Feeds:
Posts
Comments

Archive for the ‘Мансуурал’ Category

Untitled

/Copyright of @Goodali magazine/

“Пауз ч бас хөгжим” -Л.Насанбат

Цэрэндаваагийн Тэмүүлэн /A-Sound хамтлагийн дуучин, ая зохиогч/

НУУГДААГҮЙ ХӨГЖИМ

Хэдэн жилийн өмнө Hi-Fi 98.9 радиогоор босса нова хэмнэлтэй монгол дууг анх удаагаа сонссон минь А-Sound хамтлагийн “Шал дэмий” байлаа. Дуу цацагдсанаас хойш удалгүй тэдний “Release” цомог хотын залуусын дунд шуугиан дэгдээж, “Зуун наст”-аар удаалан, улмаар кино зохиолч Д.Төрмөнхийн санаачилсан “Цонхон дээр суусан ялаа” консепт цомог рок, psychedelic рок төрлийн дуугаралтыг сонсгож нэн содон үзэгдэл болсон юм. Энэ хугацаанд тэдний хөгжмийг бид ахин дахин амталж, тэр бүрийд дотор минь үүрээ улам баттай зассаар байгаа нь хөгжмийн чанарыг илтгэх хамгийн чухал үзүүлэлтийн нэгээхэн жишээ биз ээ.

“Шал дэмий” дууг бичүүлж байхдаа А-Sound лэйбл хамтлаг байсангүй. Ер нь ч анхлан цомог, бүтээл хийх гэж биш, бааранд хөгжимдөж мөнгө олох зорилготойгоор байгуулагдсан гэх агаад төдөлгүй Hi-Fi лэйблийн захирал Ц.Нацагдоржтой уулзан цомгоо бичүүлэхээр санаа шулуудсан аж…

Энэ бүхний гол эздийн нэг дуучин, ая зохиогч Ц.Тэмүүлэн багаасаа хөгжим сонсож дуулдаг байсан ч олны өмнө гарч чаддаггүй, ичимхий хүүхэд байжээ. Балчир ахуйд нь түүний гэрт Boney M, Queen-н хоёрын хуурцаг байсан бөгөөд рокийн талаар таньж мэдээгүй, өөр урсгалын хөгжмүүдийг сонсож явсан аж. “Queen-н Greatest Hits цомог надад тэмүүлэл, нөлөөг өгсөн байх” хэмээн тэр хуучилсан.

Зуны амралтаараа эмээгийндээ байхдаа нууцаар дуулахад эмээ нь ч бас нууцаар сонсчихдог байсан гэнэ. Аравдугаар анги төгсөх жилээ буюу 2001 онд ангийнхаа хоёр хүүхэдтэй хамт зусланд явжээ. Тэгэхэд Бямбаа гэдэг найз нь гитар тоглоход “гоё хөгжим байна” гэж бодсон нь амьд хөгжмөөр Midnight хамтлаг тоглодог байсан цаг үе. Найзтайгаа хамт гитар худалдаж аваад, интернэтээс таб /гитарын аккордуудын код/ оролдож үзээд, удалгүй АШУҮИС-ийн II, III дамжаандаа буюу 2003 оноос хэдэн нөхдийн хамт гитар тоглож эхэлжээ.

Туурвигч болсон нь түүний хувьд ухамсартай шийдвэр үү, эсвэл хар аяндаа бий болсон амьдралын хэв маяг уу гэдэг нь сонирхлыг минь эрхгүй татав.

“Хөгжимд дургүй хүн гэж үгүй. Тэр үед Keane, Coldplay манайхны дунд түгэн дэлгэрч байсан. Хөгжим цуглуулдаг Анагаахын нэг найзаасаа хөгжмийн цуглуулга хард дискээр авахад дотор нь Radiohead-ийн бараг бүх цомог байж билээ. Үүнээс өмнө би Radiohead-ийн ганц No surprises дууг л сонссон байсан юм. Бусад дууг нь анх сонсчихоод ийм сонин юм байдаг аа гэж гайхаж, бараг юу ч ойлгоогүй. Түүнээс хойш хөгжимд бүр ч гүнзгий татагдаж, 2005 оны үед “1060” хамтлагт хэсэг харьяалагдаж байгаад одоогийн A-Sound-ын бүрэлдэхүүнтэй нэгдсэн. Хар аяндаа гэж хэлэх нь хаашаа юм, ямартаа ч гитар тоглож сурах хүслээсээ болоод амьд хөгжимтэй анх холбогдсон юм уу даа”.

МЕЛОМАН

А-Sound-ын хөгжмүүд, мөн “Цонхон дээр суусан ялаа”-гийн хөгжмүүдэд гадны хөгжмийн нөлөө багагүй анзаарагддаг. Гэлээ ч энэ нь гарцаагүй түүний нэг хэсэг гэлтэй. Туурвигчийн дотроос гарах зүйлс туйлын эмзэг, ямар нэгэн сэжүүр дурсамжаас эхтэй байх нь элбэг. Чухамдаа түүнийгээ эргээд сонсоход өөрийгөө хэрхэн харах, басхүү түүнийгээ бусдад дэлгэнэ гэдэг бэрх…

“Хөгжим зохиох тухай урьд нь ерөөсөө бодож байгаагүй. Одоо бодоход, дотор байсан, эсвэл мартчихсан зүйлсээ санамсаргүйгээр хийж байгаа юм шиг хэрнээ өөрийн маань өнгөрсөн хийгээд одоотой яалт ч үгүй холбогдсон байх юм. Өөрийнхөө доторхыг бусдад гаргана гэдэг үнэндээ тийм ч их хүсээд байх зүйл биш шиг. Сайхан, муухайн аль аль тал үүнд байдаг. Хүнд таалагдахад өөртөө итгэх итгэл гарцаагүй ихэснэ. Гэвч нөгөө талаас, хүн болгон өөрийг тань хараад байхаар цэвэр өөрийнхөөрөө байхад хэцүү. Цаг хугацааны эрхээр үүнд дассаар байгаа. Гэхдээ л хааяа ядаргаатай байдаг…” .

Урлагийг бид гэгээрүүлэхээс гадна хүнийг зовоон шаналгах увдистай байх учиртай гэж үзэж болно. Зарим бүтээл эзнээ удаан зовоож төрдөг бол зарим нь төрөө ч үгүй байхдаа “үхдэг”. Аль бүтээл нь Тэмүүлэнг хамгийн их зовоосон талаар асуухад “Тэр энэ гээд шууд санаанд орж ирэхгүй л байна. Эхэн үеийн дуунуудын нэг Forever их удаж байж бэлэн болсон. А-Sound хамтлагаас бараг хоёр жилийн өмнө зохиогдсон санагдана. Дууных нь дурсамж ч, дуусаад хүмүүсийн чихэнд хүрэх гэж ч зовоосон” гэлээ.

Түүнтэй уулзахаасаа өмнө би гурван цомгийг нь нэгд нэгэнгүй нэгжин сонсов оо. Цаг хугацаа явах тусам түүний анхны үзэл санаа батжив уу, эсвэл цомгууд гарах тусам доторх хүн нь хувьсан өөрчлөгдөө болов уу гэх бодол төрсөн.

Харин Тэмүүлэн “Мэдээж хувь хүн маань өөрчлөгдсөн л дөө. Анх хөгжим хийж эхлэхэд үзэл санаасаад байх сүртэй зүйл байсангүй. Зүгээр л, тухайн үеийн мэдрэмжээрээ л дуу зохиож дуулж байсан. Анх дуугаа зохиоход дууны үг, утга тийм ч чухал байсангүй. Англи хэлээр дуу сонсож байсан уу гэхээс монгол дуунаас хуруу дарам цөөнийг л сонсож байжээ. Тод санаж байгаа нь “Титэм” хамтлаг… Ингэж чагнахдаа үгээс нь илүү аялгуунд нь татагддаг байлаа” гээд үргэлжлүүлэн“Өөрийнхөө дууны үгэнд их ач холбогдол өгөлгүй, ямар нэг утгыг илэрхийлэх ёстой л гэж боддог. Одоо ч гэсэн би ийм юм хэлэх гэсэн гэдгээ сайн мэдэхгүй хэвээр… Харин “Цонхон дээр суусан ялаа” төслийн санаачлагч Төрмөнх ахын сэдэв санаа надад их таалагдсан. Миний бодож, мэдэрч байсантай тухай үе нь ч таарсан. Бодоод байхнээ нууц, мэдэхгүй зүйлд хүмүүс их татагддаг юм болов уу. Би өөрөө ч тийм. Аливаа бүтээлд шингээхийг хүсдэг зүйл маань нууцлаг, ойлгомжгүй мөртлөө ойлгомжтой шинж чанар” гэлээ.

Туурвигчид ганцаараа байхдаа, шөнө, эсвэл нар шингэх цагаар, бүр тамхилах үедээ хөгжим бичмээр санагддаг болов уу гэж би таамаглалаа. Тэгвэл түүний хувьд “Хажууд хүн байвал ая зохиоход хэцүү байдаг. Үдийн үеэр хөгжим бичих санаагаа олоход дөхөм” гэнэ.

Түүнчлэн Тэмүүлэнгийн дотор ямар нэгэн бүтээл амилахдаа эхлээд үг бий болдог уу, эсвэл эгшиг бий болдог болов уу гэдэг нь сонин… “Ихэвчлэн цөөн үгс эхлээд орж ирдэг. Гурваас тав ч юм уу. Ингэхдээ аятайгаа орж ирж, эхний энэ санаа нь дууны үндсэн сэдэв болно. Хааяа авиа дангаар орж ирэх нь бий. Харин “Цонхон дээр суусан ялаа” дээр ажиллахад бэлэн шүлгэн дээр ая зохиосон нь надад өөр мэдрэмж төрүүлсэн”.

Миний хувьд долоо хоног бүр өөрийн хөгжмийн плэйлистийг шинэчилж, ингэхдээ амтыг нь ханатлаа хүртэж, ясыг нь гартал мөлжихийг хичээдэг юм. Хүн бүрийн хөгжимд хандах хандлага, хэрэгцээ, хүсэл харилцан адилгүй. Тэмүүлэнгийн хувьд сонсож байгаа хөгжмүүдээ сүүлийн үед өөрчилсөн эсэхээ тод санахгүй байсан. Тэгээд ч тэр одоо хөгжмийг ухаж сонсох нь багассан гэнэ. Тэрбээр “Шинэ гэхээсээ илүү хуучны дуунуудыг эргэн сонсож байна. Ийм үе хүнд гардаг юм болов уу… Одоо яг юу сонсохоо сайн мэдэхгүй л байна. Эх сурвалж ч дэндүү олон байна” гээд инээвхийлсэн юм.

АБСУРДИЗМ

Урлагийг л үнэн гэж үзээд, түүндээ залбирч хоргодон шашин мэт болгосон хүмүүс олон агаад таашаалын хувьд ч тэр нь тухайн хүнийг оюун сэтгэлийн хувьд дур тавиулж бүрэн чаддаг.

“Анх 102.5 радио, дараа нь 98.9 радиогоор тоглуулж байсан хөгжмүүд одоогийн залуусыг “дур тавиулж” чадсан болов уу гэж боддог. Анх би ч гэсэн тийм хөгжмүүдийг олж сонсоод мэл гайхаж байлаа”…

Хэмжүүр гэдэг зүйл зөвхөн хүний орчлонд л байдаг юм уу. Өөрийгөө авч үлдмээр байхын сацуу бид нийгэмд амьдарч байгаагаа мартаж болохгүй гэх.

“Хүн өөрөө нийгмийн амьтан гэдэг нь нэгэнт тодорхойгоос хойш сүргээрээ амьдарч, аливаа зүйлийн нөлөөнд орохоос өөр арга бидэнд үгүй. Тийм нөлөөнд ордоггүй хүмүүс байдаг л байх. Гэхдээ, арга билгийн ухаанаар аль аль талд нь зохицуулж амьдрахыг би хувьдаа хичээж байгаа…”

Компьютер тоглоомд донтсон анхны ПиСи-чдийн нэг гэж өөрийгөө нэрлэсэн тэрбээр хөгжмөөс гадна биллиард, ширээний теннис, хөлбөмбөгт дуртай. Сүүлд үзсэн кинонуудаас ямархан нэг нь сэтгэлд хоногшсон талаар асуувал “Д.Төрмөнх ахтай цомог дээр ажиллаж байхад А.Тарковскийн кинонуудыг үзэж, үнэхээр өөр гэдгийг нь мэдэрсэн. Ганц ч илүү зураглал байхгүй” гэв.

Дуугаралт гэдэг хөгжмийн хүний чухал үнэмлэх. Тэмүүлэнгийн дуугаралтын цаашдын эрэл хэрхэн үргэлжлэх бол… “Мэдэхгүй байна. Чадвал энэ ондоо А-Sound гурав дахь цомгоо гаргана гэж бодож байгаа. A-Sound-ын дууг ийм тийм гэж хэлэхэд хэцүү санагддаг. Ямар стилиэр хөгжимддөг вэ гэж биднээс асуухад мэдэхгүй л гэдэг. Мэдэхгүй л юм чинь…” гээд инээмсэглэв.

Нэгэн шошгод харьяалагдана гэдэг утгагүй. Амьдрал ч өөрөө абсурд.

Түүнтэй ярьж дуусаад саарал тэнгэртэй сайхан өдөр байсныг хэлэх үү, шуудхан тамхи татангаа бүхнээс алс мэт түүний амьдралд сэм атаархав.

Үгээр хэлж боломгүй, үзгээр бичиж боломгүй зүйл үнэндээ байхгүй гэж би боддог байлаа. Тэгтэл үнэн хэрэгтээ үгийн хийгээд төсөөллийнхөө санд байхгүй, мэдэхгүй зүйлээ оршин байдаггүй гэж хэлэх нь ямар их эндүүрэл болохыг ухаарах шиг.

Хүсэл ихэдвэл нүгэл ихэднэ. Үг олдвол нүгэл бас олдоно…□

Advertisements

Read Full Post »

ITC_Q5D9339org-c.jpg

Ослогоос гаралтай In the Country хамтлаг анх 2011 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Их талын жазз олон улсын V наадмаар монголын үзэгчдэд өөрсдийгөө танилцуулж байлаа. Миний санаж байгаагаар, тэд Норвегийн зөвхөн жаззыг төлөөлж манайд ирсэн гурав дахь хамтлаг нь юм. Гуч гаруй орноор аялж 200 гаруй тоглолт хийсэн бөгөөд очсон газар бүрийнхээ сонсогчдын зүрхэнд өөрийн нутгийн өвөрмөц гойд ургамлын үрийг таригсад бол In the Country-гийнхэн. Тийнхүү үрээ суулгасан хөрснүүдийнх нь нэг би бөгөөд анх амьд хөгжимдөхийг нь сонссоноосоо хойш бүтэн дөрвөн жил хөгжмөөр нь ёстой л цус сэлбэн тэтгэгдэж билээ. Хамгийн сүүлд бичүүлсэн “Наран жаргах, наран мандах” цомгийг нь сонсонгоо Истанбул хотын Бэиоглу дахь Mephisto дэлгүүрт шинэ ном шиншилж явтал Pink Floyd-ийн сүүлийн пянзны доохон талд өнөөх цомог маань үзэгдэхийн төдийд тэднээс ярилцлага авах тухай бодол зурсхийн орж ирсэн юм. Хамтлагийнхантай холбогдоход тэд дуртайяа зөвшөөрсөн бөгөөд цааснаа буусан бүлээн үгсийг нь одоо та амтархан унших гэж байна.

Мартсанаас, тэр жил Улсын филармонид хөгжимдсөн хачин хүйтэн гэмээр хөгжмийг нь ойлгож гарсан хүн тун цөөхөн байсныг би тодхон санаж байна. Ер нь ч ихэнх хүмүүс хүссэнээ сонсохыг л урьтал болгодог шүү дээ. Хүслийг хүчээр бий болгож болох ч биш… Тэр байтугай хүсээгүйгээ ухамсарлах үе ч бидэнд тулгардаг билээ.

Бичсэн шигээ амьдарна гэдэг хэцүү. Хөгжим шигээ амьдарна гэдэг ч бас хэцүү. Тийм хүн ховор. Учир нь, тийм нарийн замаар цөөхөн хүн явдаг. Ямар нэгэн хачиргүйгээр хэлэхэд, энэ хамтлагийг тэдгээр цөөнх”-ийн нэг хэмээн бодном.

 ITC 28.09.12 222.jpeg

In the Country жазз гурвал

Мортен Квенилд /төгөлдөр хуурч/

Рожер Арнтзен /аргил хийлч/

Пол Хаускен /бөмбөрчин/

Зоригтын Энхмөнх. Хамтлагаа In the Country гэж нэрлэсний учир юу вэ. Яг ямар уулзвар гурван хөгжимчний нийлэн нэгдэх шалтгаан болсон бол?

Пол Хаускен. Бид байгальд ойр байж, алхаж, гүйж, загасчилж цагийг өнгөрүүлэх дуртай. Ийнхүү байгалиас өөр өөрийнхөөрөө таашаал авдаг нь хамтлагийн маань нэрэнд тусгалаа олсон юм. Бид гурав Осло хот дахь Норвегийн хөгжмийн академид танилцаж байлаа. Тэгээд 2003 оны зун Рожерын сүүлийн шалгалтан дээр анх удаа гурвалаар хамсран тоглосон. Тэгэхэд л бидний энэ нэгдэлд ямар нэгэн онцгой зүйл байгааг мэдэрсэн дээ. Түүнээс хойш хамтдаа 12 жил, долоон цомгийн ард гарчээ.

З.Э. Хөгжмийн онгодыг тань чухам юу хөглөдөг вэ?

П.Х. Бид маш олон төрлийн хөгжим таашаадаг. Хамтлагийн маань дуугаралт ч үүнтэй холбоотой. In the Country-г яг ийм жанрын хөгжим тоглодог гэж онцлоход бэрх. Жишээ нь, би америкийн фолк, кантри-рок, авант-гарде жаззад дуртай байхад Мортен илүү экспериментал модерн болон попод татагддаг. Харин Рожер гэр бүлээсээ жаззыг өвлөж, биг бэнд, жазз-рок, жазз-комбо урсгалаар хөгжимддөг. Дебюссигээс эхлээд Вилко хүртэлх, бүр тэднээс өмнөх бүхий л цаг үеийн бүх төрлийн гайхамшигт хөгжмийн сонсогчид, бид.

З.Э. Хөгжим таны хувьд яг юу вэ?

П.Х. Хөгжимдөх нь бидний өөрийгөө илэрхийлэх дээд хэлбэр, бусадтай харилцах хэл болдог. Хөгжим сонсож байгаа хүмүүсээс гадна бид өөрсдөө хоорондоо хөгжмөөрөө харилцана. Түүнчлэн хөгжмөөр дамжуулан хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлж, хөгжмөөр дамжуулан өөрчлөлт хийж, дэлхий ертөнцийг илүү дээр болгохыг хүснэ. Хөгжимдөх явцдаа хамгийн жижиг хэсгүүдэд анхаарал хандуулж, бүхнийг бага зэрэг удаашруулах нь бидний үндсэн арга барил.

З.Э. Хөгжим бичихэд хэлбэр хэр чухал вэ?

Рожер Арнтзен. Хөгжмөөр бодсоноо илэрхийлэхэд хэлбэр онцгой чухал. Түгшүүр, чөлөөлөлт хоёрын хослол хөгжмийг хэрхэн ойлгож буйг минь харуулах маш чухал үзүүлэлт болдог. Энэ хоёр үзэгдлийг хэлбэр хийцэд тараан байрлуулах нь бидний хувьд тулгуур баримтлал болдог. Хөгжмөө чөлөөт сэтгэмж рүү урвуулан тоглох боломжтой нөхцөлөөр зохиож найруулах нь бидэнд нэг төрлийн хүчдэл болж өгдөг юм. Зарим хүмүүс бидний авад зохиомжийг /импровизаци/ поп, рок хөгжмөөс олдсон хэлбэр үү, эсвэл бидний дуртай авант-гарде чиглэлийн хөгжмөөс улбаатай юу гэдгийг ялгаж салгадаггүй байж мэднэ. Тэгэхээр, бидний хамаг сонирхол эдгээр хүчин зүйлсийн огтлолцох тэр агшныг ажиглахад л чиглэдэг юм.

ITC_Q5D9422org_c_small

З.Э. Авиа, хэмнэл хоёрын алийг нь дотроо түрүүлж сонсдог вэ?

Р.А. Хэмнэл бидний хөгжимд чухал байр суурьтай ч юун түрүүнд авиа, дуугаралтыг сонсдог. Бид төгөлдөр хуурын гурвал /төгөлдөр хуур, аргил хийл, бөмбөрийн гурвалыг piano trio гэж нэрлэдэг уламжлалтай. З.Э./ хэлбэрийг анхнаасаа сонгосон нь гурвал төрлийн дуугаралтын царааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой минь холбоотой. Зэмсэг тус бүрээр нь авч үзсэн ч акустик дуугаралт талаасаа эдгээр хөгжим хязгаарлагдмал биш. Жазз, поп, рок, электро хөгжмийн уран бүтээлчдээс урам зориг авч, үүн дээрээ дөрөөлөн аль ч төрөл рүү хэлбийж болох дуугаралтын шинэ түвшинг бий болгохоор бид эрэл хайгуул хийж байна. Энэ эрмэлзэл маань биднийг студийн болон амьд тоглолтын дууны гайхалтай инженерүүдтэй уулзуулж, хамтран ажиллах боломжийг олгосон. Бид хөгжмийг төхөөрөмжид захирагддаг зүйл гэж бус, харин хөгжим эхлээд “ирнэ”, түүнд нь төхөөрөмж хэрэглэгддэг гэж ойлгодог. Тиймээс ч хөгжмийнхөө чиглэж буй зүг рүү харж эхэлсэн нь бидний хувьд эртнээс улбаатай.

З.Э. Жазз хөгжимчдийн жинхэнэ мөн чанар тайзан дээр илүүтэй илэрдэг болохоор бичлэгийн үеэр тэр амьд байдал, амин сүнс нь үгүй болчих вий гэж би боддог. Тэгэхээр, жаззыг бичүүлэх нь хэр чухал вэ?

Р.А. Амьд тоглолт, студийн хөгжмийн хооронд тодорхой ялгаа бий. Бид аль нэгийг нь нөгөөгөөс нь илүүд тавилгүй эн тэнцүү хүлээн авахыг хичээдэг. In the Country хамтлаг студийн тав, амьд тоглолтын хоёр цомог бичүүлсэн л дээ. Тэгэхэд амьд тоглолтуудын бичлэгийн дараагийн шатны ажиллагаа буюу микс, мастерин ажилбарууд илүү хүнд байсан. Ялангуяа “Шуугиан ба орон” цомгийн хувьд. Амьд тоглолтын бичлэгт мэдээж дунд зэргийн чадвараар хөгжимдөхгүй. Амьд уур амьсгалд хөтлөгдөх олон хүчин зүйл бий. Бид амьдаар хөгжимдөхүйн энергид анхаарал хандуулж, дуугаралтын чанар, бичлэгийн техникийн асуудлууд дээр үзэгчдийн урмыг хугарахааргүй хэмжээнд ажиллахыг зорино. Харин студийн бичлэгийн сайн тал нь гэвэл зоргоороо бичүүлж болдог. Нэмэлт хөгжмийн зэмсэг хэрэг болбол нэмчихнэ, давхарлаж бичвэл давхарлачихна. Төгөлдөр хуурын гурвал гэхээр л заавал анхны хувилбараар үлдэх албагүй шүү дээ. Бид бичлэг хийлгэх дуртай. Гэхдээ амьд тоглолтод үүнээс ч илүү дуртай.

З.Э. Норвегийн хөгжим, кино өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Тэр өвөрмөц байдлыг танай орны байгалийн цогц үзэсгэлэн бий болгодог гэж ойлговол зөв үү?

Мортен Квенилд. Дээр хэлсэнчлэн, бид хөдөө нутгийн онгон зэрлэг байдалд асар ихээр татагддаг. Ан авлах, загасчлах, каяак завиар явах, ууланд алхах гээд аль болох байгальд ойр байхыг хичээнэ. Бид байгалийг амрах орчин, онгод төрүүлэх газар гэж хардаг. Энэ нь ч бидний аялан тоглолт, зав чөлөөгүй аж амьдралд үнэхээр хэрэгтэй. Учир нь, байгальтай харилцах харилцаа маань бидний хөгжимд цус сэлбэдэг юм. Хөгжим бидний нэгээхэн хэсэг учраас маш олон жижиг махбодоор дамжин хайр, бас эргээд байгальд хэрэгтэй зүйлс ундран гарч байдаг гэж боддог. Түүнчлэн, Норвегийн газар зүй болон хүн ам зүйн нөхцөл байдал, соёл зэрэг нь бидний хувьд үнэн байдлаараа орших, өөртөө итгэлтэй байхад чухал нөлөө үзүүлдэг. Нөгөөтээгүүр, хэдхэн бээрийн зайд хөрш улстай хиллэж буй нь өөрсдөдөө санаа тавьж, бие даан шийдвэр гаргаж байхыг биднээс шаарддаг юм. Энэхүү норвеги хандлага, оюун сэтгэлгээ магадгүй урлагт ч илрэн гардаг байх.

З.Э. Хамгийн сүүлийн цомгоо та бүхэн урьдчилан төсөөлж байсан шигээ хийж чадсан уу?

М.К. “Наран жаргах, наран мандах” цомгийнхоо ажлыг ерөөсөө ямар ч төлөвлөгөөгүйгээр эхэлсэн л дээ. Би зүгээр л хэдэн дуу бичиж, хамтдаа сургуулилж, тайзан дээр хөгжимдсөн. АНУ-д аялан тоглох тов гарахад, аялан тоглолтын үеэр гурван өдөр чөлөөтэй байх нь тодорхой болсон. Ингээд л бид завтай өдрүүдээ ашиглан бичлэг хийлгэхээр шийдсэн юм. Тэгээд бичлэг хийлгэх студи хайж, эцэст нь Лос-Анжелос дахь домогт Sunset Sound студид цомгоо бичүүллээ. Акустик хөгжмийн 70 жилийн туршлагатай, сүүлийн 60 жилийн турш тоноглогдсон дээд зэргийн төхөөрөмж, хэрэгслүүдтэй учир уг студи үнэхээр төгс байсан. Хөгжимтэй холбоотой бүхий л ажлыг Раян Фрийланд зохицуулж, аналог хөдөлгүүр нь ч дуугаралт руу сайн хөрвөсөн байсан.

ITC_Q5D9384org.jpg

З.Э. Танай хамтлагийн үндсэн шинжүүдийн нэг бол меланхолик маягийн дүнсгэр оршихуй. Цомгийн эхний бүтээлүүд удаан хэмнэлтэй байдаг нь сонсогчдыг эхлээд бодлогошроход хүргэдэг мэт. Ийм байдал ялангуяа сүүлийн хоёр цомгоос тань анзаарагдсан. Үүний дараагаар хурдавтар хэмнэлтэй хөгжмүүд орж ирж сонсогчийг сэрээдэг. In the Country хөгжим бүтээж буйн зорилго юу вэ?

М.К. Бид хөгжмийг ертөнц дээр бусдаас өөр өнцгөөр харж буйгаа илэрхийлэх, өөрөөрөө байх, энгийн хэлээр бичиж хэлж чадамгүй түүхүүдийг хуваалцахыг хүсдэг. Бид хөгжмөө өдөр тутмын амьдралаас зугтан хоргодох газар байгаасай гэж боддог. Тиймээс ч, үе үе удаанаар хөгжимдөж, сонсогчоо удаан хөдлөх боломжит нөхцөл байдалд хүргэж өгөхийг хичээнэ. Яг л хөгжимд ховсдуулж буйтай адил. Хэрэв сонсогчид маань цаг хугацаа, орон зайг мартаж чадаж байвал энэ бидний амжилт.

З.Э. Цахилгаан хөгжмийн дуугаралт өдгөө дэлхий даяар хамгийн хурдацтай тархаж буй түлхүүр дуугаралтуудын нэг болж байна. Энэ нь танай хөгжимд хэр чухал байр суурь эзэлдэг вэ?

М.К. Цахилгаан хөгжим бидний хөгжимд нэн чухал байр суурьтай. Ийм хөгжмийн дуугаралт, бичлэгийн техникүүдийг ашиглах нь бид өөрсдийн түүхийг илүү олон өнгөөр хүргэж байна гэсэн үг. Жишээ нь, электро дуугаралт бидний хөгжимд ихэнхдээ зөрчилдөөн, аюулыг дүрсэлдэг. Акустик дуугаралтын өөрийн нь багана хамгийн эгэл бөгөөд үзэсгэлэнтэй байдаг бол эсэргүүцэл, булай муухайн тунг зөв тааруулж сонсгоход цахилгаан дуугаралтууд тусалдаг. Байнга тэнцвэртэй байх нь зүйн хэрэг шүү дээ.

З.Э. Та бүхэн ямар давтамжтай өөрчлөгддөг вэ. Авах гээхийн ухаанд хэрхэн ханддаг вэ?

М.К. Ойр ч биш, хол ч биш давтамжтай. Энэ бол цаг хугацааны хүчээр бий болсон тогтмол хувьсах хүүрнэл юм даа. Түүний үрээр цаг тутамд бидэнд хэрэгтэй байгаа сонголтыг бий болгож, тэр нь ямх ямхаар хэмжигдэх бидний бие сэтгэл, оюун бодлыг зөв тийш залахад тусалдаг. Би л лав хувьдаа авах гээхийн аль алинаас айдаггүй. Учир нь, биднийг амьд байлгахын тулд байнгын өөрчлөлтүүдэд хөгжим өөрөө дууддаг юм.

/Гоодаль сэтгүүлд нийтлэв./

Read Full Post »

 

 NataliaMateo1

Наталия Матео /дуучин, ая зохиогч/

ACT лэйбл польш гаралтай цоо шинэ уран бүтээлчийг нэрлэж байна. Түүний хөгжмийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Jazzahead!2015 наадмын үеэр ойроос чагнаж, танилцах боломж олдсон юм.

Матеогийн хөгжим бол нарийн бүрээ, төгөлдөр хуур, аргил гитар, бөмбөр, гитар зэрэг зэмсгээс бусдыг хэрэглээгүй минимал төрлийнх. Хэдийгээр олон зэмсэг харагдавч тэд бүгд эмх замбараатай дуулдана. Эмх замбараа гэхээс илүү өөрийн үзэл санааг цэврээр илэрхийлэхийн тулд зөв цагт зөв хөгжмөө дуугаргасан гэе.

Heart of Darkness цомог бол харанхуйг номлогч. Түүний бүтээлүүд Сара Бласко шиг фолк биш, Кэти Мэлуа шиг гэгээтэй биш, Daughter-ийн ой шугуйн харанхуйгаас илүү байшингийн өрөөн доторх харанхуйг дүрсэлнэ. Түүний дүрслэх харанхуй бол ганцаар, ганц өрөөн дотор хана, шал, таазнаас өөр зүйл үгүй атлаа гүнзгий уянгалуун, гунигтаа гутраагүй, харин ч тодорхой бодол баримтуудаар дүүрэн. Нэг ширхэг нарийн бүрээ тас харанхуй өрөөнд зүсэх ганц зурвас гэрлийг тусгаж, цуурай нь уул хаднаа биш өрөөний булан тохойд хүрээд буцна… Түүний хөгжим шивнэхгүй өгүүлж, хашхирахгүй ёгтлохдоо үзэл санаагаа тулгахгүй.

Ийнхүү харанхуйн талаарх өөр өнцгийг түүний шинэхэн цомгоос олж харав. Харанхуйг хэр зэрэг ухаарч чадсан нь гэрлийг төдий чинээ ухаарна…

 

Зоригтын Энхмөнх. Хөгжим таны хувьд хэзээнээс чухал болов оо?

Наталия Матео. Гэр бүл ба орчин хэн хүнд чухал нөлөөтэй. Аав маань сонгодог, жаззын пянзны тоймгүй их цуглуулгатай байлаа. Хөгжмийн үр, түүнд өгсөн хайр хоёр хэзээ нэгэн цагт миний дотор үрээ суулгасан байх. Хамгийн сайн санаж байгаа хоёр дурсамжаа яръя л даа.

Би Варшав хотод төрж, дөрвөн нас хүртлээ тэнд байсан. Нэг орой унтахаар хэвтэж байтал нөгөө өрөөнөөс сонсогдсон төгөлдөр хуурын аялгууг би тодхон санаж байна. Аав маань ямар нэгэн сонгодог хөгжим тоглосон нь тэр. Тэр чимээ намайг хэзээ ч зогсомгүй тавгүйрхэл, зовнил, меланхоли байдалд оруулж, чухамдаа тэр нь надад бодол төрүүлж, тэгэхдээ ямар нэгэн тодорхой бус хүсэл төрөхөд хүргэсэн нь өнөөг хүртэл намайг хөтөлсөн гүнзгий сэтгэл хөдлөл байсан.

Үгээр хэлж болохуйц өөр нэг дурсамж минь гэвэл, европын “The Final Countdown” хамтлаг надад мэдэгдэхүйц нөлөөлсөн. Тэр үед би бас л дөрөвтэй, манай гэрийнхэн Австри руу нүүсэн нь надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж билээ.

 

З.Э. Таны хөгжмүүд хувийн шинж чанартай нандин зүйл болох нь илхэн байна. Танаас гадна хамтлагийн тань үндсэн хөгжмийн найруулагч хэн бэ. Хэрхэн та бүхэн хамтарч дуугаа сонгож, найруулж, нэгэн цул болдог нь сонирхол татаж байна…?

Н.М. Голлох санаанууд надаас төрдөг, хэдий тийм ч хамтлагийнхны маань хөгжимдөж буй нь гарцаагүй шийдвэрлэх нөлөөтэй агаад юугаар ч орлуулшгүй хэсэг юм. Хөгжмийн үлэмж хэсэг нь бэлтгэлийн үеэс төрнө. Импровизациуд заримдаа бүр шинэ дуунуудын найруулга болох нь ч бий. Тухайлбал “Харанхуйн зүрх” цомгийн заримынх нь үгийг би бичиж, гурван дууны найруулгыг гурван хөгжимчин маань тус тусдаа дангаар найруулж, үлдсэнийг нь бид хамтраад найруулсан. Зарим найруулга дээр бид шинэлэг байдлыг нь хадгалахын тулд их цаг зарцуулж, харин заримдаа уйдахгүйн тулд шинэ түүхий эдийг эрэлхийлж байх жишээтэй.

З.Э. Жанрын хувьд жазз, технологийн хувьд дууны эффектүүд таныг илэрхийлэхэд яаж нөлөөлж байна вэ?

Н.М. Магадгүй та жазз дэвсгэрүүдээр минь мөшгөн бидний хөгжмийн стиль, чадваруудыг хайж болох юм. Гэвч эцэстээ жазз чухам юу юм бэ? Түүхийн талаар та яримаар байгаа юм уу? Миний хувьд энэ бол дуугаралтын гоо зүй. Энэ хөгжимд заримдаа харш дуугаралт /диссонанс/, лаадуудаас илүү диатоник бус ноотуудыг сонгох хэрэгтэй болдог. Үүнээс гадна надад рок, инди, алтернативын бохир байдлууд, ялангуяа Том Вэйтсийн хөгжмүүд их таалагддаг. Ингээд харвал тодорхой жанруудаар өөрийгөө илэрхийлэхэд минь тэдгээр сайхан элементүүд тусалдаг.

З.Э. Сонсох дуртай хөгжмүүдээсээ нэрлэнэ үү…?

Н.М. Хоёрыг нь дээр дурдчихлаа. Уламжлалт жаззаас Колтрэйн, Вэйн Шортер, Арт Блейкий, Лий Морган, Майлс Дэвис нарын “яаж?” нь “юу?”-гаас илүү чухал болохыг бидэнд ойлгуулсан явдал. Мөн мэдээж орчин цагийн Нью-Йоркийн жазз хөгжимчид. Өө тийм, би Амросэ Акинмузирт хайртай. Германд амьдардаг болохоор Мангелсдорф, Бротзманн /чөлөөт жазз/, за тэгээд польш хүний хувьд Станкос, Урбаниакс, Намисловскис, Дудзиакс зэрэг олон сайхан уран бүтээлч бий. Дуучдаас гэвэл Жефф Баклиес, Жил Скот Херонс, Абида Парвиинс, Тео Блэкмэнс, Гречэн Парлатос, Мэрэдит Монкс, Сидсэл Эндресэнс, Медерик Колигнонс, Симин Тандерс нарыг нэрлэж болно. Сонгодог хөгжмөөс И.С.Бах, М.Равель, К.Дебюссийн хөгжмүүд.

З.Э. Тайзан дээр нэг дууг дахин давтан дуулах бүртээ та дуугаа яаж амьд байлгадаг вэ?

Н.М. Энэ бол миний сонгосон мэргэжлийн хамгийн чухал хийгээд хамгийн хэцүү тал нь болов уу. Өөрийн хүч энергийг тодорхой цагт, тодорхой газар бэлэн байдалд байлгах ёстой бөгөөд өөртэйгөө, өөрийн сүнс сэтгэлтэй холбогдож, тэгсэн хэрнээ сэтгэл хөдлөлийг “дахин бүтээж”, яг л хамгаалалтгүй эсвэл хорионд байсан мэт сэтгэл хөдлөлүүдтэй дахин холбогдож, түүний хүчийг ашиглана. Жинхэнэ сэтгэл хөдлөл “хүссэн” сэтгэл хөдлөлөөс минь хүчтэй байдаг. Тэгээд үнэндээ “хүссэн” сэтгэл хөдлөл гэж байддаггүйг ойлгосон.

З.Э. Та хэнд зориулж дуулдаг юм бэ?

Н.М. Хүмүүсийн зүрх сэтгэлд. Сонсдог, сонсохыг хүссэн зүрх сэтгэлд зориулж шүү дээ. Заримдаа зөвхөн тодорхой сэтгэлүүдийг тусгаар байдлаар хөдөлгөсөн хөгжим гэж бий. Хөдөлсөн зүрх сэтгэлүүд эргээд намайг гүн хөдлөлд хүргэх нь бий.

З.Э. Таны хувьд хайр гэж юу вэ?

Н.М. Хайр минийхээр бол жаахан хүүхэд байхдаа мэдэрсэн, өсч торнихдоо мартдаг, хамгийн гүнд шигдээстэй байж болох, бусад хүмүүст хэрэгтэй, үүний хажуугаар эрх чөлөөтэй, тусгаар, ертөнцийн талаар шударгаар сонирхдог зүйл.

З.Э. Та славьян хэлээр дуулдаг. Эх хэлнийхээ талаарх бодлоо хуваалцана уу. Ойрын болон хэтийн төлөв тань юу байна?

Н.М. Одоо эргээд сонсохоор /Германд амьдарч байгаа учир ингэж хэлэв бололтой/ миний явсан замуудыг санагдуулдаг. Энэ хэл надад хөгжим доторх эрс өөр авиа, хөгжим, аялгуу, хэмнэлийг нээж өгсөн.

Одоо би Оснабрүкэд суурьшиж байна. Ирэх жилийн хоёрдугаар сард сургуулиа төгстөлөө эндээ амьдарна. Дараа нь хааш зүглэхээ үнэндээ мэдэхгүй байгаа. Магадгүй миний хайр хаана байгаагаас, хамтлаг маань хаана байгаагаас шалтгаалах байх. Эсвэл сэтгэл минь Польш руу татагдах ч юм бил үү…□

Read Full Post »

Humanitarian Visualisation

Everything disappears-like the rain. Only the photo remains- like the earth.

vipassanamongolia.wordpress.com/

Хамаг амьтан аз жаргалтай, амар амгалан болж зовлонгоос гэтлэх болтугай. СН.Гоенка

The Eternal Gypsy

I'm a gyspy, are you coming with me?

TSENDPUREV Tsegmid, Ph.D.

Artist & Researcher

LIVE FROM UB

A documentary film about rock and freedom in the new Mongolia

Kush Page

Өөрийгөө олсон "би"-н хэмжээ буюу хөгжмийн тухай бодролууд

%d bloggers like this: