлэсэн хүн л дээ. Солонгосын Үндэсний дуурийн театрт энэхүү дуурийг анх тавихын өмнөхөн би гэрлэлтээ батлуулаад маш аз жаргалтай байлаа. Тийм болохоор би дуурийг найруулахдаа хэдийгээр бүтээл эмгэнэлтэйгээр төгсөж байгаа ч мөнхийн хайр нь тэнгэрт ч тэднийг учруулаасай гэж бэлгэдсэн юм. Үүнийгээ ч би дуурийн хамт олондоо тодорхой илэрхийлж, хүссэн. Ингээд би найруулагчийн үзэл санаагаа тусгахдаа нас барчихсан Лучиа Эдгардотой тэнгэрт уулзаж байгаа хэсгийг Улаанбаатарт тавьсан дуурьтаа дахин тусгасан. Хоёрт, дууриас би үзэгчдийг аз жаргалтай гараад, ахин ирээсэй гэж хүссэнийх юм аа” хэмээлээ.

II дайнаас хойш Лучиагийн дүрд дуулсан алдарт Мариа Каллас /1952 онд Ла Скала, 1954 онд Берлинд/, Жоан Суферланд /1959 онд Роял дуурийн театрт/, Беверли Силлс тэргүүт дуучид дуурийн хорхойтнуудын сэтгэлд нэгэнт мартагдахааргүй тод үлдсэн.

Белькантогийн талаар удирдаач Бүрэнбэх “Дуулахуйн урлаг дууриа дагаж гарсан учраас дэлхий үүнийг Италиас сурахаас аргагүй. Айргийг Монголоос өөр газар хаана уух юм бэ? Гадныхан хийж чадах ч үгүй шүү дээ. Үүнтэй агаар нэг юм. Вердийн нэг номон дээр “Томоохон театрууд шинэ дуурь тавихдаа харуул хамгаалалт зогсоож байгаад сургуулилтаа хийдэг байсан” гэж бичжээ. Тэгэхгүй бол энд тэндээс хүмүүс орж ирээд сонсож байгаад сураад гадаа дуулчихдаг. Үндэстэн нь өөрөө дууриа хүлээдэг ард түмэн учраас ийм байгаа юм. Лучиагийн тэр сайхан дуулалт үзэгчдийг үнэндээ их татдаг аж. Театрын уран бүтээлчдийн чадавх гэж нэг юм бий” гэхэд Уянга “Энэ бол хоолойгоороо яаж сайхан байж болох тэр боломжоор л дуулахуй юм. Ингэхдээ ур дэмээс илүүтэй хөгжимлөгөөр уран дуулна. Итали хэл өөрөө энэ дуулалтай салшгүй холбоотой юм. Ухаандаа италиар дуулж байгаад францаар дуулахад хэцүү болчихдог. Миний бодлоор энэ аргыг эзэмшихийн тулд Италид очиж сурахаас гадна энэ чиглэлийн бүтээлүүдийн судалж, суралцах хэрэгтэй. Ламмермүүрийн Лучиа дуурь ч мөн энэ дэгийн эхлэл. Доницеттийн энэ дуурьт үхэл шаналал, зөрчил тэмцэл өрнөж байгаа ч тийм зүйл болоогүй мэт хөгжмийн илэрхийлэмж нь арга билиг хоёрын хослол гэж би хэлнэ” гэв.

Хэрэв энэ дуурьт тэр дуулаагүй бол… “Дуурийг би хүчтэй хоолойгоор дуулдаг гэж ойлгож байсан бол хоолойны эвээр, яруу дуулахад энэ дүр намайг сургаж байна даа. Анх ноотыг хараад сайн ойлгож өгөхгүй, каденц ихтэй, хэцүү зүйл болж байхад миний хэсэг усны мандал дээгүүр хөвөөд байгаа юм шиг сонин мэдрэмж төрсөн. Уранцэцэг эгчээс ч энэ талын юмыг ойлгож суралцсан шүү. Жүжигчин хүн жүжгийн дараа үзэгчид аятайхан гарч яваа эсэхт л төвлөрөхөөс биш “би өнөөдөр ёстой үзүүлээд өглөө дөө” гэж хэзээ ч боддоггүй. Тиймээс жүжигчин хүн хэзээ ч сэтгэлийн амар амгаланг эдэлдэггүй юм болов уу. Дуурь бол ёс суртахуун, гоо зүй, гэгээрэл юм” гэв.

Театр дараагийн улиралд ахин уран хөгжим эгшиглэхийг тэсч ядан хүлээмүй…□

Advertisements

Read Full Post »

/Б.Шаравын нэрэмжит II уралдааныг шинжихүйд/

2012 оноос дөрвөн жил тутамд зохион байгуулагдах болсон, төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит мэргэжлийн дуулаач, хөгжимчдийн олон улсын уралдаан өнгөрөгч сард /2016.11/ болж өнгөрөв. Бяцхан нийтлэлээрээ тус уралдааны зөвхөн үндэсний хөгжимчдийн хэсгээс хийсэн ажиглалтаа тусгахаар зорилоо.

Уралдаанд зөвхөн 35 хүртэлх насны хөгжимчин, дуучид оролцох бөгөөд зорилго нь залуу туурвигчдын авьяас, ур чадварыг хөгжүүлэх, тэдний урын санг Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээр баяжуулах, олон улсад түгээн дэлгэрүүлэхэд оршино. Ингэхдээ бүх зэмсэг нэг ангилал дор өрсөлдөхөөрөө бусад уралдаанаас ялгаатай.

Өнөө цагийн манлай хөгжмийн зохиолчдын зүй ёсны төлөөлөл болох сайх зохиолчийн нэрэмжит уралдаан буй болсон нь даяар цагт машид олзуурхууштай үйл явдал хэмээн шагналтнуудын тоглолтыг сонордон суухуйд ахин дахин ухаарсан. Түүний үндэсний хөгжимд зориулсан том хэлбэрийн болон бусад бүтээл (Симфони №2, “Хэрлэнгийн домог” гэх мэт), хүний сэтгэлийг хөдөлгөх, ухааныг тэтгэх ажлууд хийгээд уртын дууны хэмнэл өгүүлэмжийн хязгааргүй чанарыг Өрнийн сонгодог дэгтэй уясан нь аль ч үндэстний хэн бэ гуайд ч монгол ахуйг түвэггүйгээр хүртээх нэгэн хэл гэлтэй. Б.Шаравын хөгжим бол ерөөс даяар дэлхий тэр чигтээ монгол болсон мэт юмсанж.

Уралдааны Гранприг морин хуурч Н.Жигжиддорж, үндэсний хөгжмийн ангиллын II байрыг ёочин Т.Өлзийжаргал, III байрыг хуучирч Э.Цэндсүрэн, лимбэч Б.Мягмарцэрэн нар хүртсэн бол, дуулаачийн төрөлд тэргүүн байрыг Б.Батжаргал, дэд байрыг Э.Отгонбат, гутгаар байрыг С.Батчимэг болон Казахстан улсын дуучин Жармагамбетов Расул хүртэв. Шагналтнуудын тоглолт нь орчин цагийн үндэсний хөгжимчид уламжлалыг хэрхэн харж, хүлээн авч, үргэлжлүүлж буйн сацуу шинэ цагийн хөгжмийн хөгжлийг түүндээ хэрхэн уялдуулж байгаагийн нэгэн тод жишээ болвой.

Уралдааны шагналын сан (гранпри 10 мянга, I байр 5000, II байр 3000, III байр 1000 ам.доллар) манай хөгжмийн уралдааны түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр нь залуу уран бүтээлчдийг олноор татах хөшүүрэг билээ. Дуулаачийн ангилалд нийт 52, үндэсний хөгжмийн ангилалд 31 оролцогч бүртгүүлснээс ажихад Э.Амартүвшин, Г.Ариунбаатар тэргүүтэй дуулаачдын олон улсын амжилт залуу, тэр дундаа эрэгтэй дуучдын урмыг хөглөж, тус ангиллын өрсөлдөөнийг өрдсөн нь илт.

Олон улсын шошготой уралдааны хувьд хөтөлбөр болон шатуудад заагдсан хугацаа зэрэг нь чансааг үнэлэх үндсэн хэмжүүр (шагналын сангаас гадна) болдог. Гэтэл үндэсний хөгжмийн ангиллын зарим хөгжимчин тоглохоор ирүүлсэн зохиолуудаа хөгжимдөөгүй буюу тухайн төрөлд дүйцсэн хэлбэр (форм) бүхий зохиол хөгжимдсөнгүй. Жишээлбэл, II шатанд заагдсан өөрийн орны хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээл гэсэн заалтыг хэд хэдэн хөгжимчин зөрчихөд шүүгчдийн бүрэлдэхүүн түүнийг нь анзаарсангүй юу, эсвэл хөтөлбөр анхнаасаа дутуу дулимаг байсан уу гэж бодогдсон нь уралдааны явцад анхаарам хэд хэдэн зүйл байсны эхнийх. Удаахад зарим оролцогч заагдсан цагаас дутуу хөгжимдөж байсныг тэмдэглүүштэй. Анхдугаар уралдаантай харьцуулахад оролцогчид урын сангийн хувьд эрэл хайгуултай, чадвар  шаардсан зохиолуудаар өөрсдийгөө сорьсон нь сонсогчдод сонин сайхан байсан. Гэвч тийм нь цөөн. Бид Өрнийн сургалтын дэгийг илүүтэй сурсан болоод тэр үү сонгодог хөгжмийн зэмсэгт зориулсан бүтээлийг ихэд ур чадвартай хэмээн үзэх нь бий. Тэгтэл Монголын зарим, бүр дийлэнх хөгжмийн зэмсэгт маань Дорнын бүтээлүүдийг хөрвүүлж хөгжимдвөөс арга барил, дуурьсал, зэмсгийн онцлогоороо илүү тохирмоор санагдана. Үүн дээр нэмэх багахан зөвлөмж хэмээвэл, I шатанд монгол уламжлалт бүтээл, эсвэл урт дууг заавал тоглох хөтөлбөрөөр оруулбал монгол уралдаандаа бүр их зохимжтой болох санагдана.

Уралдааны үндэсний хөгжмийн ангилалд Өвөрмонголын хоёр хөгжимчин өргөдлөө ирүүлснээс морин хуурч Б.Эрдэнэбилэгт авах гээх чанарууд байв аа. Нэгэн үе бид Өвөрмонголын морин хуурыг шингэн дуутай, бяд багатай гэж шүүмжилдэг байсан бол өнөөдөр тэдний нумын техник, гайхам хурдаас нь суралцах зүйл багагүйг хаа хаанаа бодмоор. Аливаа ралдаанд хөгжимчин хүн өөрийн сэтгэлгээ, хөгжмийг хүртэх цараагаа харуулах учиртай агаад энэ тал дээр Н.Жигжиддорж өөрийгөө “эвдэх” гэж хичээсэн нь тодхон. Үүнийг нь морин хуурын өнөөгийн сургалтын дэгийн хөгжлийг төлөөлж буй бус харин хувь хүний эрэлч байдал, хөгжимчин хүний хариуцлагаа ухамсарлах чанартай холбож үзмээр санагдав. Түүнчлэн, сургалтын дэгийн хувьд бид манлай хөгжимчдөөсөө суралцаж, уламжлал шинэчлэлийг хосолмол аргаар сайжруулж чадваас цагийг хожиж, дараа дараагийн уралдаанд өрсөлдөөнд түүчээлэх хүмүүсийг олшроох юмсанж.

Нийтлэлийнхээ төгсгөлд уралдаанд тоглогдсон монгол хөгжмийн зохиолчдоос цухас дурдах нь зүй. Б.Шаравын бүтээлээс гадна Х.Алтангэрэл, Б.Мөнхболд, Ш.Өлзийбаяр, Ц.Нацагдорж, Л.Мөрдорж, С.Соронзонболд, Ц.Сэр-Од, Ж.Энхбаяр, Х.Билэгжаргал нарын бүтээлээс хөгжимдсөнөөс ажвал уралдааны зорилго нэг талдаа биелж байгаа авч үндэсний хөгжмийн зохиолчдын яв цав чанартай ажлууд тоотой хэдхэн байгаа нь шинэ сайн зохиолуудын эрэлт цангааг ахин сануулж байв. Дуучныг дагаж дуу, хөгжимчнийг дагаж хөгжмийн зохиол бүтдэгийн тод сайхан жишээг Ш.Өлзийбаярын морин хуур симфони найрал хөгжимд зориулсан II концерт, Н.Жанцанноровын ёочин симфони найрал хөгжмийн концертоос харж болохоор байлаа.

Read Full Post »

/Гоодаль сэтгүүл №59-д/

/Гоодаль сэтгүүл №59-д/

 

Уул ус, элстэй нартай газрын, зах хязгааргүй өргөн тал, иргэншилт хотын гээд хөгжим бүр төрж гарсан нутаг орныхоо орчил агаарыг тээдэг мэт… Хотгор гүдгэр бүрийд эгшиг авиа хурган өөрчлөгдөж, хэзээ нэгтээх эртний сүнсийг тээнэ. Дундад азийн дуу хөгжмийг бид шашин, улс төрийн ороо бусгаа байдлаас нь болоод ч тэр үү, төдийлөн таньж мэдээгүй нь үнэн билээ. Тиймээс, ядаж цөөн хэдэн цомгийг нь ч болов уншигчдадаа танилцуулахыг зорилоо.

62841_141902119188367_4768813_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Турк
Нэр: Erdem Ergün
Цомог: YekAhenk /2010/
Фолк, акустик рок урсгалын дуучин, гитарчин Erdem Ergün-ий YekAhenk буюу “Залуу дуурьсал” цомог нь түүний анхны бөгөөд цорын ганц студи Sony Music Entertainment-тай хамтарсан бүтээл аж. “Ахимын сэтгэл”, “Эргэн ирээч”, “Истанбулд”, “Хайр гэдэг…”, “Танихуй” зэрэг долоон дуунаас бүрдсэн эл бүтээл жазз диатоник хөглөгөөн дээр суурилсан бөгөөд акустик гитарын таталт, дуучны нугалаанууд нь хэнбугайг ч турк хөгжмийг ухаж сонсохоос өөр аргагүйд хүргэнэ. Туркийн яруу сайхан зүйлсийн нэг.

br-cd-02959

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Сири
Нэр: Lena Chamamyan
Цомог: Shamat /2007/
Дамаскад төрж өссөн эл эмэгтэй уугуул нутгийнхаа дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөн авч Сири, Арменийн уламжлалт дуунуудыг дэлхийн хөгжимтэй сүлж найруулахаар шамдан, улмаар жазз, фадо урсгалаар саксофон, аккордион, латин цохивортой хамсран “Has AsmarElon”, “Shamat”, “Ghаzl El Banat” хэмээх гурван цомог гаргажээ. Өдгөө Парист амьдарч буй тэрбээр саудын арабын хотууд төдийгүй америк, европын томоохон тайзнууд дээр дуулаад амжсан гэнэ. Lena Chamamyan 2010 онд Arabian Business Journal-аас нэрлэсэн Арабын хамгийн нөлөө бүхий 500 хүний жагсаалтанд багтжээ. “Shamat” буюу “Мэнгэ” цомгийн онцлог нь жаззын үндсэн хэв шинж болох импровизацийг аккордион, саксофоноор хөгжимдөж, дуучин нь уламжлалт дууны ая, аялгаар дуулснаар урин тачаангуй оршихуйг таны дотор эрхгүй амилуулна.

niyaz-nine-heavens

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Иран-Америк
Нэр: Niyaz
Цомог: Nine Heavens /2008/
Перс, Араб, Синди, Пунжаби яруу найрагт өргөн тохиолдох шашны сүфийн урсгалын хамтлаг. Уг гурвал 2005 онд байгуулагдсан бөгөөд продюсер, ДиЖэй Кармер Хуццо, дуучин, hammered dulcimer хөгжимчин /Иран, Энэтхэг, Ирак, Баруун өмнөд Ази, Хятадад ихээхэн дэлгэрсэн товшуурын айд багтдаг хөгжмийн зэмсэг/ Азам Али болон түүний нөхөр Лога Рамин Торкиан нарын бүрэлдэхүүнтэй. Торкиан перс үндэсний хөгжим тар, турк баглама, гитар зэрэг зэмсгээр хөгжимддөг агаад калирфонийн фюшн урсгалаар уран бүтээлээ туурвидаг Axiom of Choice хамтлагийн үүсгэн байгуулагч юм байна. Цомгийн есөн бүтээлийг электрон-фюшн, акустик гэсэн хоёр хувилбарт дискээс бүрдэл болгон хийж, аль аль урсгалын балансыг барих замаар үндсэн санаагаа хадгалсан аж. Ингэснээр уламжлалт хийгээд орчин цагийн дуугаралтыг сонсогчид өөрсдийн хөгжмийн амталгаагаар сонгох нөхцөлийг бүрдүүлжээ.

album-front

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Ливан
Нэр: Mashrou’ Leila
Цомог: El Hal Romancy /2011/
Лейлагийн прожект/шөнийн прожект ч гэдэг/ нь 2008 онд Байрут дахь Америкийн их сургуулийн хөгжмийн нээлттэй хичээлээс бий болсон алтернатив рок хамтлаг юм. Хамтлагийн гитарчин, төгөлдөр хуурч, хийлч нь сургуулийнхаа бусад тэнхимийн залуусын дунд нээлттэй шалгаруулалт зарласнаар одоогийн зургаан гишүүн бүрдсэн бөгөөд өдгөө Араб, Европ, Америкийг дамнасан олон тоглолт тавигдахын эхлэл болжээ. Хамтлагийн анхны цомог дүнсгэр, гашуун, меланхоли дуунуудтай. “Лейлагийн явсан замаар алхсан, орон дотроо хөрвөсөн, чамаар хаш чулуу тоглуулангаа хувцсан дээрээ кофе асгаж, бас бүжиж амжсаныг та шуудхан мэдэрнэ” хэмээн тэд цахим хуудсандаа бичжээ. Үнэхээр ч тэдний хөгжим хэнээс ч үл хамаарсан, басхүү хэнд чиг хамааралтай байж болох араб рок билээ.

51JlP0K5efL._SL500_AA280_

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нутаг: Иран
Нэр: Dariush Eghbali
Цомог: Mojezeyeh Khamoosh /2009/
Нэгэнт бид дундад азийн хөгжмийн тухай ярьсан тул ираны бүх цаг үеийн шилдгүүдийн тоонд зүй ёсоор ордог Дариушын талаар дурдахгүй өнгөрвөл алдас болно. Поп-Баллад урсгал аль ч нийгэмд хүмүүний чихнээ хамгийн ойр байдаг нь өнөөдрийг хүртэл хамгийн амь бөхтэй байгаагаас харагдана. Түүний хөгжим перс үндэстний хөгжмийн үндсэн гармони, стиль, хэм хэмнэл, дуугаралтыг шингээж, хөгжим хүмүүний сэтгэлийг анагаагч гэдэгт итгэдэг мянга мянган сонсогчдын зүрх сэтгэлд хүрсэн нь эзнийгээ ийн өргөмжлөгдөхөд хүргэсэн болов уу. Техранаас гаралтай Dariush Eghbali 1971 оноос хойш нийт 26 студийн цомог хэвлүүлжээ. Тэдгээрийн дундаас “Аниргүйн гайхамшиг” хэмээх эл цомог нь түүний 30 жилийн туршлагын илрэл, сэтгэл рүү нь дахин хүрэх зам, ерөөс “би”-г нь тойрох тоймгүй олон асуудлын луужинг хайх сэжүүрээс урган гарсан гэлтэй. Бүх эгшгийг хаанаас үүдэлтэйг асуувал тэд нам гүм рүү заах байсан биз ээ.□

Read Full Post »

Би/Бид (энэ удаад зөвхөн өөр дээрээ ярья) шинэ жилийн захиалгаар аль болох үзэгчээ “хууралгүй”, ядахдаа л “амьдаар” чанартай, басхүү хариуцлагатай тоглолтуудыг үзүүлэхийг хичээсээр ирсэн. Би өөрөө мэйнстрийм хөгжим хийж, сайн сайхан дуулж, хөгжимдөж гавиагүй л дээ. Гэвчиг манай зарим шинэ жилийн арга хэмжээнүүд дээр дуулж хөгжимдөж буй уран бүтээлчид хийгээд шинэ жилээ тэмдэглэх тэр нэгэн “ёсыг” хараад сэтгэл гонсойв.

Сураг бараа нь үл мэдэгдэх сунайсан олон гуншинтай этгээдүүд ч тэр, мэргэжлийн гэх уран бүтээлчид нь ч тэр тайзан дээр гарч улиг болсон нялуун хэдэн дуугаа бялууртал нь дуулж, түүгээр нь ч үзэгчдээ торгоон барих нь сонихон аж. Мэргэжилтэй байна гэдэг мэргэшихийн нэр бас биш дэг ээ. Хөөрхий захиалагч ч хоромхон зуур хөнгөн хэмнэлд баясаад өнгөрдөг юм байж гэхэд урлаг гээчийг сурталчлагч өнөөх “урнаар бүтээгчид” маань хэдүй болтол түмнээ түргэн хүлхээд дуусах хямдхан чихрээр хуурч, түрийвчээ зузаалан, брэндийнхээ гоёогоор гангарах бол? Удахгүй байх л гэж… Цаг нь ирэхээр үзэгчид тэднийг таягдан хаяж уучлаарай, та ядаж жанрынхаа ялгааг ойлго, “дэлхийн жишигт” нийцэхгүй байна, баяртай гэх болов уу? Эсвэл нийтийн дууны “нэрт мастерууд” нь байдаг “рок поп” гэгчүүдтэйгээ нэгдэн нийлж өнөөх ижил үхмэл аранжеровкагаа тоглуулж, улиграсан дуунуудаа түмэн янзаар дуулж дүрсжүүлээд тусдаа нэг “сумын төв” босгох болов уу? Үүний сацуу мөн чанарыг нь мэдэхгүй атлаа хэв маягт нь хоосон дурлаж, хээнцэр харагдах гэж “үзэгчид” ядна. Сонсож байгаанууд нь ч ялгаж салгах боловсрол, туршлага нимгэндээ ч юмуу, балгасан сархадныхаа халуунд ч юмуу дагаад л “хөгжилдөнө”. Эсвэл ялгах чадвартайнууд нь бүлх залгисан мэт дуугүй суудаг юм болов уу? За энэ ийм байж. Ингэхэд энэ бүхний цаадхи үндсэн зорилго нь зүгээр л хором төдийд хөгжилдөөд өнгөрөх бол яана? Тийм бол бүр ч авах юм алга даг аа… Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү гэгчээр нүд нь балай чих нь дүлий өнгөрье гэхлээр дотор бас л зулгаах.

Read Full Post »

1452362_10152046895268856_283416301_n

/Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн улсын IV уралдаанаас хийсэн сурвалжлага/

 

/Гоодаль №58-д/

/Гоодаль №58-д/

“Хэрвээ, буюу, гэвч, гэх ойлголт үгүй”- Харуки Мураками

 

Төгөлдөр хуур, хийл, морин хийлчдийн чадал чансааг шалган хэн нь хаана явааг харуулдаг, таван жил тутамд зохион байгуулагддаг улсын хамгийн том уралдаан өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-28-нд Улсын филармони, ХБК-ийн танхимд явагдаж, УДБЭТ-ын тайзнаа хаалтаа хийв.Энэ удаагийн уралдааныг ССАЖЯ, МУАХ, ХБК, УДБЭТ, Улсын филармониос хамтран зохион байгуулсан. Оролцогчдын хувьд 1973 оноос хойш төрсөн байх удирдамжтай бөгөөд 15-36 насны нийт 23 хөгжимчин/төгөлдөр хуур-17, хийл-6/ ид хаваа гайхуулж, ур чадвараа шалгууллаа. Харамсалтай нь, энэ жилийн чавхдаст хөгжмийн морин хийлийн төрөлд нэг ч хүн өрсөлдсөнгүй. Мөн, харьцангуй залуу оролцогчид уралдааныг өнгөлсөн хэдий ч тооны хувьд цөөрсөн байв. Уралдаан л болсон хойно тэргүүн, дэд байрууд эрэмбэлэгдэж, төгөлдөр хуурын категорид ХБК-ийн I дамжааны оюутан Э.Номин тэргүүлж, удаах байрт төгөлдөр хуурч А.Энх-Амгалан, гуравт ХБК-ийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Уртнасан шалгарсан бол хийлийн категорид ХБК-ийн оюутан Х.Санчир түүчээлж, М.Ариунгэрэл удаалж, III байрыг Б.Дөлгөөнзаяа эзэлжээ. С.Гончигсумлаагийн нэрэмжит шагналыг уралдааны хамгийн ахмад оролцогч, төгөлдөр хуурч Б.Оюунбадрахад олгосон бол шилдэг концертмейстерээр1 Т.Нямсүрэн шалгарав.

Зарим тоо баримт

Монголд мэргэжлийн сонгодог хөгжимчдийн дунд “Үлээвэр цохивор хөгжимчдийн улсын уралдаан”, “Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн үлээвэр цохивор хөгжимчдийн уралдаан”, “Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн уралдаан”,  “С.Гончигсумлаагийн нэрэмжит төгөлдөр хуур, чавхдаст хөгжимчдийн уралдаан” гэх дөрвөн төрлийн уралдаан зохиогддог. Эдгээр нь дөрөв, эсвэл таван жилд нэг удаа тохионо. Эдгээрийн дундаас шагналын сан, оролцох хүрээгээрээ хамгийн далайцтай нь С.Гончигсумлаагийн нэрэмжит уралдаан. 1996 онд болсон С.Гончигсумлаагийн нэрэмжит анхдугаар уралдаанд төгөлдөр хуур-18, чавхдаст хөгжим- 36, нийт 54, 2003 оны II уралдаанд төгөлдөр хуур-13, чавхдаст хөгжим- 29, нийт 42, 2008 оны III уралдаанд зөвхөн төгөлдөр хуурын нийт 13 хөгжимчин оролцжээ. Үүнээс үзэхэд анхны хоёр уралдаанд гурван категорийн гурвууланд нь зохих хэмжээний хөгжимчид оролцож байр эзэлсэн байхад III уралдаан нь зөвхөн төгөлдөр хуурчдын уралдаан болж хувирсан байх аж.

Оролцогчдын ирц

ЦДБЭЧ, ХБК-ийн яруу найрал хөгжим, орон нутгийн театруудыг эс тооцъё гэхнээ тогтмол, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хоёр оркестр бол УДБЭТ, Улсын филармонийн симфони найрал хөгжим юм. Гэтэл УДБЭТ-ын 6 морин хийлч, 18 хийлч, Улсын филармонийн 6 морин хийлч, 20 хийлч уралдаанд оролцоогүй нь хачирхалтай. Үүний сацуу, баттай бус эх сурвалжаар хилийн чанадад цөөн тооны хийлч, 20 орчим төгөлдөр хуурч сурч, амьдарч буй атал тэдний оролцоог хангаж чадаагүйн учир юу вэ?

Чингээд чухам хэдийд уралдааны удирдамж гарч, хөгжимчдийн сонорт хүрсэн талаар Монголын урлагийн ажилтны холбоо /МУАХ/-ны ерөнхийлөгч, МУГЖ Б.Тунгалагаас лавлахад “Үндсэндээ уралдааныг 2012 оноос МУАХ цахим хуудсаараа дамжуулан зарласан. Гадаадад байгаа монгол оролцогчдын сонорт хүрээгүй нь бидний сурталчилгаа дутмаг байсантай холбоотой болов уу. Цаашид гадны уралдаануудын туршлагаас судалъя” хэмээлээ. Энэ жилийн морин хийлийн ангилал чухам ямар шалтгаанаар хасагдсаныг Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааныг гарамгай зохион байгуулж ирсэн, энэ удаагийн чавхдаст хөгжмийн ангиллын шүүгч МУУГЗ Ч.Чинбатаас тодруулахад “Уг нь морин хийлийн ангиллыг хасаагүй юм. Харин хүмүүс л ирж бүртгүүлсэнгүй. МУАХ хөгжимчин, уран бүтээлч биднийг дэмжин ажилладаг сайхан уламжлалтай. Тэд V сард уралдааныг зарласан боловч тов нь тодорхойгүй байсан нь бас л мөнгө санхүүтэй холбоотой байдаг юм байна” гэснээс үзэхэд бид урлаг соёлын салбар тодорхой бодлого үгүй, цалин пүнлүү бага хэмээн гомдоллож, бурууг төрд чихэх атал ядаж хооронд нь өрсөлдүүлээд шагнал урамшуулал олгоё гэхэд нь гар хумхин суудгаа болихсон гэж бодогдов. Үүний сацуу, уралдааны зохион байгуулагчид зар сурталчилгаагаа эрт түгээх, төсөв санхүүгийн асуудлаа эрт шийдэж занших шаардлагатайг хэн хүнгүй анзаарсан.

Уралдааныг шинжихүй

Аливаа уралдааныг зохион байгуулалт, хөтөлбөр, шагналын сан, оролцогчдынх нь ур чадвараар шинжиж болно. Тамирчин хүн уралдаанд нийтлэг шалгууруудыг хангахаас гадна өөрийнхөө давуу талыг л харуулах шаардлагатай бол хөгжимчин хүн зохиолчийн хэдэн арав, зуун жилээр тээгдэх амин сүнсийг хүргэх суваг байж, сонсогчид түүгээр дамжуулан зохиол бүтээлийг хүртдэг. Энэ бүгд нь ноот бичвэрээр уламжлагдан ирдэг агаад түүнд хэрхэн нэвтэрч ажилласныг бид сонсоно гэсэн үг юм. Төгөлдөр хуурын ангилал хийлийг бодвол олон оролцогчтой байсан ч тэд ур чадварын хувьд харилцан адилгүй байгаа нь ажиглагдсан. Энд жижиг алдаануудыг дурдахаас татгалзаж, нийтлэг хоёр алдаа буйг анзаарснаа өгүүлье. Нэгт, зохиолын хэлбэрийг /форм/ бүрэн дүүрэн ойлгоогүйгээс зохиолоо бүхэлд нь хүргэж тоглох тал дээр дутагдалтай байв. Энэ нь дээр дурдсанчлан эх ноот бичвэр дээр хэр зэрэг ажилласны илрэл билээ. Хоёрт, стилийн хоорондох ялгаа, хэв шинжүүдийг гүнд нь хүрч ухаж судлаагүйгээс XVIII зууны түүхэн төгөлдөр хуурт /Fortepiano/ зориулан бүтээсэн зохиолыг романтизмын хэв шинжээр хөгжимдөж байх юм. Хөгжимдөнө гэдэг нь нэг талаар өөрийгөө бүрэн дүүрэн удирдах ухаан мэт. Тархигүйгээр авьяас дан ганцаар оршино гэж үгүй. Зарим хөгжимчдийн хувьд сэтгэл хөдлөлөө захирах туршлагаар дутмаг нь илт агаад сонсогчдын анхаарлаар “тоглож” байгаагаа ч умартжээ. Сонгодог урлагийн тайз өндөр, хууль чанд. Тиймээс, ялангуяа уралдаанд эгшиг бүрээ шалгуулахын учир “халууны” тухай ойлголтыг л тоглож үзүүлэхээс биш “бүлээний” тухай ярих нь цээртэй. Төгөлдөр хуурын хэд хэдэн уралдааныг дотоод гадаадад зохион байгуулж, шүүж ирсэн төгөлдөр хуурч, эл уралдааны шүүгч МУСТА С.Саянцэцэг “Ямарваа уралдаанд стандарт болсон бүтээлүүд байдаг. Энэ удаагийн уралдаан насныхаа ангилалд тохирох хөтөлбөртэй байсан. Харин ч томоохон бүтээлүүдийг даван гарснаар манай залуус ур чадвараа харуулж чадлаа” хэмээв. Мөн, гадаадад байгаа төгөлдөр хуурч, хөгжимчдөө уралдаанд оролцуулахын тулд ямар хөшүүрэг хэрэглэх нь зохилтой талаар асуухад “Хөгжимчид байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй. Уралдаанд 2-5 жилийн өмнөөс бэлддэг” гэлээ.

Цөөхүүлээ гэлтгүй чавхдаст хөгжмийн ангиллынхан хөтөлбөрийн хувьд өөрсдөдөө ахадсан гэмээр бүтээлүүдээр чамгүй сайн өрсөлдөв. Ялангуяа II шатанд нэлээд ур чадвар шаарддаг зохиол хийгээд бүтэн ангит сонгодог сонатыг хийлч Ч.Дэлгэрцэцэг, О.Байгаль нараас хувь илүү хөгжимдөж харагдав. Энэ ангилалд концертмейстер нэн чухал үүрэгтэй бөгөөд тэд удаан хугацааны бэлтгэлийн үр дүнд нэг хүн шиг тоглох учиртай. Гэвч энэ тал дээр, ялангуяа сонгодог дэгийг харуулсан зохиолыг хөгжимдөх тал дээр цаашид анхаармаар санагдлаа. Шүүгч, Шведийн хааны нэрэмжит хөгжмийн академийн морин хийлийн багш МУСТА Ц.Бэхбат “Олон хөгжимчин оролцож болох байсан гэдгийг манай оюутнууд харуулж байна шүү дээ. Хэдийгээр цөөн тооны хүн оролцож байгаа ч уралдааныг би сайхан боллоо гэж хэлнэ. Ер нь дэлхийн хэмжээний уралдаанууд маш эрт зарлагддаг. Тиймээс цаашид уралдааныхаа хүрээг тэлье гэвэл зохион байгуулагчид маш сайн ажиллах шаардлагатай. Сайн уралдааны шинж нь сайн оролцогчид, уралдааны хөтөлбөр, мөн уралдааны өндөр болзол байдаг. “А” зэрэглэлийн дэлхийн уралдаан л гэхэд тэргүүн байрууд 10.000-30.000 еврогийн шагналын сантай байдаг” гэв. /Энэ удаагийн уралдааны болзол I байр 3 сая, II байр 2.5 сая, III байр 2 сая төгрөг аж/. Харин ижил төрлийн хөтөлбөрийн онцлог, ач тусын талаар тэрбээр “Бодлогогүй оруулсан хөтөлбөр аюултай. Ижил зохиолыг тоглох заалттай байна гэдэг нь оролцогчдын хэн нь хэн бэ, хэнийх нь ур чадвар тэрхүү бүтээлийг зохих түвшинд харуулж байна вэ гэдгийг ялгаж салгаж өгдөг. Монголд болж байгаа уралдаанд заавал монголын хөгжмийн зохиолчийн бүтээл байх учиртай” хэмээн II шатанд заавал тоглогдох бүтээлээр оруулсан “Алтан намар” хөгжмийн наадмын шилдэг бүтээл Ж.Энхбаярын “Рапсод”-ийн талаар дурдлаа. Харин шүүгч Ч.Чинбат “Уралдаан бүр өөрийн гэсэн онцлогтой, зохиогдож ирсэн жамтай. Ямар ч уралдаанд тоглогдож буй хөтөлбөр, хөгжимчдийн ур чадварын үзүүлэлтүүд урагшилж явдаг. Бид уралдааныхаа хөтөлбөрийг олон улсынхтай дүйцүүлэхийг зорьсон бөгөөд И.С.Бахын сонат, гурван ангит сонгодог сонатыг бүтнээр нь тусгаж өгсөн. Бид ОХУ-ын зарим жижиг хотод болдог далайц багатай уралдаантай энэ уралдаанаа харьцуулаад байж болохгүй. Түүнчлэн оюутнуудыг түлхүү оруулмаар байлаа. УДБЭТ, Улсын филармониос хүн ороогүй ч ЦДБЭЧ-аас, Дорнодын Хөгжимт драмын театраас тус бүр нэг хийлч ирж оролцлоо. Улсын уралдаанд бид ур чадвар, артистизмыг харж үздэг. Барокко, сонгодог сонатуудад хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Энэ бол бүхэл бүтэн цөөхүүл хөгжмийн биеэ даасан бүтээл юм шүү дээ” хэмээн уралдааны ач холбогдлын талаар дурдсан ч харамсалтай нь манай “улсын” хийлчид энэ үгийг төдийлөн тусгаж авч чадсангүй. УДБЭТ, Улсын филармонийн логог уралдааны гол зурагт хуудаст байршуулсан байлаа. Гэвч зөвхөн танхимаар хангаж өгснийг хамтран оролцсонд тооцох уу? Ямартаа ч энэ удаагийн уралдааны чавхдаст хөгжмийн төрөл хөтөлбөрийн хувьд нэг шатаар ахисан боловч оролцооны хувьд нэг шатаар ухарчээ. Тэгэхээр, хожуу зарлагдсан, хөтөлбөр хүндэрсэн гэсэн үндсэн хоёр шалтгаанаар хөгжимчид оролцоогүй нь тодорхой боллоо. Зарчмын хувьд наанадаж 12 жил сурсан хөгжимчид өөрсдийн чадвар чансааг хадгалж, байнгын бэлтгэлтэй баймаар. Ер нь “өтөлж” буй хөгжимчин хүнийг харахад их сонин. Тэд нэг бол ум зандан модыг зүлгэх тусам үнэр нь хамар цоргиж, өнгө ордогтой адил хөгжимдөх тусам “гялалздаг” бол “хөгжимдөхөө” байгаад ирэхээр ур чадвар нь алдагдаж, зэвэрч мууддаг жамтай. Гуравдугаар байрын шагналт, хамгийн залуу оролцогч Б.Дөлгөөнзаяагаас хөтөлбөрийн талаар асуухад “Энэ уралдаан бол маш том тэмцээн. Миний насныхны хувьд хөтөлбөр нь П.И.Чайковскийн нэрэмжит уралдааны дайтай хүнд байсан. Харин олон хүмүүс өрсөлдөөгүй нь бидэнд боломж олгосон хэрэг байлаа” хэмээн хэвлүүхэн өгүүлсэн бол төгөлдөр хуурын ангиллын тэргүүн байрын эзэн Э.Номин “Төгөлдөр хуурын оролцогчдын хувьд бэлтгэл сайн байсан гэж бодож байна. Миний зохиолуудыг багш сонгож өгсөн. Тэгээд ч сонирхолтой бүтээлүүд байсан” гэв. Түүний хувьд өөрийг нь хамгийн ихээр илэрхийлж чадсан бүтээл нь Ф.Листийн Риголеттогийн сэдэвт парафраз байсан гэнэ.

Өнөөдөр олимпийн тамирчинд улс, хувийн хэвшлүүд багагүй мөнгө хаяж буй. Хөгжимчдийнхөө чанар чансааг дэлхийн түвшинд ойртуулъя гэвэл гадны уралдаануудад бид хэр зэрэг оролцдог талаар бодож байх нь зүйтэй. Үнэндээ манай хөгжимчид өөрсдөө л чадан ядан зардлаа олж, “дуртайдаа” гадны уралдаанд явж оролцдогийг нуух юун. Эцэст нь нэг байр эзэлж ирсэн хойно нь гавьяа шагнал өгдөг хачин гэмээр тогтолцоотой. Бид эдүгээ цагт шилдэгт тооцогддог гэх сонгодог хөгжмийн сургалтаа ЗХУ-аас өвлөж авсан. Тэгсэн атал өнөөдөр ОХУ-ын соёл урлагийн бодлоготой дүйж төдийлөн чадахгүй л байна. Газар нутаг, хүн амын бодлогын талаар энд ярих гэсэнгүй. Хөгжимд хандах хандлагаа л хаа хаанаа өөрчилмөөр. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг. Шагналын эздээ залуухан гэлтгүй “чанга атгаж”, “хөгжмийн хаягтай” байгууллагууд, уралдааныг зохион байгуулагчдыг хэрхэн дэвжихийг айсуй таван жилд ажиглан сууя хэмээгээд энэхүү сурвалжлагаа өндөрлөе. Үнэн ямагт цаг хугацаагаар хэмжигддэг гэдэг ч цаг хугацаанд бүхнээ даатгаж, найдвар өвөрлөн, гар хумхин сууна гэдэг бас хэцүү.

Read Full Post »

arga bileg

III сарын 24, Улсын Филармонийн танхим.

arga bileg goodali

/Гоодаль сэтгүүл №51, V сарын дугаарт/

Сайн хөгжим сонсогчоо эзэмдэж чаддагийн шидийг үзүүлж, хөгжимчин нэгэн гэж хэн болохын идийг Арга Билэгийн “Дээлт” гайхуулав. Хөгжим, бүжиг, дуулаач, загвар зэрэг олон жанрууд хоёр цагийн туршид цогцлоосон нэгэн үдэш чих сэтгэл хоёрыг зэрэг баярлуулсан энэ тоглолтоос зөвхөн хөгжмийн бэлгийг ямар аргаар хүртсэнээ хуваалцъя хэмээн бодлоо.
Сонсогчийг эзэмдэнэ гэдэг хөгжмийн найруулгын чансаанаас шууд хамааралтай зүйл. Юуны түрүүнд хөгжмийн зохиолч, найруулагч тухайн хөгжмийн зэмсгийнхээ онцлог, царааг ухаж судалсан нь илхэн бөгөөд ардын хөгжмийн үндсэн дэвсгэр болох таван эгшигт эгшиглэгээг(пентатоник лад) жазз дуурьсалтай (гармони) хольсоноор манай хөгжмийн түүхэн дэх шинэчлэлийг хийлээ хэмээн боджухуй. Ерөөс хөгжмийн түүхэн дэх тэсрэлтүүд бол уламжлал шинэчлэлийн харьцааны тэнцвэрийг, тэдний донжийн хамтаар олох, нэг урсгалыг нөгөөтэй сүлсэн атлаа мөн чанарыг нь алдагдуулалгүйгээр шинэ, шинэвтэрийг уусган цогцлоосноор бий болдог зүйл бүлгээ.
Ерөнхийгөөр нь харвал энд морин хуур, төгөлдөр хуур, цохивор, ятга гээд дөрөвхөн хөгжмийн зэмсэг байвч долоон хүн өөр өөр үүрэгтэйгээр нэгэн орчилд нэгдэн нийлсэн байна. Гурван хуурын нэг нь үндсэн аяыг пентатоник эгшиглэгээгээр хөгжимдөхөд, нөгөө хоёр нь хүч хавсрах эсхүл мотивуудыг таслахгүй байх үүрэгтэй. Энэ зуур бөмбөр тэдний хөдөлгөх хүч, нэгэн хөдөлгүүр лугаа адил үл зогсох хурдаар зохиолын эрчлийг хэнгэрэгийн хамтаар хангаж, ятгын жазз эгшиглэгээгээр хөгөлсөн цохилтууд нь төгөлдөр хууртай зэрэгцэн татах нь ерөнхий өнгө аясыг нь зөөллөж, нэгэн чимэг болж өгнө. Тухайлбал “Баяд” бүтээлийг Баруун Монголоос гаралтай баяд бүжгийн үндсэн сэдэв аян дээр тулгуурлан зохиосон. Хэлбэрийн хувьд вариацийн шинжтэй. Хоёр такт эгшиглэх үндсэн мотивыг нэг морин хуур хөгжимдөх зуур, төгөлдөр хуур суурь жазз дуурьслыг барина. Жаззын гол таних тэмдэг болох авад зохиомжийн (импровизаци) шинжийг хөгжүүлэг дундаа илэрхийлэхээс гадна, нэгдүгээр морин хуураар хадгалсан буюу уртын дууны хэмжээнд үл баригдах аялгуу, нугалам, цохилгууд айзам дамнан хөвөрнө. Тэдний хөгжимд нийтлэг ажиглагдах зүйл бол дахил. Дахил (остинато) гэдэг аливаа бүтээлд сонсогчид нэгэн гол агуулгыг тасрахгүй өгүүлж, тэр нь хүний чихэнд хэр их сонсголонтой очсоноороо сонсогчийг “согтоох” тун нь төдий их байдаг гэж хэлж болно. Чухамдаа тэр тунг энд хоёр айзамын урттай Баяд мотив зохиолын туршид биднийг хязгаар нь үл үзэгдэн алсрах эх нутгийн талд шуудхан л авайчна. Уг хөгжмийн сүнс нь хаанаа байна вэ хэмээвээс бидний этник хэмээн нэрийдээд байгаа угсаатны шинжийн ая дан, эгшиг цуурайнд орших буйзаа. Үүнд ятга, хөөмэйн эгшигүүд чимэглэж, хөгжим бүр өөрийн үүрэгтэй оролцож, ямар янзын цул болж буйг сонсох нь сонихон.
Өөрсдийн зохиосон хөгжим, ардын дууны, уртын дууны найрууллаас гадна Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс тэд зоригтойгоор, тун өвөрмөц байдлаар шинэчлэн найруулжээ. Төрийн хошой шагналт, МУАЖ Н.Жанцанноровын морин хуурын гоцлолд зориулан “Сэтгэлд шингэсэн говь минь”, морин хуурын чуулгад зориулсан “Монгол аялгуу”, Ц.Сүхбаатарын морин хуурын гоцлолд зориулсан “Үүлэн бор”, Э.Чойдог “Жалам хар” зэрэг бүтээлүүд нь манай сонсогчдын сонорыг хэдийнэ мялаасан бүтээлүүдийн тоонд зүй ёсоор ордог агаад олонд түгсэн ийм бүтээлийг хүнд хүргэнэ гэдэг цоо шинээр хөгжим зохиохтой адил дайны хүч ухааныг шаарддаг. Тэнд хуран цугларсан хүмүүс эдгээр бүтээлд омогшиж, дахин мэндэлсэн нэгнээ баяртай өлгийдөн авч байсаныг энд зориуд дурдах хэрэгтэй болов уу. Чингэхдээ хаана хөгжмийг нь дэвэргэх, сонсогчоо уяраах, төвлөрүүлэхийг бодож бичсэн ба шинэ содон ур дэм, дуурьсал, бүр цаашлаад хэлбэрийг сонсогчдод хүргэх шулуун зориг өвөртлөсөн нь илт. Сонсогчийг хэрхэн ятгаж дөнгөх зүй тогтлыг хөгжмийн зохиолч хүн хөгжмийн найруулгын хэлбэрээр зангиддаг. Тэгвэл тус хамтлагийн хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх энэ “зэвсэг”-т хэрхэн хандах, нэгэн бүхэл бүтээл болгох талаас нь бодож боловсруулсан байсан нь бахархууштай.
Ямар ч чуулга, хамтлагуудад хурдыг(темп) авч явдаг зүрх нь цохивор хөгжим байдаг. Тэдэнд алдах эрх үгүй. Арга билэгийн бөмбөрчин, цохивор хөгжимчин хоёр энэ үүргээ чамбай сайн гүйцэтгэж байлаа. Татлага, уртын дуу, сонгодог бүтээлүүдээр “дагнан” гаршсан гурван хуурч ур чадвар, гүйцэтгэлийг гайхуулав. Ятга, төгөлдөр хуур хоёр тэдний дийлэнх бүтээлийн арын фронтод эхнээс дуустал зогсоно. Олон жил найрал хөгжимд (Морин хуурын чуулга болон бусад) хөгжимдсөн хэмээсэндээ өөр хоорондоо харилцан нийцтэй тоглох ухаан хэдийнэ гарт нь оржээ. Ингэхлээр сайн найруулал бүхий урын сан, чадварлаг хөгжимчид хоёр нэгдэхээрээ яахын аргагүй хүнийг уяраана биз?
Дэлхий бүхэлдээ даяаршин нэгдэж буй энэ цагт угсаатны гарвал шинжээ хадгалсан атлаа орчин цагийн стильд нийцсэн бүтээлүүдийг өрсөлдүүлэх нь үндэстэн бүрийн урлаг соёлынхоны тэргүүн зорилго яахын аргагүй болоод байгаа. Талын Монголын ахуй амьдралын тод тусгал хөөмэй, уртын дуу, морин хуур, бий биелгээний баялаг жанруудыг суурьшмал болсоор буй бидэнд ойртуулан сануулах тэдний хөгжим нэгийг ухаажуулж, хоёрыг өгүүлрүүн. Хөгжмийнхөнд судлах цоо шинэ судлагдахуун бий болж, амьдаар тоглодог до ноот мэддэг мэддэггүй аль ч хамтлаг эндээс л суралцмаар. Ийм л хөгжмийг Монгол хэмээн дэлхийд мандуулмаар.

Read Full Post »

 Richard%20Wagner

“Хөгжим бол эмэгтэй хүн” Р.Вагнер

 

/Гоодаль сэтгүүлийн 2013 оны 3-р сар, №49-д/

/Гоодаль сэтгүүлийн 2013 оны 3-р сар, №49-д/

Герман улс, Байрут хот. Уран бүтээлчид тоглолт болохоос хэдэн сарын өмнө театрын тайзнаа сургуулилтандаа оржээ. “Нибелунгийн Бөгж” 2 дугаар үзэгдлийг эхнээс нь…Гурав, дөрөв…” хэмээн чангахан дуугараад дохиураараа дохих удирдаач хөгжмийг эхлүүлнэ. Тайзнаа удирдаачаас гадна концертмейстр, хагас тайзны хувцастай гол дүрүүд бэлтгэлээ хийнэ. 120 гаруй оркестрын хөгжимчид хаа байгаа бол гэтэл энд хэсэгчилж бэлтгэлээ хийдэг аж. Партитурыг ажвал хүнд гэгч хавтастай зузаанаас зузаан эрээлжилсэн нот. Уг дуурь “түүний” хамгийн алдартай бүтээлүүдийн нэг бөгөөд хөгжим гэдэг дуурийн урлагийн зөвхөн ганцхан хэсэг нь шүү дээ…хэмээн бодсоор би тайзны хаалганы дэргэд чимээгүйхэн зогсоно.

Дэлхий даяар Германы нэгэн суутны хорвоод мэндэлсэний 200 дахь жилийн ойг тэмдэглэхээр уухайн түрлэг эгшиглүүлж байна. Энэ бол хөгжмийн зохиолч, удирдаач, найруулагч, гүн ухаантан, жүжгийн зохиолч Ричард Вагнер.

Та театрт хамгийн дээд тал нь хэдэн цаг саатаж чадах вэ? Хоногийн хорин дөрвөн цагийн талаас илүү буюу 15 цаг сууж, хөгжим сонсоход бэлэн үү? Энэ асуултыг Вагнерын дууриуд үзэгчээсээ асуух бөгөөд жинхэнэ хөгжмийн төрөл сонсогчоо шалгаруулдагийн тод жишээ. Судлаачийн дайтай чихийг шаарддаг Вагнерын хөгжмийн үнэнч сонсогчид аль улсын ямар театруудад ямар гүйцэтгэлээр Вагнерийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг гярхай ажиглаж буй. Түүний төрсөн өдрийг сонгодог хөгжмийн, тэр дундаа Вагнерын шүтэн бишрэгчид хаана очиж тэмдэглэх талаар хэдэн сар жилийн өмнөөс хэдийнэ эргэцүүлэн төлөвлөсөн нь лавтай. Эйзенах дахь түүхийн музей 1842 он руу хүргэх бол өмнөд Америкт хамгийн томд тооцогдох Буэнос-Аиресийн дуурийн театрт түүний алдарт дууриар хөгжимт баримтат кино бүтээж, Лайпцигт 18 дуурь тоглох фестиваль болно. Үүнээс гадна Мелбурн, Сиаттл, Вена, Милан, Хамбүрг, Лондон, Парист гэхэд “Нибелунгийн бөгж” дуурийг цоо шинэ тайзнаа тавих юм гэнэ. Италичууд Вердийн адил Вагнерын дууриудад ч хайртай. Венецийн Ла Фенис дуурийн театр “Тристан Изольда хоёр”-ыг тоглох бол урд хөршийн нийслэл Бээжингийн Үндэсний Театрт Италийн найруулагч Жанкарло дэл Монакогийн найруулгаар Лоэнгринг тоглохоор бэлтгэл ажлаа базааж буй. Санкт Петербургийн Маринскийн театр уу, Миланы Театро алла Скала юу, Нью Иоркийн Метрополитаны театр уу, Берлиний дуурийн төвд үү? Д.Баренмойм уу, В.Гергиев уу, эсвэл К.Телеманны удирдсанаар уу?

Эдгээрийн дотроос хамгийн онцгой газруудын нэг бол эх нутгийн баруун урдхан хэсэгт орших, ногоон толгод бүхий Байрут хот юм. Энэ хотын театр жилд дунджаар 60.000 орчим тоглолт үзэх захиалга, захидал дэлхийн өнцөг булан бүр дэх Вагнеристуудаас хүлээн авдаг бөгөөд он цаг өнгөрөх тусам тэдний нэрс хүлээлгийн жагсаалтад орох нь ихэсдэг аж. Зөвхөн энэ нугад ирэхийг найман жил хүлээх хэрэг гардаг гэвэл та итгэх үү? Чухамдаа яагаад энэ “толгод”-од Вагнерын хөгжим ингэтлээ нутагшсан шалтгааныг олохын тулд хөгжмийн зохиолчийн түүхээс хамтдаа харцгаая.

Р.Вагнер 1813 оны тавдугаар сарын 22-нд Лайпциг хотод цагдаагийн түшмэлийн гэрт төрсөн бөгөөд түүнийг нэг нас хүрэхэд эцэг нь өөд болж зураач зохиолч Людвиг Гейер түүнийг өргөн авсанаар урлаг, уран сайхны ертөнцтэй танилцахад нь нөлөөлсөн гэдэг. 15 настайгаасаа эх, эгч нарынхаа нөлөөн дор хөгжмөөр хичээллэж эхэлсэн нь түүний зохион туурьвих хосгүй авъяасын эхлэл болжээ. Тэр 1832 он гэхэд төгөлдөр хуурын хэд хэдэн бүтээл, найрал хөгжимд зориулсан удиртгал хөгжим, Гётегийн “Фауст” зохиолд зориулсан хөгжим зэргийг бичиж амжсан байлаа. Хувьсгал, улс төрийн үймээн самуунаар дүүрэн 1848 онд тэрээр Дрезденд хөгжмийн найруулагчаар ажиллаж байсан бөгөөд цэргүүд хотыг эзлэх үеэр Баруун Германы нутагт тусгаарлагдаж, улмаар ирэх 12 жилээ өнгөрүүлэх Швейцарийн Луцерн лүү нүүсэн байна. Уул ус, мод чулуу, мөнх хөх тэнгэр гээд л байгалийн төгс зохицлоороо түүнийг хөглөсөн орчин өнөөх театрчилсан дуурийн хувьсгалаа хийхэд нь нөлөөлсөн хэрэг. Гэр оронгүй 36 настай эр бодит нөхцөл байдлаа ухаарахын оронд цоо шинэ уран бүтээл бүтээхээр мөрөөдөж байв. Тэр агуу урлагийг агуу их эмгэнэлээс үүдэлтэй гэж үздэг байсан гэхэд хэлсдэхгүй. Тэрээр дуурь гэсэн томъёололоос зайлсхийж урлагийн цогц бүтээлийг бий болгохоор шамдаж байв. Чингэхдээ энэ бүгдийг хэн нэгний оролцоогүйгээр дангаараа бүтээж байсан нь өнөөгийн бидний мэдэх Вагнерист хөгжимт жүжиг болсон юм. Вагнер ер бусын драматист зохиолч байсан агаад бүтээсэн дууриуд нь хөгжмийн түүхийн хуудаснаа онцгой өнгөөр тэмдэглэгдсэн хувьсгалиуд байлаа. Өөрийн гэсэн сүмийг бүтээхийн тулд тэрээр бүхэл бүтэн үйлдвэрийг байгуулж байв. Хувцас өмсгөл, хиймэл үс, модон гутал, алд алдаар хэмжигдэх олон өнгийн бөс даавуу өрсөн ширээ, машиныхаа ард суун төрөл бүрийн хувцас урлах оёдолчид… Агуулхын өрөөнд гэхэд л хэдэн арван хайрцаг хувцас хэрэглэлүүд, он оны дууриудынх нь гэрч болон хөглөрнө. Өлгөөтэй хар цагаан хөргүүдэд үе үеийн удирдаачдын эгшиглүүлсэн бүтээлүүдийг он сартай нь жагсаасан байх. Tristan und Isolde-1931, Lohengrin-1936, Ring-36, 37, Parsifal-36, 37, Meistersinger 1943, 44… Дуурийг хөгжмийн урлагийн цогц хэлбэр хэмээн үздэг. Хөгжим, бүжиг, зураг, тайз, жүжиг, хувцас, цаашлаад гол дүр, туслах дүр, найрал дуу маш олон хэсгүүдийн нэгдэл болдогийг бид дуурийн театрын тайзнаа саяхан тавигдсан Вердийн алдарт “Аида” дууриас бэлхэнээ харж, амсаж, мэдэрсэн. Тэгвэл Вагнерын дуурь эдгээр бүх хэсгүүдийг багтаасан хэрнээ агуулгаас улбаатай элементүүд, элементээс үүдэлтэй хугацаа гээд бүх талаараа хэд дахин томорсоноороо хөгжимт-театр нэрнээс үүдэлтэй дуурь хэмээх ойлголтын цоо шинэ түвшинд тодорхойлж, арван жил биш, бүр хэдэн зуун дамнасан шинэчлэлийг хөгжмийн хуудаснаа мөнхөлсөн юм.

Аливаа нэг бүтээл бүтээлчийнхээ хувийн амьдралыг их бага хэмжээгээр тусгасан байдаг. Дотоод ертөнцийнхөө ижил талуудаараа учирдаг хүмүүний хорвоо юм хойно тухайн үед тэрбээр албан ёсоор гэрлэсэн байсан ч хөрөнгөжүү эртэй гэрлэсэн Матилда гэгч бүсгүйтэй холбогдсон байна. Уулын нугадахь томоо гэгч эдлэн газар, усар оргилуур, тансаг сайхан байшин. Матильдагийн энэ байшингийн хаалганы цаана юу болсоныг хэн ч мэдээгүй. Гэвч түүний бичсэн хөгжмүүдээс бэлхнээ мэдэрч болох. 1857.12.23- “Мөрөөсөл” гэх дууг түүнд зориулан тоглууллаа. Аяыг Р.Вагнер, үгийг В.Матильда. Чухам хосуудын дурлал энэ бүтээлийг төрөх галыг өрдсөн хэрэг. Энэ дуу нь хожим нь түүний “Тристан Изольда хоёр” дуурийн 2-р үзэгдлийн чухал хэсгүүдийн нэг болсон юм.

Сандал дээр суух хос хоёрын хоршил дуу. Залуу хажуудаа суух бүсгүйнхээ гараас атган, нүд рүү нь нэг харсанаа сандалаасаа бууж “тэнд л байгаад баймаар” гэх бодлыг өвөрлөн түүний өвдөгийг дэрлэн газар тэрийн хэвтэнэ. Вагнер 1857 онд бөгжний тухай цуврал дууриа түр хойш тавин эртний домгоос сэдэвлэсэн хориотой хайрын түүхийг өгүүлэх Тристан Изольда хоёр дуурьтаа төвлөрөн ажиллажээ. Эрс тэс өнгө аястай, ердийн дуурьслуудын (harmony) хил хязгаарыг цөмөлсөн бичиглэлтэйг нь дуурийн удиртгалын хэсэгт дуугарах хамгийн эхний хам эгшгээс (chord) л мэдэрч болно. Үндсэн аяын өгсөлт, бусад хоолойн уруудалт дундуур орох хам эгшгүүд нь түүний хэр драматист зохиолч байсныг тодорхой илтгэж өгдөг. Энэхүү ая нь дээр дурдсан хоёрлын хэсэгт үргэлжлэн зохиолын төгсгөл хүртэл дөрвөн цаг тэмцсэний эцэст эргэн дурсах аястай эгшиглэх нь зохиолыг нэгэн бүхэл болгож, хүмүүний энгийн хэрнээ ялгуусан амьдралыг дүрслэн харуулах ер бусын толь болдог.

Эргэн тойрныхонтойгоо өөрийгөө харьцуулж явдаг хүмүүний л зангаар мань эр 1840, 50-аад оны үест ихээхэн нэрд гарч байсан Мендельсон, Маябэиэр хоёрт битүүхэндээ атаархаж явсан гэдэг. Түүний бүтээхүйн сэдэл хийгээд атаархал хоёр нэгэн цагт нэг цэгт огтолцсоны дүнд түүнд цаашид хөдлөх аугаа их хүчийг өгсөн нь лавтай. ВВС-н судлаач, хөгжмийн зохиолч Стефен Фрай Вагнерийн тухай нэвтрүүлэгтээ: “Би түүний амьдарч байсан эрин үе рүү нисч очоод “Вагнераа, би чамтай ярилцах хэрэгтэй байна. Юу гээч, яахын аргагүй чи XIX зууны шилдэг хөгжмийн зохиолч болно. Ирээдүйн хүмүүс аар шаархан зүйлсийг мартах болно” гэж захиа бичмээр санагддаг юм ” хэмээсэн байдаг. Яахын аргагүй тэрээр ааш муутайхан эр байсан ба бүхий л цагт өөрөө өөртэйгээ тэмцсээр ирсэн юм.

“Вагнерын дууриудыг хэрхэн удирдах талаар тайлбарлахад амаргүй. Тэнд оркестрыг түрхэн зуур орхих үе гэж байхад, зөвхөн дуучдыг дэмжих үе гэж байна. Тэнд ямар ч үлгэрийн үзэгдэл үгүй байхад, хөгжмөөр үзэгчийг хийсвэр орчинд аваачих хэрэг гарна. Мөн темп хамгийн чухал нь…” удирдаач В.Гергиев.

Бид  ямар нэгэн зүйлийг нийтлэг хэлбэрт цутгаж ойлгох дуртай. Гэхдээ Вагнерийг Шопен Польшийн үндэсний бүжгийг Мазурка хэмээгч төрөлд оруулсан шиг, эсвэл Вердийн Италийн дуурийн дэг жаягийг сонгодгийн ай савд цогцлоосон шиг ойлговол өрөөсгөл хэрэг болно. Түүний уран бүтээл германы тухай бус дэлхийн нийтийн тухай юм. “Нибелунгийн бөгж 3” дуурьт л гэхэд байгаль, хүн, хүч гээд бүхий л зүйлсийн тухай өгүүлж, ирээдүйн нийгэм дэх чөлөөт сэтгэлгээний сэдвийг ч хөндсөн байдаг. Чамгүй сайн бичээч, цогтой зохиолч байсныхаа хувьд тэр дуурийнхаа либреттогоо өөрөө бичдэг байв.

1864 он. Түүнийг залуу нас хэдийн орхин одсон байлаа. Түүнд хөрөнгө зоорь гэх юм ч байсангүй. Эхнэрээсээ салав. Матильдатай учирсан хайрын түүх нь урт удаан үргэлжлэхгүй нь эхнээсээ л тодорхой байсан юм. Нэмээд Тристан Изольда 2 дууриа найруулахад нь зүйл бүрийн хүндрэл тохиолдож, үй түмэн сорилт шалгуур тавин настай нь хамт түүн дээр ирэв. Маш их хөрөнгө мөнгө шаардсан дууриудаа тайзнаа тавихад түүнд хэмжээлшгүй хөлжсөн өгөөмөр нэгэн л хэрэгтэй байв. Гэтэл 1864.03.10-нд шидийн мэт гайхалтай учрал тохиов. Баварын хаан насан эцэслэж, түүний хүү 18 настай Людвиг хаан ширээг нь залгамжлан авсан бөгөөд залуу эзэн Вагнерийн агуу их авъяас билгийг шүтэн биширч, өгөөмөр гараа сунгах нь тэр. Хаантан түүний өрийг барагдуулаад зогсохгүй, цаашид уран бүтээлээ туурвихад нь шаардлагатай хөрөнгө мөнгөөр ивээн тэтгэж, Вагнерт зориулан ордон гэмээр байшин бариулж өгсөн юм. Ихэс дээдсүүдэд тэтгэгдэн шүтэгдэж асан Моцарт, Бетховений хэн нь ч ийм өгөөмөр сэтгэлтэй учирч байгаагүй юм. Дундад зууны үед Нюренберг бол сэргэн мандалын соёлын төв хотуудын нэгд ордог байв. Хожим А.Гитлер энэ хотыг өөрийн сүр хүчний төв болгон ашиглаж байсан билээ. Тэр л сүр хүчтэй зохицох хөгжим гарцаагүй Вагнерт л хамаарна. Хорвоогийн түүхэнд гашуунаар дурсагдах Гитлерийн ард түмнийхээ өмнө тавих сүрт илтгэлүүдийн дэвсгэр болж Вагнерийн л хөгжим эгшиглэдэг байв. Дуурьт гарах туульсын эсрэг тэсрэг дүрүүдийг улс төрийн бодлогын дуу болгон зальжингаар хэрэглэсэн нь энэ. Гитлер Вагнерийн шүтэн бишрэгч байснаас үүдэн зарим эх сурвалжууд, түүний хөгжмийг нацизмын үзэл санаанд зориулагдан туурьвигдсан хэмээдэг ч энэ үнэнд тийм ч ойр бишээ. Тиймээс ч түүний Парсифал дуурийн шинэ тавилтуудад үндсэн агуулгыг өөрчлөлгүйгээр Иудейчүүдийг хөнөөх нацист үзлийг үнэн бодитоор шүүмжилсэн хэсгүүдийг хожим зарим театрууд нэмж оруулсан байдаг. “Нюрнбергийн мастер дуучид” дууриа бичиж дуусах үест Вагнерийн амьдралд нэгэн эмэгтэй шинээр орж ирсэн нь түүний дотны найз хөгжмийн зохиолч Ф.Листийн охин байлаа. Төдөлгүй тэд 1870 онд гэрлэсэн ба Байрутад буцан ирсэн бөгөөд тэнд түүний дуурийг талбих төгс чадалт театр байгаагүйгээс шинэ театр байгуулах санаа төрсөнөөр эдүгээгийн домогт театр буй болжээ. 20 гаруй жилийн туршид “Нибелунгийн бөгж” дөрвөн цувралаас бүрдэх дууриа бичсэн нь түүний уран бүтээлийн ноён оргил нь байв. Хүссэн тайзаа засч болох театртай болсоны дараа зөвхөн сонсогчид сонордох л үлдэв. 1876.08.13 бол бөгжний шидийн дуурь анхлан олны өмнө дуурьссан өдөр. Домогт ариун сүмд түүний “бөгж”-ний анхны гар бичмэл одоо болтол хадгалаастай буй. Чингээд Вагнер 1882 онд өөрийн сүүлийн дуурь Парсифалиа удирдан тоглуулж удаах жилд нь хорвоогийн мөнх бусыг үзсэн юм. Тэрбээр зөвхөн дуурийн урлаг төдий бус дуурийн театрт ч хувьсгал хийсэн нэгэн байсан юм. Байрутын фестивалын театрын аль ч суудлаас төгс үзэгдэх орчин, акустикийн ижил дуугаралтыг мэдрэх боломжтойгоороо гайхалтай. Харин сандал нь тал өдөр суухад төдийлөн тухтай биш гэмээр. Гэхдээ та лав энэ жил Байрутад очиж түүний дуурийг үзэхээр шийдсэн бол түүнийг сонордохдоо дэлхий дээр байгаа мэт өөрийгөө мэдрэхгүй нь лавтай. Тэртээ хол. Тэнд л байгаад баймаар… Энэ бол Вагнер.

 

Түүний бүтээлүүд:

  • Дууриуд:
    • Шидтэнгүүд- 1833- 229минут
    • Хориотой дурлал- 1834- 123минут
    • Трибюний үлдэгдэл Риэнзи- 1838-1840- 118минут
    • Нисч буй Голланд эр- 1841- 135минут
    • Танхаузер- 1843-1865- 143минут
    • Лоэнгрин- 1850 онд анх тоглогдсон- 229минут
    • Нибелунгийн бөгж- дөрвөн цуврал дуурь: “Райны алт”, “Валькирия”, “Зигфрид”, “Бурхдын мөхөл”-1848-1874- 15 цаг
    • Тристан Изольда хоёр- 1857-1859- 257минут
    • Нюрембергийн мастер дуучид- 1868 онд анх тоглогдсон- 300минут
    • Парсифал- 1882 онд анх тоглогдсон- 268минут
    • Фауст удиртгал, найрал хөгжмийн зохиол, найрал дуунаад, төгөлдөр хуурын бүтээлүүд зэрэг.

Санал болгох ном:

  • Eva Rieger- Minna and Richard Wagner
  • Chris Walton- Richard Wagner’s Zurich
  • Joachim Köhler- Wagner’s Hitler
  • Anita Lasker-Wallfisch- Ingerit the Truth

Read Full Post »

Older Posts »

Humanitarian Visualisation

Everything disappears-like the rain. Only the photo remains- like the earth.

vipassanamongolia.wordpress.com/

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай. СН.Гоенка

The Eternal Gypsy

I'm a gyspy, are you coming with me?

TSENDPUREV Tsegmid, Ph.D.

Artist & Researcher

LIVE FROM UB

A documentary film about rock and freedom in the new Mongolia

Kush Page

Өөрийгөө олсон "би"-н хэмжээ буюу хөгжмийн тухай бодролууд

%d bloggers like this: